Хонь хулгайлбал хоёр жил, Iphone гар утас хулгайлбал долоо хоног хорьдог гэж байгаа. 60 мянган төгрөг хулгайлсан хүү 10 жилийн хорих ял аваад ачигдаж л байсан шүү дээ. Гэтэл яав? Сумъяабазар Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис банкинд хувьцаа эзэмшдэг, үүсгэн байгуулагчдынх нь дунд ч нэр нь цохиж л явдаг. Энэ банкууд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Эрдэнэс Таван толгой зэрэг төрийн мэдлийн нийт 200 шахам тэрбум төгрөгийг хадгалж байршуулсан нэртэй залгичихаад, одоо тэр мөнгөөрөө Хаанбанкыг худалдан авч байна. Улсын эзэн энэ өдрүүдэд чимээгүйхэн төрж байна. Улс төрийн намуудын гишүүнчлэл яаж ч өсгөж тоолоод 50-300 мянга л байдаг. Иргэний хөдөлгөөнүүдийнх их бодоод 300-1200 гишүүнээс хэтэрдэггүй. Гэтэл 3.4 сая монголчуудын 2.7 сая нь Хаанбанкинд данстай, хадгаламж эзэмшигч, харилцагч, зээлдэгч гээд өдөр тутмын харилцаатай. Энэ хүмүүс Хаанбанкны 20 хувьд эзэн болох боломжтой байлаа. Хаанбанк өнгөрсөн жилийн сүүлээс эхлэн бэлтгэлээ базааж, зургаан сарын өмнө Би Ди Сек хэмээх брокерын компаниар дамжуулан хувьцаагаа олон нийтэд арилжаалахаар сонгон шалгаруулсан. Гэвч монголчуудын банкиндаа эзэн болох эрхийг сэмхэн хазаарлан барьсаар, ноён Савадаг ноцож, Монголбанкны Лхагвасүрэнг арын өрөөнд нь амбаардсаар байгаад Хаанбанкны дийлэнх хувийг Сумъяабазар хууль зөрчин худалдан авч байгаа тухай бүгд шивнэлдэх боллоо. Улсын шинэ эзэн төрж байгаа тул чанга хэлэх хориотой юм байх. Сахал Эрдэнэбилэг үүнд оролцсон уу, эсвэл овоо болж шаазгай суулгасан уу гэдгийг гагцхүү өөрөө л хэлэх биз. Ямар ч тохиолдолд Хаанбанкийг худалдан авч байгаа хүн 300 сая долларын орлогоо ил тод тайлагнах ёстой. Ямар гаралтай, хэний мөнгө юм? Иргэдийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын мөнгө үүнд оролцсон уу, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан уу? Иргэдээс хулгайлсан мөнгөөрөө ингээд банк цохин унагааж байгаа бол, энэ эрхийг нь МАН-ын эрх баригчид хангаж өгсөн бол Монгол Улс аль эрт хаалттай хойд Солонгос болжээ гэсэн үг. Манай улсын шинэ эзэн Женкогийн дэргэд, Уул уурхайн сайд байх үеэсээ Тавантолгойн мөнгийг зөөж өндийсөн. УИХ-д нэр дэвшин гараад гэнэт хөрвөж, нийслэлийн мээрээр ажиллана гэж дөрвөн мөчөө саван тийчлээд санасандаа хүрсэн. Зүй нь Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн хэдэн тэрбумын зардал энэ хүнээс гарах ёстой байсан гэж би хувьдаа боддог. Дүү Аса Дагвадорж нь Улсын циркийг менежмэнтийн хувьчлал нэрээр 300 саяар аваад нураан ачуулж байгаа. Сумъяабазар аль эрт Ундармаа болж хувираад, улсын даатгалын сангуудын мөнгийг төлөхгүй гурван жил болж байгаа боловч одоо банкийг банкаар цохин унагаах боловсон хулгай хийгээд, төрийн индэр дээрээс “Би бол Сумъяабазар” гэж мэдэгдээд сууж байна. Энэ нь яг ” Олон юм яриад байвал овоодож байгаад ална шүү” гэдэгтэй адил сонсогдож байна. Хонь хулгайлсан хүн хоёр жилийн ял авч байхад хотыг улстай нь, улсыг даатгалтай нь, банкийг 2.7 сая харилцагчтай нь хулгайн замаар чихдэж чирээд явж байгаа Сумъяабазар ямба эдлээд байж байна даа. Хулгайчийн өмнөөс харж байгаад хулгайч гээд хэлчихэж чадахгүй байгаа төрийн эрх мэдэлтнүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд нар бүгд энэ хүнээс хувь хүртсэн үү, хувааж идсэн үү? Эсвэл үзээгүй, хараагүй царайлах үүрэг хүлээсэн үү? Үүнийг чинь л нөгөө учир мэдэх хүмүүсийн үе үе сануулаад байгаа дабль стандарт, кастын систем гээд байгаа юм даа. Хаанбанк 2.7 сая харилцагчтай, улс даяар 570 салбартай, дараагийн удаа энэ хүн ганцхан давираад, зээлийн хүүг 0.0001 хувь буулгалаа гээд ярвайсхийж байгаад дуугарахад л улсаараа Сумкагийн өмнө сум залгисан юм шиг бөхөлзөнө дөө.
Нийтлэлч Р.Эмүжин
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.