-“Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аян эхэллээ-
“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм.
Нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхөд эрсдлийн үнэлгээ хийхэд эрсдэлт бүлэгт 63.620 өрх багтжээ. Тэгвэл эдгээр өрхийг хэрхэн аюулгүй өвөлжүүлэх вэ гэсэн асуудал зүй ёсоор тулгарч байна. Мөн сайжруулсан түлшний цогц хэрэглээг улам боловсронгуй болгох тал дээр ийнхүү анхаарч гурван сарын турш холбогдох албадаас аян зарлаж буй юм. Энэ удаагийн аяны богцыг “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвд “задалж”, угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй өрхүүдийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, тус төвөөс 24 цагийн турш хянаж байгааг мэдээллээ. Өөрөөр хэлбэл, энэхүү эрсдэлт бүлэгт ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаасан байна.
Тэгэхээр тус төвийн нэг ээлжинд 10 хяналтын ажилтан ажиллаж, эрсдэлт өрхүүдэд угаар алдагдахад цаг алдалгүй арга хэмжээ авахад чиглэгджээ. Нэг үгээр тухайн айлд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. Хэрэв эрсдлийн дохио бага байгаа тохиолдолд тухайн өрх рүү утасдаж цонх, хаалгаа нээж агаар оруулах сануулга, сэрэмжлүүлэг өгнө. Улмаар аюултай түвшинд анхааруулга ирвэл хяналтын ажилчид тухайн айлд богино хугацаанд очиж, холбогдох арга хэмжээг авах аж.
Энэ жил агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилт баримтлан ажиллаж байгаа талаар БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уранчимэг мэдээллийн эхэнд онцлов.
Тэрбээр “Агаарын бохирдлыг 80 хувиар буураалах зорилтыг хангахын тулд нийслэлийн зүүн бүс Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, гэр хорооллын өрхийг түлшээр хангаж эхлээд байна.
Өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аяны хүрээнд 4000 гаруй мэргэжилтэн ажиллаж, хэрэглэгчдэд сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдлэг, мэдээлэл олгож, янданг хөөлж, пийшинг засварласан. Үүний үр дүнд зөв хэрэглээг хэвшүүлж чадсан гэж үзэж байгаа.
Гурван сарын хугацаанд үргэлжлэх “Утаагүй, угааргүй, ухааглаг хэрэглэе” аяны гол зорилго нь гэр хорооллын айл өрхийн өвлийн бэлтгэлийг эртнээс хангах, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх, хэрхэн дуудлага өгөх үү, иргэд хэрхэн аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө хангах тал дээр мэдлэг мэдээллийг олгоно” гэлээ.
Энд зүйлийг онцлоход, өнгөрсөн жил Засгийн газраас сайжруулсан түлшний үнийн дүнг 75 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор 708.000 тонн түлшний 504.000 тонныг нь 75 хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр худалджээ. Харин энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан борлуулж байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд 2017-2021 онд 2100 халаалтын зуухыг цахилгаанд бүрэн шилжүүлжээ.
Тэгэхээр өнгөрөгч гурван жилийн хугацаанд айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан сайхан мэдээтэй ирэх өвөлтэй золгож буй юм. Учир нь өнгөрсөн жил “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж, 147.000 дуудлага хүлээн авч 17.000 гаруй өрхийн янданг хөөлж, 12.000 гаруй өрхийн пийшинг шинэчилж, засварлажээ. Мөн угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын өрхүүдэд үнэгүй тараасан. Үүний үр дүнд, 2019-2020 оны галлагааны улиралд 900 гаруй өрхийн 2970 хүн, 2020-2021 оны галлагааны улиралд 350 гаруй өрхийн 786 хүн, 2021 оны 9 сарын байдлаар 20 гаруй өрхийн 44 хүн угаарт өртсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Харин он гарсаар нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас иржээ. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлэх гэх мэт шалтгаанаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Мөн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгардгийг албаныхан тодруулж байна.
Тиймээс сайжруулсан түлш хэрэглэдэг иргэн бүрийг тус аянд идэвхтэй оролцон хамтран ажиллаж, иргэнийхээ үүргийг биелүүлэн өөрийн болон гэр бүлийнхээ гишүүн бүрийн эрүүл мэндийг хамгаалж, эрсдэлээс сэргийлэхийг холбогдох албадаас уриалж буй юм.
Түүнчлэн аяны хүрээнд гэр хорооллын айл бүрийг яндангаа хөөлөх, зөв галлах, угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг шалгахтай холбоотой зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллах юм. Мөн зорилтот бүлгийн айл өрхүүдийн янданг хөөлөх, засвар үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх аж. Энэ хүрээнд өнөөдөр тус аяны нээлтийн үеэр монгол инженерүүдийн зохион бүтээсэн үнс ялган ангилах болон автомат яндан хөөлөх технологийг танилцууллаа.
Мөн аяны нээлтийн үеэр мэргэжилтнүүдийн зүгээс аюулгүйн амьдралын баталгаа болсон угаарын хий мэдрэгчийн талаар зарим зүйлийг онцолж байсан юм. Тодруулбал, өмнөх жилүүдэд сайжруулсан түлш хэрэглэхтэй холбоотой гэр хорооллын өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийг үнэ төлбөргүй олгосон. Гэвч өрх бүрт олгосон угаарын хийн мэдрэгчийг энэ жил шалгахад, ихэнх тохиолдолд зай нь дууссан байжээ. Иймээс баттерейг сольж, байнгын ажиллагаатай байлгах зааварчилгааг өгч буй юм. Мөн угаарын хий мэдрэгчийг эвдсэн тохиолдол цөөнгүй гарчээ. Иймээс улсаас нэг удаад үнэ төлбөргүй олгосон. Харин одоо зах зээл дээрх үнээр нь худалдан авч өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах шаардлага тавьж буй. Угаарын хийн мэдрэгч 15.000-35.000 төгрөг худалдаалагддаг байна. Иймээс уншигч таны болон хайртай дотны чинь хүний амь нас, эрүүл мэнд 35.000 төгрөгөөс үнэтэй юу, үгүй юу гэдгийг ухамсарлах шаардлага үүсч байгаа юм.
Нээлтийн үеэр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд нийтдээ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл 708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байна” гэлээ.
Энэ жилээс сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах дадлыг иргэдэд суулгаж, дахин боловсруулан эхэлж буй юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун мэдээллээ.
Тэрбээр “2020 оноос эхлэн УБЗАА-наас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалсан. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ч гарч байж. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болсон. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэлээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.