Тодруулбал, эдгээр шөвгөрсөн 16 бөхөөс дөрвийнх нь допингийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлэл гарсан. Үүнд, Улсын харцага Б.Бат-Орших, Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээнүүдийг хүлээн зөвшөөрчээ. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүлээн зөвшөөрсөн бол Б.Бат-Орших албан бичгээр илэрхийлжээ. Ингэснээр Б сорьцыг хийлгэх шаардлагагүй болж байгаа юм.
Энэ үеэр албаны хүмүүс дараах мэдээллийг өглөө.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж “Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсний их баяр наадмын талаарх зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар судалж байна. Хууль тогтоомжийг давсан актууд мөн байна. Ирэх 7 хоногт Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаарх хэлэлцүүлгийг Шадар сайдын ивээл дор зохион байгуулна. Цаашид эдгээрийг мэргэжлийн спорт гэж үзэх үү эсвэл үндэсний баяр гэх үү гэдгийг тодорхойлно” гэлээ.
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ахлах мэргэжилтэн Д.Энхсанаа “Дэлхийн допингийн эсрэг хууль гэж буй. Энэ хуулийн 21.3 дугаар зүйлд “Тамирчин хүн өөрийн идэж, уусан болон хэрэглэсэн бүх зүйлийнхээ хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. Тиймээс тухайн тамирчны хоол хүнсэнд эм хольсон гэх асуудлыг авч хэлэлцэх шаардлага байхгүй.
Энэ хуулийн 2.1 зүйлд “Тамирчин хүний шинжилгээнд хориотой бодис болон бодисын солилцооны маркер илэрсэн тохиолдолд допингийн зөрчил гэж авч үздэг. Энэ зөрчлийг санаатай болон санамсаргүй тамирчны биед орсон эсэхийг заавал тодруулах шаардлага байхгүй гэж тусгасан байдаг. Бидний зүгээс тамирчдад байнгын сургалт сурталчилгааг хийдэг. Жил бүр Дэлхийн допингийн эсрэг газраас гаргасан хориотой жагсаалтыг орчуулж, хэвлэмэл байдлаар тараадаг. Хөл хорионы үеэр цахим хуудсаар дамжуулан мэдээллийг хүргэж, хэлэлцүүлэг хийсэн. Бөхчүүдийн дунд сургалт зохион байгуулахад биеэр оролцох байдал хойрго байсан” хэмээн тодруулав.