Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” роман УДЭТ-ын тайзнаа анх удаа тоглогдох гэж байна. Жүжгийн нээлт ирэх аравдугаар сарын 1-нд болно.
“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг олгосон билээ. Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Т.Ганхуяг зураачаар ажилласан байна.
Харин гол дүрд буюу Анна Каренинад Н.Баярмаа, түүний нөхөр нөхөр Алексей Каренинд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин Д.Баттөмөр, Облонскийд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин М.Түвшинхүү нар тоглох юм байна.
Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар нарын зэрэг 20 орчим уран бүтээлч хамтран ажиллажээ.
Жүжгийн зохиолд нөхөрт гарсан язгууртан авхай Анна залуухан офицер Алексей Вронскийд хайр сэтгэлтэй болж, үүнээсээ болж Санкт-Петербургийн ихэс дээдсийн хүрээллийн дарамтад өртөж, улмаар хайр сэтгэлийнхээ төлөө хамтдаа Итали руу зугтдаг. Орос руу буцаж ирэхэд тэдний хамтын амьдрал төгсгөл болохоос аргагүй байдалд хүрдэг тухай өгүүлдэг билээ. “Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог бөгөөд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл, гэр бүл, хосуудын харилцааг өгүүлдэг.
Дашрамд танилцуулахад, тасалбарын үнэ 20.000-100.000 төгрөг
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.