“Пүүз” будах урлагийн талаар М.Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр багаасаа зураг зурах сонирхолтой байжээ. Тиймээс МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Компьютер график дизайны ангид элсэж, өнгөрсөн онд төгсчээ. Ингээд уншигч Таныг өвөрмөц хобитой нэгэн эрхмийн дотоод ертөнцөөр аялахыг урьж байна.
-Таныг манайд түгээмэл биш мөртлөө өвөрмөц хоббитой гэж сонссон. Энэ талаар ярилцаж эхлэе. Хэзээнээс пүүз будаж эхлэв?
-“Монгол сникер толгойтнууд” нэртэй клуб пүүз будах урсгалыг Монголд анх оруулж ирсэн гэдэг. Би энэ клубт 2012 онд нэгдсэнийхээ дараа пүүзийг будаж болдгийг анх мэдсэн. Түүнээс хойш пүүз будах тухай бодол санаанаас ер гараагүй. Ингээд л мөрөөдлийнхөө дагуу өөрийн ур ухаанаа шингээсэн, дахин давтагдашгүй, цорын ганц зүйл хийхийг зорьсон. Олон жил мөрөөдсөн зүйлээ биелүүлэхийн тулд хамгийн анх Nike-ийн Air Max гэдэг сувдан цагаан өнгөтэй пүүз худалдаж авсан юм. Өөрийн төсөөлсөн өнгө дизайныг шингээсэн, мөрөөдөж байсан хэв маягаа оруулахыг хичээж будсан. Мэдээж анх удаа хийж байгаа учраас амжилтгүй болох вий, пүүзээ муухай болгочих вий гэж айж байсан. Жаахан царай муутай ч чадсан. Харин одоо тэр пүүзээ харахаар үнэхээр түүхий санагддаг.
-Анхны пүүзээ будаж байхдаа яг юу мэдэрсэн бэ?
-Тухайн үед жаахан хүүхэд байсан болохоор “Би ингээд будчихлаа гэж үү” гээд өөртөө итгээгүй. Маш их баярласан. Мөрөөдлийнхөө ард гарсан болохоор сэтгэл ханамж 100 хувь байсан.
-Анхны пүүзэн дээрээ юу зурсан бэ?
-Би будаж байгаа зүйлээрээ өөрийн үзэл бодлыг илэрхийлдэг. Монголд пүүзийг хамгийн анх будаж байгаа гэдэг утгаараа Монгол үндэсний хэв маяг болох хээ, угалзыг түлхүү оруулж өгсөн. Мөн төрийн далбааны цэнхэр, улаан, алтан шаргал өнгийг бэлгэдэн өөрийн хэмжээнд гоё дизайн гаргаж будсан. Тэр үед найзууд болон ойр дотнын хүмүүс маш их урмын үг хэлж байсан.
-Пүүзийг өнгөнд оруулж будах нэг өөр. Гэтэл та пүүзэн дээр зураг зурдаг юм билээ. Юу зурахыг илүүд үздэг вэ?
-Өөрийн сонирхлоор л зурдаг. Пүүзний загварт сүүлийн үед юу тренд болж байна, юу бусдыг байлдан дагуулж байгаа зэргийг харгалзан үзэж хувьсан өөрчлөгддөг. Жишээлбэл, цагаан, нил ягаан, тас хар өнгө “моод” боллоо гэж бодъё. Тэгэхээр нь цагаан пүүзийг яаж өнгө оруулж хэрхэн будах, хүмүүст хэрхэн хүргэх тал дээр судалгаа хийдэг. Зүгээр нэг пүүзэн дээр будаг түрхэх бол биш л дээ.
-Одоогоор хэчнээн пүүзэн дээр зураг зурсан бэ?
-Яг тоолж үзээгүй юм байна. Гэхдээ 50 дөхсөн байх.
-Монголд пүүзний будаг зардаг уу. Будгаа хаанаас авдаг вэ?
-Манайд ийм будаг зардаггүй. Би пүүзний будгаа АНУ-аас захиалж авдаг. Тэнд пүүз болон гутал сэргээн засварлах төрөлжсөн дэлгүүрүүд байдаг.
-Монголд танаас өөр пүүз буддаг хүн байдаг уу. Тэдэнтэй уулзаж байв уу?
-Мэр сэр байдаг. Гэхдээ хүмүүс будах гэхээсээ илүү пүүзийг янзлах, засварлах, сэргээх зэрэг үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Яг урлаг, дизайн талаас нь буддаг хүн бараг байхгүй. Мөн будах гэж оролдож байсан ганц хоёр тохиолдол байдаг юм билээ.
-Огт өөр өнгө төрхтэй зөвхөн өөрт нь зориулсан цор ганц пүүзийг гамнаж өмсдөг байх даа?
-Ихэнх тохиолдолд будуулсан пүүзээ гангараа болон гоёлд өмсдөг. Өдөр тутамд тэр бүр өмсдөггүй. Монголд байтугай дэлхийд цор ганц гэдэг утгаараа нандигнаж өмсдөг гэсэн. Жишээлбэл, пүүз мэддэг хүмүүсийн уулзалтад очихдоо өмсөх, мөн будуулсан пүүзнийхээ зургийг интернэтэд тавих зэргээр бусдад хүргэдэг. Энгийн пүүзийг урлагийн бүтээл болгосон гэдэг утгаараа хадгалдаг юм билээ.
-АНУ-д ямар үнэ ханшаар буддаг вэ. Мэдээж урлаг талаас нь харж будуулдаг гэхээр чамгүй үнэтэй байх?
-Яг тогтсон үнэ байхгүй. Тухайн пүүзэн дээр юу будуулахаас шалтгаалж үнэ нь харилцан адилгүй байдаг. Ихэнх тохиолдолд найз нөхөд, хамаатан, танилын хүрээний хүмүүс ханддаг учир боломжийн үнээр будаад өгчихдөг. Үнэгүй будах тохиолдол ч байна. Хамгийн дээд тал нь 100 ам.доллар буюу 260 мянган төгрөгөөр будсан юм байна. Өөрийн сонирхлоор хийдэг учраас би хоббигоо зоосны нүхээр хардаггүй. Зарим үед унтахгүй шөнөжин суудаг.
-Тухайн пүүзний будгийн тогтоц нь эдэлгээнээс хамаарах уу. Хэр удаан тогтдог вэ?
-Өмсөж, эдэлж буй хүнээс шалтгаална. Хоёр жилийн өмнө солонгордог будгаар нэг хүний пүүзийг будсан. Тэр хүн одоо болтол өмсдөг юм байна лээ. Бага насны хүүхэд бол шохоорхож өмссөөр байгаад будгийг нь амархан халцалдаг тал бий.
-АНУ-д ямар үнэ ханшаар буддаг вэ. Мэдээж урлаг талаас нь харж будуулдаг гэхээр чамгүй үнэтэй байх?
-Яг тогтсон үнэ байхгүй. Тухайн пүүзэн дээр юу будуулахаас шалтгаалж үнэ нь харилцан адилгүй байдаг. Ихэнх тохиолдолд найз нөхөд, хамаатан, танилын хүрээний хүмүүс ханддаг учир боломжийн үнээр будаад өгчихдөг. Үнэгүй будах тохиолдол ч байна. Хамгийн дээд тал нь 100 ам.доллар буюу 260 мянган төгрөгөөр будсан юм байна. Өөрийн сонирхлоор хийдэг учраас би хоббигоо зоосны нүхээр хардаггүй. Зарим үед унтахгүй шөнөжин суудаг.
-Та зураг зурахдаа мэдээж өөрийн сонирхлыг дунд нь хавчуулна биз?
-Хэрэв захиалгаар пүүз будаж байвал тухайн хүний юу хүсэж байгаагаас хамаарч дизэйны шийдэл гаргаж будна. Жишээлбэл, Леброн Жеймсийн фэн байна гэж бодъё. Тэгэхээр зөвхөн тэр хүнд зориулж, дэмждэг баг, тамирчных нь замналыг, тамирчны өмсгөлийн дугаар, түүний сонирхол зэргийг оруулах маягаар буддаг.
-Нэг пүүз будахад ойролцоогоор хэдий хугацаа шаардагдах вэ?
-Захиалагч нар юу хийлгэхээс шалтгаална. Жижиг чимхлүүр зураг ихтэй пүүз 7-10 хонох ч тохиолдол байна. Мөн бага ажиллагаатай пүүз бол өдөртөө ч гарч болно.
-Пүүзний будаг нь хүний биед харшлах уу?
-Ямар нэгэн байдлаар хүний биед харшлахгүй. Зориулалтын пүүзний будаг хурдан хатна, эдэлгээ даах чадвартай байдаг. Сайн будаг байж сайн бүтээл гарна. Ер нь будгийн чанар сайнгүй бол миний ажил хөсөр хаягдана гэсэн үг. Хүүхдүүд үнэтэй пүүз аваад түүнийгээ гоё болгохын тулд дурын хямд будаг авч будаад сүүлд нь тэр пүүзээн “хог” болгодог. Будсан пүүзийг нь өмсөөд нэг нугалахад бутарч унах жишээтэй. Иймд пүүз будахад эдэлгээ даахуйц чанартай сайн будаг хамгийн чухал.
-Зурж байгаа зүйлээсээ юуг мэдэрдэг вэ?
-Мэдээж дуртай зүйлээ хийж байгаа болохоор гоё мэдрэмж авдаг. Юутай зүйрлэмээр юм бэ дээ. “Сансарт нисэх мэт болдог” гэмээр юм уу. Заримдаа ажилдаа улайраад үүр цайтал суусан байдаг. Хийж байгаа зүйлдээ бүх сэтгэл зүрхээ зориулдаг. Хоёрын хооронд хүний нүд хуурсан юм хийх дургүй.
-Ингэхэд тусдаа урлан бий юу?
-Гэртээ буддаг. Миний урлан миний гэр.
-Аав, ээж нь хэр дэмждэг вэ?
-Яг үнэнийг хэлэхэд анх огт дэмждэггүй байсан. Одоо харьцангуй гайгүй болсон шүү.
-Хамгийн сүүлд хэзээ пүүз будсан бэ?
-Саяхан Монголын “BLCK” фэйшн дэлгүүрийн захиалгаар дөрвөн пүүз будсан. Ажилд ороод зав бага болсон тул амралтын хоёр өдөр бүтэн сууж дуусгасан.
Миний будсан пүүз гадаадын пүүз буддаг групп, бүлгэм дээр тавигдсан. Гадны орноос зөндөө хандалтууд ирж байсан. Тухайн үедээ Монголд хүрээлэл ихтэй хандалт авдаг байсан бол сүүлдээ гадаадад, тэр дундаа АНУ-ын пүүз сонирхогчдын дунд танигдсан гэдгээрээ урам авдаг.
-Таныг мөн цамц, хувцас дээр зураг зурдаг гэсэн. Одоогоор хэчнээн цамц, малгайн дээр үг бичиж, зураг зурсан бэ?
-Үүнийг пүүз будахтай холбож ярих нь зөв байх. Миний бодлоор хэн ч өмсөөгүй дахин давтагдахгүй пүүз өмссөн юм чинь яагаад цамц болон малгайг пүүзтэйгээ хослуулж будаж өмсөж болохгүй гэж бодсоны үндсэн дээр будах болсон. Цамц, малгай хосолбол содон харагдана биз дээ. Гудамжинд юм уу, хаа нэгтээ хүнтэй таарахад тухайн хүнийг хараад хэн бэ гэдгийг дүгнэж чадахгүй. Зарим хүн харагдах байдал, гаднах имижээрээ хүнд танигдахыг хүсдэг. Ийм хүмүүст зориулсан бүтээл юм уу даа. Мөн цамцан дээр будахад учир байна. Мэдээж даавууны будаг тусдаа. Иймд мөн л судалгаа хийж тохирсон будаг ашиглах шаардлагатай. Би ер нь юмыг сорьж, алдах, хайж байснаасаа бүр илүүг олох, эрсдэлд дуртай. Бүтэлгүйтэл болон алдаан дээрээс маш их урам зориг авч суралцдаг.
-Цамцан дээр үг бичиж бичих, пүүзэн дээр зураг зурах хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Цамцыг даавууны будгаар бэхжүүлэгчийн тусламжтайгаар будна. Пүүз өндөр түвшин эдэлгээ даадаг учраас будахад ур ухаан шаардана. Хамгийн гол нь юу зурахаа маш сайн бодож олсон байх ёстой.
-Таны будсан ямар пүүз хүмүүст хамгийн их хүрсэн бэ?
-Миний будсан пүүз гадаадын пүүз буддаг групп, бүлгэм дээр тавигдсан. Гадны орноос зөндөө хандалтууд ирж байсан. Тухайн үедээ Монголд хүрээлэл ихтэй хандалт авдаг байсан бол сүүлдээ гадаадад, тэр дундаа АНУ-ын пүүз сонирхогчдын дунд танигдсан гэдгээрээ урам авдаг. Би дээр хэлсэн дээ. Судалгаа маш их хийдэг гэж. Судалгаа хийхдээ цор ганцыг хийх юмсан гэж боддог. Ганцхан төрлөөр пүүз будаад байвал би хэн ч биш. Иймд өөрийн гэсэн стиль, дахин давтагдахгүй зураг зурах, будахыг илүүд үздэг. Тийм учраас мөнгө гэхээсээ илүү сайшаал, урмын үг нь надад эрч хүч өгдөг.
-Цаашдын мөрөөдөл, зорилго тань юу вэ?
-Би залуу хүн учир зөндөө зүйл мөрөөддөг, бас төлөвлөдөг. Нэг зүйл сонирхуулж хэлэхэд, АНУ-д “Pensole” пүүзний дизайнеруудын сургууль байдаг. Уг сургууль шинэ пүүзний дизайн гаргах уралдаан зарладаг. Тус уралдаанд 2016 онд оролцож байсан. Өдөр тутам өмсдөг касуал гэдэг ангилалд оролцож, өөрийн гэсэн “Ankoshoe” гэсэн пүүзний загвар зохион гарган 16 мянга гаруй хүүхдээс нэгдүгээр шатанд тэнцэж байсан. Харамсалтай нь сургууль төгсөх, диплом хамгаалалттай давхцаж таарсан учир дараагийн шатандаа орж чадаагүй. Би ажилтай болсноосоо хойш одоохондоо хобби сонирхлоо хоёрдугаарт тавьчихаад байгаа. Гэхдээ хүн хамтраад гоё юм хийе гэвэл хамтарч ажиллахад бэлэн байна. Пүүз будах сонирхолтой маш олон залуус байдаг. Тэд зөвлөгөө авахыг хүсдэг. Тиймээс эдгээр залууст туслаж пүүзний соёлыг Монголдоо түгээхийн тулд хичээх болно.
Ярилцсанд баярлалаа.
Өчигдөр
2024-12-13
2024-12-13
2024-12-12
2024-12-12
2024-12-12
2024-12-12
87411
30620
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.