УИХ-ын даргын ивээлд болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ боллоо

2017-12-11 Амрах агшин

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2017.12.09) бүх аймаг, нийслэлд нэгэн зэрэг эхэллээ.

“Хангарьд” ордонд болж буй нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Байгальмаа, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Б.Наранбаатар нар оролцов.

Тэмцээнийг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ “Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан Улсын Их Хурлаас зохион байгуулдаг олон арга хэмжээний нэг нь Монгол Улсын Их Хурлын даргын ивээлд болдог шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээн юм. Тэмцээн Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор хоёр дахь жилдээ зохиогдож байна.

Тэмцээнийг анхан шатнаас нь буюу сум, дүүргийн аварга шалгаруулахаас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын шатрын холбоонд талархал илэрхийлье.

Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлсэн эрэгтэй нэг, эмэгтэй нэг тамирчинд энэ жил шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгоно. Бүгдээрээ амжилттай оролцож, тэрхүү эрхийг авах тамирчин энэ танхимаас тодрох болтугай гэж ерөөе” гэлээ.

Ийнхүү нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 90 гаруй тамирчин нийслэлийн аваргын төлөө өрсөлдөж эхэллээ. Аймаг, нийслэлийн аваргаар шалгарсан тамирчид шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна.

Энэхүү тэмцээний анхан шат 2017 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт нэгэн зэрэг эхэлсэн бөгөөд анхан шатны тэмцээнээс шалгарсан тамирчид аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.