Т.Баярхүү: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэрт 4 гэр, 10 өвөлжөө өртсөн

2025-04-29 Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд өчигдөр /2025.04.28/ гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 56 га талбай өртлөө. Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагаан нуур, Хэнтий аймгийн Батширээт сумдад гээд өчигдрийн байдлаар нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Өчигдөр улсын хэмжээнд нийт таван удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Хэнтий болон Дорноговь аймагт гарсан хоёр түймрийг бүрэн унтраасан. Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн суманд гарсан түймрийг унтраахаар өчигдөр Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын байгууллага, сумын мэргэжлийн анги, сайн дурын бүлгүүд ажилласан. Нэмэлтээр үндэсний аврах бригадаас 30 хүнтэй гурван бүлэг гаран түймрийн голомтонд ажиллаж байна. Булган аймагт гарсан түймэр цурамд байгаа. Богд ууланд гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэд сайн дураараа тусалж, дэмжлэг үзүүлсэн. Түймэр унтраах ажилд сайн дураар тусалсан иргэддээ талархъя. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэрт монгол гэр 4, айлын өвөлжөөний хашаа 10, трактор 1 шатсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан” гэв.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Өчигдөр нийт 49 удаагийн обектын гал түймэр бүртгэгдсэн. Эдгээрийн 27 нь нийслэлд гарсан. Дийлэнх нь зуслангийн бүсийн шар өвсний дуудлага байна. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэр Хушаат сумын нутагт мөн тархсан. Онцгой байдлын 88 албан хаагч, нийтдээ 271 хүн, 30 техниктэйгээр галыг унтраахаар ажиллаж байна. Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраасан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.