Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ. Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол “модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.
Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас “ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг саналыг хянаад “…Үндэслэлтэй байна” гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.
Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн “…Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр “…Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л:Оюун-Эрдэнэ ч “…Хэрвээ хэрэгт холбогдсон бол чөлөөлөгдөөд шалгуулах нь зүйтэй. Хамгаалахгүй” гэж байн байн хэлж байна.
Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа “ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү “ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс “…Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин