Цуврал сурвалжлага: Нэг
Бартаат замд шалгарч хэдийн танил болсон саарал пургоны жолооч орой сэрүү унахтай зэрэгцэж нийслэлээс хөдөллөө. Хот хоорондын тээвэрт яваад олон жилийн нүүр үзэж байгаа жолооч “Шөнөжин давхиад маргааш өглөө Өмнөговь аймгийн Гурван тэс сум орно” хэмээн итгэлтэй хэлэв. Сурвалжлах багийнхан маань тус сумыг зорьж, уул уурхай, байгаль орчин, нутгийн ардуудын дунд үүссэн үл ойлголцлыг сурвалжлахаар явж байгаа нь энэ юм. Нийслэлийн түгжрээнээс гарснаар саарал пургоны хүнгэнэх дуу нь нэгэн хэвийн болж, хурд нь жигдрээд ирэв. Уул тал бүхэлдээ цагаан хүрмээ өмсч, дүнсийнэ. Халуун пааранд нозоорсон хүмүүс бүгд түшлэгээ налж, зарим нь толгойгоо дохин унтаж эхлэх аж.
Жолооч шөнөжин цурам хийлгүй давхисаар 10.00 цагийн алдад Гурван тэс суманд хүрэв. Сонирхуулахад, говь руу явж үзээгүй хүмүүс багахан цагийн зөрүүнд “орно”. Нийслэлд 07.00 цаг гэхэд үүр хаяарч байдаг бол говьд энэ цагт тас харанхуй байна. 08.00 цаг дөхүүлж байж үүр хаяарах аж. Өчигдөрхөн жавар хайрсан, цасан хүрмээр хучигдсан нийслэлээс хөдөлсөн бол говьд зөөлөн агаар сэнгэнэж, хааяа нэг бутны сүүдэрт алга дарам цас харагдана.
Золиос
Захиргааны нэгэн өрөөнд сумын хилийн заагийг харуулсан хуучны том атлас бий. Уг атласыг хоёр хувааж тэмдэглэгээ хийжээ. Энэ нь хойшоогоо улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг харуулсан, үлдсэн нь бүхэлдээ лицензтэй талбайг тэмдэглэсэн тэмдэглэгээ юм.
Өөрөөр хэлбэл, тус суманд 1995 онд лиценз олгож эхэлсэн байна. Улмаар 2000 оны үед 100 гаруй тусгай зөвшөөрөл олгогдсоноор суманд нэг ч сул газар үлдээгүй гэнэ. Сумын төв, хилийн заставын газар хүртэл лицензид оржээ. Бүр ашигт малтмалын ямар ч илэрц илрээгүй талбайд лиценз олгосон байжээ. Ерөөсөө л сул газар бүрт ашигт малтмал байх эсэхээс үл хамаарч лиценз хавтгайруулан олгосон тод жишээ бол Гурван тэс юм. Энэ атлаасаас Монгол төр уул уурхай, байгаль орчны салбарт баримтлах бодлого, төлөвлөлттэй явж ирсэн гэх өчүүхэн ч сэжүүр үл харагдана. Тухайн бүс нутагт амьдарч байгаа хүн ард, малын бэлчээр, ан амьтан, ургамал, цаашлаад усны нөөцийг тооцолгүйгээр сумын нутгийг бүхэлд нь лицензийн талбай болгосон гэхээр ямар хүний тархи толгойноос ийм шийдвэр гаргасан юм бол хэмээн эргэлзсэнийг нуух юун. Учир мэдэх хүмүүсийн тайлбарлаж буйгаар сумын засаг захиргаанаас орон нутагтаа лиценз олгохыг зөвшөөрсөн тохиолдол бараг байхгүй гэнэ. Тэгвэл яагаад олон лиценз зэрэг зэрэг олгогдов. Шалтгаан нь их энгийн. Лиценз олгох эрх мэдэл бүхий төрийн байгууллагаас орон нутгийн засаг захиргаанд “Танай нутгийн энэ хэсэгт ийм лиценз олгох хүсэлтэй байна” гэсэн агуулга бүхий бичиг илгээж санал авдаг аж. Уг саналд орон нутгийн засаг захиргааныхан нэг сарын дотор хариу өгөхгүй бол зөвшөөрсөн гэж үздэг байна. Ингээд нөгөө бичиг нь заримдаа ирдэггүй, ирсэн ч хугацаа хожимдож ирдэг. Мөн ирсэн нэгэнд нь хариу бэлдээд явуулах хооронд сарын хугацаа нь дуусч автоматаар лиценз олгогддог аж. Тухайн үед шуудан харилцаа муу байсан тул бичиг цаас замдаа саатах тохиолдол олон. Нөгөө талаас зориуд нэг сарын хугацааг өнгөрүүлэхийн тулд тулгаж бичиг цаас илгээсэн тал ч байх магадлалтай гэдгийг хэлж байсан.
Энэ талаар сүүлд “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн, Өгсөн авснаа нийтэл эвслийн зохицуулагч Н.Баярсайханаас тодруулга авсан. Тэрбээр “Сумын ИТХ-аас буюу иргэдээс санал авах үйл явцад бэрхшээл байна. Тэд орон нутагтаа лиценз олгох эсэхэд 30 хоногийн дотор саналаа өгнө. Хэрэв энэ хугацаанд саналаа ирүүлээгүй бол автоматаар зөвшөөрсөнд тооцно гэж байгаа. Гэтэл манайд шуудангийн үйлчилгээ ямар байгаа билээ. Мөн сумын ИТХ-ын дарга ганцаараа бие дааж шийдэхгүй шүү дээ. Төлөөлөгч нараа цуглуулж хуралдаад саналаа өгнө. Тэгэхээр 30 хоногийн хугацаанд амждаггүй. Хугацаа хэт бага байна. Мөн хайгуулын лиценз өгөхөд орон нутгаас асууна гэсэн заалт байгаа. Ашиглалтын лиценз бол орон нутгаас асуух заалт байхгүй. Нэгэнт хайгууль хийгээд нөөцийг нь тогтоогоод эдийн засгийн үр ашигтай гэвэл давуу эрхтэй ашиглана гэж байна” хэмээсэн.
Сумын хувьд усны нөөц хамгийн чухал
Одоо сумын лицензийн тоо буурсаар 38 орчим болжээ. Зарим нь ямар ч илэрцгүйг мэдээд лицензээ хаяад явсан, хугацаа дууссан лицензийг орон нутгаас сунгаагүй зэрэг олон шалтгаанаар тусгай зөвшөөрлийн тоо ийн буурсан байна. Өнөөгийн байдлаар Монгол Улсаас гарч байгаа нийт нүүрсний 40 гаруй хувийг уг сумаас экспортолдог. Сумын урд хэсэгт Нарийн сухайтын нүүрний ордод “МАК”, “Өсөх зоос”, “Өмнийн говийн элс” зэрэг дөрвөн компани олборлолт явуулдаг. Саяханыг болтол авто замгүй байсан ч 2014 онд концессын гэрээгээр даацын зам барьж Шивээ хүрэнгийн боомт хүртэл 50 орчим км газарт авто замаар нүүрсээ тээвэрлэн борлуулж байгаа аж. Өдөрт хүнд даацийн 400-500 машинаар нүүрс тээвэрлэж байна. Мэдээж энэ нь манай улсын эдийн засагт ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг үгүйсгэх боломжгүй юм.
Анх уул уурхайн олборлолт явуулж эхлэхэд орон нутгийнхан ихээхэн эсэргүүцсэн байна. Гэвч улс орны эдийн засгийн хэрэгцээ шаардлага гэсэн лоозонг барьж зүтгүүлсээр өнөөгийн байдлаар нүүрсний экспортын өсөлтөд голлох жин дарж байгаа нь энэ аж. Нутгийн хөгшид “За яахав, нэгэнт нээсэн юм бол ухаад дуусах нь ойлгомжтой биз. Харин нүдний гэм болсон говийн усны нөөцөөс битгий их баралцаасай” хэмээн санаа зовниж буйгаа хэлж байсан. Нутгийнхан усны нөөцтэй холбоотой нэгэн сонирхолтой баримт хэлсэн. Анх 2008, 2009 оны үед нүүрсний уурхайнууд ашиглалтад орж хөрс хуулан, олборлолт хийж байхад ус нь дийлддэггүй байсан гэнэ. Жаахан ухаад л ус олгойдож нуур цөөрөм үүсэх нь холгүй болно. Энэ нь уурхайн компаниудад ихээхэн хүндрэл учруулдаг байжээ. Тухайн үед сумын залуус энэ ажилд хамгийн их дайчлагдаж, гайгүй ч цалин хөлс авдаг байсан аж. Мөн ус шавхадаг төхөөрөмж болох сумынхны нэрлэдгээр мотофон хэмээх багаж хамгийн эрэлттэй байсан гэнэ. Ийм төхөөрөмжтэй хүн уурхайн ус шавхах ажилд дайчлагдаж хэсэгтээ л под хийсэн цалин авч байжээ. Одоо бол уурхайгаас ус ингэж шүүрэхээ больсон. Үүнийг дагаад сумын залуус ч ажилгүй болж, нөгөө нэг хэсэг “од” болсон багаж хог дээр хаягдсан байна.
Сумын малчин н.Ариунаа зориуд ажил болгож, нөхрийн хамт 2014 онд нүүрсний уурхайн бүс нутгаар явж булаг шандаа тоолсон байна. Ингэхэд 10-аад булаг шанд ширгэсэн хэмээх тойм тоо гаргажээ.
Тэрбээр “Бид малчин хүмүүс. Энэ нутаг оронд үе удмаараа нутаглаж ирсэн тул хаана ямар булаг цөөрөм байсныг сайн мэднэ. Ингээд харьцуулалт хийгээд тоолоод үзэхэд 10 гаруй булаг шанд ширгэсэн байсан. Бүх булаг шандаа зургаар баталгаажуулсан. Эрдэмтэн судлаач биш болохоор бидний энэ баримтыг хүлээн зөвшөөрөх эсэхийг мэдэхгүй юм” хэмээн ярьсан. Мөн тэрбээр олборлолт явуулж байгаагаас цааш 8 км газарт нөлөөлөл бий болсныг батлан хэлсэн. Үүнээс гадна худгийн усны түвшин багасч, мал усанд ханахаа больсон тухай тайлбарласан. Ер нь нутгийн урд хэсэг хойд хэсэгтэйгээ харьцуулахад задгай ус ихтэй байсан аж. Мөн сумын урд хэсэгт хулан, зээр, хар сүүлт зэрэг олон тооны ан амьтан байсан бол одоо уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үргэн дайжжээ. Н.Ариунаа нөхрийн хамт явах үедээ авсан гэрэл зургуудаа өгсөн.
Үүнээс гадна орон нутгийн иргэдийн дунд урд хөрш хил залгаа бүс нутагтаа цооног гаргаж усыг их хэмжээгээр ашиглан говийн усны нөөцийг бараад байна гэх ам дамжсан яриа байдаг юм билээ. Тэдний хэлж буйгаар урд хилээс цааш 10 гаруй км зайд Цэхээ боомтод цооног гаргаж ус олгойдож байдаг гэнэ. Мөн хилийн цаана орших Гашуун нуур хэмээх нуур сүүлийн жилүүдэд ихээхэн устай байх болжээ. Энэ нь урд хөрш рүү газрын хэвлий уруудсан хэлбэртэй байдаг тул гүний усны судал дээр цооног гаргаж ус татаад байх магадлалтай тухай хэлсэн. Ер нь энэ мэтээр говийнхон устай холбоотой асуудалд ихээхэн эмзэг хандана.
Говийн усны нөөц, түүний ашиглалттай холбоотой асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваагаас цөөн зүйл тодруулсан. Тэрбээр “Монгол орны ихэнх том уурхай говьд байна. Тэдгээр нь 100 хувь гүний ус ашиглаж байна. Гэтэл Монгол орны гүний ус маш удаан хугацаанд, зарим нэг газрын ус бараг 10.000 жил хүртэл хугацаанд нөхөн сэргээгддэг. Одоогийн уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад хуурайшилт, ялангуяа ууршилт нь хур борооноосоо давамгайлсан нөхцөлд говийн гадарга болон гүний усны нөхөн сэргээгдэх боломж бараг байхгүй. Тийм учраас бид говийн бүсэд ажиллаж байгаа уул уурхайн усан хангамжийн асуудлыг аль болох гадаргын усаар хангах, хоёрдугаарт усаа 100 хувь эргүүлж ашигладаг болгох ёстой. Гуравдугаар, говьд байгаа усны нөөцийн судалгааг эрчимжүүлж бусад усны нөөцүүдийг илрүүлэх учиртай. Дөрөвдүгээрт, говийн усны нөөцийн өөрчлөлтийн асуудлыг хянадаг мониторингийн системийг бий болгох хэрэгжүүлж ажиллах шаардлагатай” хэмээн ярьсан.
Тост, Тосонбумбын нурууг хамгаалахын учир
Өмнөговь аймгийн Гурван тэс сумыг зорьсон гол шалтгаан бол Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад оруулах нөхцөл шаардлагын тухай тодруулах явдал байв. Тост Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах ажлыг 2010 оноос Ирвэс хамгаалах сан, нутгийн иргэд, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар санаачлан Засгийн газар, УИХ-д хүсэлт тавьж эхлүүлсэн юм. Энэ хугацаанд Гурвантэс сумын иргэд нийт 2000 гаран захидлыг Өргөдлийн байнгын хороо болон Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд рүү илгээсэн байна.
Тост, Тосонбумбын нурууг 2010 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан. Улмаар орон нутгийнхны уйгагүй тэмцлийн үрээр 2016 оны дөрөвдүгээр сард Улсын тусгай хамгаалалтад авч, хилийн цэсийг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн. Гэвч тусгай хамгаалалтад өдийг хүртэл аваагүй байгаа юм. Энэ нь тус нуруунд лиценз эзэмшдэг компаниудын маргаантай холбоотой. Өөрөөр хэлбэл, тус нурууг улсын тусгай хамгаалалтад авахын тулд лиценз эзэмшиж байгаа компаниудад нөхөн олговор өгөх хэрэгтэй болно. Гэтэл эдийн засгийн хүндрэлийн улмаас төр мөнгө байхгүй тул өмнөх засгийн үед гаргасан тусгай хамгаалалтад авах шийдвэрээс татгалзах вий хэмээн орон нутгийнхан болгоомжилж байна. Иймээс бодит нөхцөл байдлыг тодруулах нь бидний гол зорилго байв.
Яагаад заавал тус нурууг хамгаалахын тулд үхэн хатан зүтгэх ёстой гэж. Үүнд хоёр тайлбар дурдахад хангалттай.
Юуны өмнө Гурван тэс гэхээр сумын хэмжээнд төсөөлдөг. Тэгвэл Гурван тэс манай улсын хамгийн том сумдын нэг юм. Тус сум 2.9 сая га нутаг дэвсгэртэй. Энэ нь Сэлэнгэ аймгийн 70, Булган, Баян-Өлгий аймгийн 60 орчим хувьтай тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, сум гэдэг нэртэй боловч бараг нэг аймагтай дүйх хэмжээний том газар нутагтай билээ. Дээр өгүүлсэнчлэн сумын урд хэсэг бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн. Энэ талаар сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид “Эрүүл газар гэвэл сумын хойд хэсэг буюу Говь гурван сайхан байгалийн цогцолборт газарт (БЦГ) харьяаллагддаг хэсэг, Тост, Тосонбумбын нуруу үлдэж байна. Баясах баг, Урт баг зэргээр сумын урд хэсэг уул уурхайн үйлдвэрлэлд өртсөн. Одоо идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа таван уурхай бий. Нэмээд хоёр уурхайг ашиглахаар зэхэж байна. Алт, нүүрс, улаан чулуу, давсны уурхай хүртэл байна. Манай суманд уурхай ерөөсөө цөөдөөгүй. Нэг суманд хэтэрхий олон лиценз болчихоод байна” хэмээсэн. Үнэхээр ч орон нутгийнхан хөндөгдөөгүй үлдсэн Тост, Тосонбумбын нурууг хамгаалж үлдэх чин зорилго өвөрлөж байгаа нь уулзаж, ярилцах бүрт тод анзаарагдана. Нэг жишээ хэлбэл, Гурван тэс суманд олгосон зарим лицензийн талбайгаас дурдвал 29 мянга, 43 мянган га газрыг хамрана. Тэгвэл манай томоохон нүүрсний уурхай Шарын гол 7 мянган га нутаг дэвсгэрийг хамардаг. Ингэхлээр арван Шарын голыг хоёр компанид өгчихсөн гэсэн үг. Бусад лицензийг оруулбал хэчнээн Шарын голыг ганц сумын нутаг дээр өгснийг төсөөлөхөд бэрх аж. Мэдээж энэ олон уурхай үйл ажиллагаа явуулснаар эдийн засагт үүргээ гүйцэтгэх ч ангамал говийн гүний усны нөөцийг дундлах нь гарцаагүй. Цаашлаад байгаль экологид сөргөөр нөлөөлж, одоо хэрээс хэтрээд байгаа. Тэгвэл энэ нутгийн хүн ард хаачих вэ. Тэдний үнэт зүйл, өв соёл хэрхэх вэ. Иймээс Тост, Тосонбумбын нурууг хамгаалах нь орон нутгийн иргэдийн амьдрах орчин, үнэт зүйлсийг хамгаалах эцсийн зогсоол юм.
Дараагийн шалтгаан бол Тост, Тосонбумбын нуруу байгалийн үзэмж нэн гайхамшигтай, экологийн хувьд харьцуулашгүй үнэ цэнэтэй бүс нутаг юм. Дэлхийд 3500 орчим тоо толгой үлдсэн цоохор ирвэсийн 25 хувь нь манай улсад бий. Тэр дундаа дэлхийд хамгийн бага талбайд хамгийн олон тоогоор ирвэс тархсан бүс нутаг бол Тост, Тосонбумбын нуруу. Ирвэс хамгаалах сангаас жил бүр ирвэсний тоо толгойг судалж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн байдлаар тус нуруунд 22-25 ирвэс байна хэмээн тогтоожээ. Харин ирвэсийн гол идэш тэжээл болох янгир 1000 гаруй байгааг судалгаанд дурдсан байна. Энэ нутаг ирвэс, аргаль, янгираас гадна шилүүс, хярс, чоно, үнэг, бүргэд, тас, шонхор зэрэг араатан жигүүртэн, нэн ховор шимт ургамлаар арвин баялаг. Түүнчлэн булаг шанд бүхий тоорой, заг, сухай ургадаг говийн баянбүрд бүрдсэн газар юм. Тус нурууны байгалийн тогтоц, үзэмжийг үгээр бүрэн илэрхийлэх үнэхээр хэцүү. Энэ бүхнийг тус нурууны Ямаан ус хэмээх газрын хавцлаар багахан явган аялал хийхэд мэдэрсэн юм. Өндөр цавчим хад, хавцлын нарийн жим, ирвэсний мөр, хад дамжин сүрэглэн бэлчих аргаль, янгирын сүргийг харсан хэн боловч байгалийн сайхныг шагшин биширч, сэтгэл догдлон уулга алдах болно. Уулын бэлд машинаа сойж 100 гаруй метр алхаад л анхныхаа ирвэсийн мөртэй таарсан. Түүнээс жаахан дээшлээд ирвэсний бумбатай (тухайн газрын хөрсийг овоолох, шээх зэргээр газар нутгаа тэмдэглэх) таарч, улмаар ирвэсийн барьсан янгирын сэг зэм зэргийг харах, том чулуун дээр эртний хүмүүсийн зурж үлдээсэн аргаль, янгир, ан хийж буй байдал зэргийг дүрсэлсэн тод мөрүүдийг имрэн сонжих нь маш сонирхолтой санагдана. Олон улсад ийм бүс нутагт лиценз өгч ухаж төнхүүлэх бус хамгаалж, олон улсын судалгаа, аялал жуулчлалын том бүс нутаг болгож хөгжүүлдэг.
Г.Батзориг
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.