“Хайртай ээждээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэе” хэмээн эх орныхоо төв талбай дахь дэлгэцээр мэндчилгээ дэвшүүлж, ая дуугаа хүргэсэн хүү бол Б.Түвшинтөгс байлаа. Тэрбээр Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангид эх орныхоо торгон хилийг манах эрхэм үүргээ биелүүлж байгаа. Хэдийгээр ээж, хүү хоёр дэлгэцийн цаанаас бие биенийгээ харж байгаа ч, хамт буй мэт халуун дотно, уур амьсгал тэнд бүрджээ.
Ээж, хүү хоёрын аз жаргал, догдлол дүүрэн мөчийг Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилчин бүсгүйчүүд хуваалцлаа.Эх орныхоо торгон хилийн манаанд мөр зэрэгцэн алхаж буй бүсгүйчүүд энэ ажлыг зохион байгуулжээ. Тус ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Болор “ Манай ангийн Эмэгтэйчүүдийн зөвлөл Улаанбаатар хотод байгаа ангиудтай туршлага солилцох, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цугларалт зохион байгуулж байна. Хилийн ангиуд хотоос алслагдсан, хариуцлагатай ажил учраас тэр бүр орхиж явах боломжгүй. Манай ангийн хилчин бүсгүйчүүд болон хилчдийн ар гэрийнхэн ирсэн байгаа. Хилчний гэргий байх бахархалтай, хариуцлагатай ажил. Тэд ч гэсэн эх орноо хамгаалах үүргийг гүйцэтгэдэг. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нэг хилчин хүүгийн ээжийг баярлуулж байна. Хилчин Б.Түвшинтөгс бол нийтэч, эерэг уур амьсгалыг түгээдэг хүү” хэмээн онцолж байлаа.
“Дэлгэцээр хүүгээ гараад ирэхэд итгэсэнгүй”
“Төрийн ордныхоо өмнө, төв талбай дахь дэлгэцээр хүүгээсээ баярын мэндчилгээ хүлээж авсан нь миний амьдралд тохиосон гайхалтай өдөр байлаа” хэмээн хилчин Б.Түвшинтөгсийн ээж Э.Болорцэцэг ярьж байлаа. Тэрбээр “Дэлгэцээр хүүгээ гараад ирэхэд итгэсэнгүй. Хүү минь Монгол Улсын иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, эх орныхоо хилийг манах шийдвэрээ гэнэт гаргасан. Эхэндээ хүү минь чадах болов уу гэж эргэлзэж байлаа. Гэхдээ хүүгийнхээ хүсэл, зорилгыг дэмжиж цэргийн албанд мордуулсан. Хүү минь эх орныхоо торгон хилийг манах хариуцлагатай үүргээ чадварлагаар гүйцэтгэж, албаа сайн хааж байгаад баяртай байна. Сайхан хамт олонтой болсонд сэтгэл өндөр байна. Хүүтэйгээ тангаргийн баяраар нь уулзсан. Хүүгээ их санаж байна. Энэ сайхан үйл ажиллагааг надад зориулсан гэж бодохоор үнэхээр их баярлаж байна. Ямар их сэтгэл вэ. Үнэхээр гайхалтай дурсгалтай өдрийг бэлэглэсэнд маш их баярлалаа” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ үеэр тус хилийн заставт тогоочоор ажилладаг Х.Ариунзул “Хүү нь ээждээ хайртай шүү. Ээжийгээ зүрх сэтгэлдээ үргэлж хайрлаж явдаг. Миний өмнөөс ээжийг минь тэврээрэй” гэсэн гээд хилчин хүүгийн ээжийг тэврэн, хүүгийнх нь сэтгэлийн үгийг дамжуулсан нь сэтгэл хөдөлгөж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин