Аав нь арав алдсан болохоор чамайг тав алдаг гэж үглэдэг юм
Айлын хүүхдүүд дунд алт ч бий гууль ч бий, алийг нь сонгож нөхөрлөхөө өөрөө шийд
Алт урвалдаад олон хувирдаг, гууль гандсан ч өнгөө алдадгүйг зүгээр л сана
Амаа мурийлгаж цээжээ түрсэн алиа гарууд зөндөө таарна, хараа өндөр хажуугаар нь зөр
Чаддаггүй чацаганууд бөөнөөрөө байдаг, чаддаг нь угаасаа даруу байдгийм
Ядарсан нэгэн таарвал бөхийж хүндэл, тэнгэр хардгийм чамайг
Мөнгөтэй явахад ойртсон хүнийг нөхөрт хэзээч бүү тооц
Өнгөтэй явахад зүүгдсэн бүсгүйг өөрийн болгож бүү харамла
Бусдаас өөрийгөө онцгой гэж хэзээч битгий бод, ээж чинь чамайг эвэр, сүүлтэй төрүүлээгүй билээ
Онцгойрч сондгойрч тодормоор бол олигтой сур, их унш, сайн унт, зөв хоолло
Нас чинь дандаа залуу байхгүй, намайг дагаад намаржаад л ирнэ
Зүс чинь үргэлж толигор байхгүй, үс чинь цайгаад гундаад л ирнэ
Шаардлагатай гэвэл худлаа хэл, харин худалч болж амьдрах хэрэггүй
Зайлшгүй гэвэл зодолд сайхан, заавал дараа нь уучлал гуй
Хүний нүдийг эгцлэн харж, дотор нь ортол өрөмдөж сур, түүнийг таних шилдэг зам
Сэтгэл сайтыг бүү март, ачийг хариул
Олон найзаар халаас дүүрдэг хорвоо, орхигдоод гээгдээд зугтаадаг нь амьдралын жам, тоотой нь үлдэнэ тэднээ гамна
Олон охид энгэр чимнээ, өөрийг чинь гурав хувилах нь ганц л бий, түүнийгээ л хай
Олсон цагтаа бүхнээ зориул
Сурсан эрдэм чинь төгс бол өлсөх зовлонг үзэхгүй, сураагүй зүйлдээ харамсалгүй гуйвж дайвалгүй цэх бай
Нүгэл нэгийг үйлдвэл хоёр буянаар хариулж бай
Эрх мэдэлд бүү шуна, эд хөрөнгө бүү хураа
Эрүүлийг хүс, ээжийгээ үргэлж тойр
Аавынхаа чадаагүйг хийчихвэл бахарх, асаасан голомтоо бат сахь
Нэг л өдөр би өнхөрнө, нээх гашуудах шаардлага үгүй
Эвийг дандаа хичээ, эх орноо үргэлж хайрла
Бавуугийн Лхагвасүрэн
13 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.