Сэдэв: НҮҮРС-Хэн юу хэлэв

2022-11-22 Uncategorized


Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Нүүрстэй холбоотой тогтолцоо, гэрээ байгуулах, хилээр гаргаж зарж буй гээд бүх зүйлийг нь ил тод болгож өрсөлдөөн оруулах шаардлагатай. Ингэхгүй бол хууль бус үйл ажиллагаа явагдаад л байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Энхболд нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг анх гаргаж тавиад Засгийн газраас миний бие ажлын хэсгийг ахалж шалгасан. 364 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарсан байна. Гааль дээр гарсан мэдээллийг нь аваад үзэхээр хоосон машин л гараад байдаг. Тухайн машинуудын дугаар, ямар машин хэдэн удаа хилээр гарсан тоо гээд бүх мэдээллийг гаргаад тухайн үед хуулийн байгууллагад шилжүүлсэн. Тэр үе бол 2019 он. Үүнээс хойш хуулийн байгууллага дөрвөн жил шалгасан хэвээрээ л байгаа.

Уг нь бол хаашаа ч хөдлөхгүй баримтуудыг гаргаад өгсөн гэдгийг хэлмээр байна.

Газрын хөрсөн дор байгаа баялаг бол нийт ард түмний өмч. Тиймээс гар хүрч болохгүй. Өндөр үнээр гаргаж зарах нь бид бүгдийн эрх ашиг хөндөгдөж буй зүйл. Тэдний гар, хөл битгий болоосой л гэж хүсэж байна. Мэдээллийг ил тод болгоход туслахыг уриалж байна. Монгол Улс харьцангуй жижигхэн учраас буруу зүйлийг ил болговол дороо цэгцрэх боломжтой.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Нүүрс хулгайд алдагдсан эсэхийг хэлэхэд эрт байна. Одоогоор хяналт, шалгалт явж байгаа болохоор тэр. 2013 оны шалгалтын дүнгээр маш олон зөрчлийг ГЕГ дотоод шалгалт хийж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн ч хэрэгсэхгүй болгосон юм билээ.

Тиймээс 2018 оны Гаалийн дотоод шалгалтаар илэрсэн гэмт хэргийн шинжтэй байж магадгүй мэдээллийг цагдаа, АТГ, хуулийн байгууллагад одоогоор шалгагдаад явж байна.

Ямар шатандаа явааг мэдэхгүй байна. Тиймээс УИХ-ын түр хорооны үндсэн зорилго нь нийгэмд яригдаад буй энэ зүйлсийг ил гаргана. Хоёрдугаарт, хянан шалгалтаар мэдээлэл цуглуулж, нотлох баримтаар цугларсан мэдээлэлд шинжээчийн дүгнэлт гаргана. Дараа нь нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн ард түмний дунд нээлттэйгээр УИХ-ын гишүүд, иргэдийн оролцоотойгоор мэдээлэл өгч буй хүмүүсийг дуудаж байцаана. Хэргийн явцын талаар иргэдийн өмнө нээлттэй мэдээлэл тавиулна. Тэрний дараа УИХ-д дүнгээ танилцуулна. Тиймээс зарим зайлшгүй тодруулах ёстой зүйл байгаа. Үнэхээр 22 мянга 600 авто машин нүүрс хулгайд алдсан бол ноцтой асуудал.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.