Ойрд улс төр ил, далд нэлээд бужигнаантай байна. Уржигдар үргэлжлэл нь болох гурвалжин дөрвөлжин нэг үйл явдал өрнөлөө.
Юу болсон гэхээр, тэр өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Одбаярын хоёр асуудлыг шүүжээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас уг хэргийн талаар “…НПГ-аас Э.Одбаярыг “…Худал мэдээлэл тараах”, “…Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэрэгт буруутайд тооцсон. Ингээд түүнд нэг жил хоёр сарын хугацаанд Сүхбаатар дүүргээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн” гэж мэдээлсэн.
Шүүхийн шийдвэрийн дараа “…Л.Оюун-Эрдэнэ “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний залууст гомдол гаргаж шүүхээр яллууллаа” гээд шуугилаа. З.Энхболд, Н.Номтойбаяр, Ц.Оюунгэрэл, А.Гансүх нарын зэрэг улстөрчид болон төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд цахим сүлжээнд Л.Оюун-Эрдэнийг буруутгасан байр суурь илэрхийлэв.
Оройхон ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Тэрбээр “…Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар цахим орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж, үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.
Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр нь анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох “…Хорих 461 дүгээр ангид хууль бусаар нэвтрэн орсон. гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.
МАН “NoWar”, “NoNaadam” хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй. Хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ” гэсэн байна.
Тэгвэл шүүхийн дээрх шийдвэрт Л.Оюун-Эрдэнэ нэлээд бухимдсан гэсэн мэдээлэл өчигдөр зарим хэвлэлээр гарч ирлээ. Түүнийг Засгийн газар хуралдаан дээр “…Шүүх зориуд, зохион байгуулалттайгаар хоёр тусдаа хэргийг Л.Оюун-Эрдэнэ гомдсон болгож нэгтгэж шийдсэн байна. Нүүрсний хулгайтай тэмцээд эхлэхээр хулгайч нарынх нь шүүх дэх гар, хөлүүд ингэж байгаа юм уу. Энэнийхээ оронд шүүх том хэргүүдээ шийдээч” гэжээ. Энэ үгийг дамжуулахыг холбогдох албан тушаалтнуудад сануулсан талаар мэдээлжээ.
Түүнчлэн тэрбээр уржигдар шүүхийн шийдвэр гарсаны дараа “…Шүүхийг харна гэж мэдэгдсэний хариу юм байлгүй дээ. Хөгжлийн банк, нүүрсний хэргийнхэн, зарим нэг нам дамжсан улстөрчдийн гар хөл шүүхэд байгаа нь үнэн юм байна” гэсэн тухай эх сурвалжуудын мэдээлэл байна.
Үнэхээр ч хэд хоногийн өмнө, 2022 оны аравдугаар сарын 20-нд Л.Оюун-Эрдэнэ Иргэний хөдөлгөөнийхэнтэй уулзахдаа тэгж хэлсэн байдаг. “…Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн 49 хувь, Хөгжлийн банк зэрэг нийтийн эрх ашгийг зөрчсөн томоохон асуудлуудыг шийдэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан. Эдгээртэй холбоотой хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр л гэхэд бүх баримт бичгийг хууль хяналтын байгууллагынханд гаргаж өгсөн. Одоо олон нийт, хууль хяналтынхны ярьдагчлан эдгээр “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” гэсэн тухай “Зууны мэдээ” мэдээлж байсан.
Харин шүүх байгууллагын зүгээс ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Гэхдээ экспертүүд “…Шүүхийн энэ шийдвэрийг харахад Л.Оюун-Эрдэнийн үг, үйлдлүүдийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн хэлбэр гэж ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ томоохон хэргүүдийг шүүх рүү шилжихтэй зэрэгцээд “…Одоо шүүхийг л харна” гэх зэргээр мэдэгдэл хийсэн нь шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл гэж үзэж буй бололтой” гэсэн дүгнэлтийг хэлж байна.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ “…Томоохон хэргүүд шүүх дээр гацаад байдаг” гэсэн хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Үүнийгээ олон удаа илэрхийлж байсан. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхдаа, Ерөнхий сайд болоод ч хэлсээр байгаа юм. Сүүлд, 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулган дээр “…Шүүх, хууль хяналтын байгууллагад нөлөөллөө тогтоосон бүлэглэлтэй цаашид ч хатуу тэмцэхээ илэрхийлье” гэж байв.
Шүүхийн тухайд шинэ хуулиараа анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдийг харьцангуй бие даасан байхаар шийдсэн. Тиймээс шүүгч нь шүүгчдээ нөлөөлөхгүй байх магадлал өндөр гэсэн үг. Харин улс төрийн нөлөөлөл орохгүй гэх баталгаа байгаа эсэхийг практик харуулж амжаагүй байна.
Юутай ч эндээс харахад, засаг, шүүх хоёр “заамдалцаад” авчээ. Энэ л маш тодорхой байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
5 цагийн өмнө
6 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.