2023 онд хүнсний хомсдолд орох эрсдэлтэйг НҮБ анхаарууллаа

2022-09-16 Uncategorized

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (ДХХ) Ойрхи Дорнод ба Хойд Африкийн бүсийн захирал Корин Флейшер 2023 онд хүнсний хомсдолд орох эрсдэлтэйг анхаарууллаа. Энэ тухай NHK суваг мэдээлэв.

“Энэ жил хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болж хүнсний бүтээгдэхүүн худалдан авах боломжгүй болсон нь асуудал байсан ч ирэх жил манай гарагийн хүн амыг бүхэлд нь тэжээх хоол хүнс хүрэлцэхгүй нөхцөл байдалд орж болзошгүй” гэж тэр онцлон тэмдэглэв.

Түүний хэлснээр ийм хандлагын гол шалтгаан нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал, Оросоос бордооны экспорт буурсан, түүнчлэн энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ нэгэн зэрэг өссөн явдал юм. Энэ нь тариаланчдыг газар тариалан эрхлэхэд саад учруулж болзошгүйг тэрээр тэмдэглэв.

Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж болзошгүй гэж К.Флейшер нэмж хэлэв. Түүний үзэж байгаагаар хүнсний хямралын асуудлыг 2023 онд болох “Их долоо”-гийн дээд хэмжээний уулзалтын гол хөтөлбөрт оруулах ёстой гэв.

Өмнө нь НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн захирал Дэвид Бисли өнөөгийн хүнсний хямралыг шийдвэрлэх арга хэмжээ авахгүй бол хүн төрөлхтөн бөөнөөр өлсгөлөнд нэрвэгдэж, улс төрийн тогтворгүй байдал, хяналтгүй шилжилт хөдөлгөөнтэй нүүр тулж магадгүй гэж байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.