Түгжрэл бууруулахад зөвлөх авах 1.8 тэрбумын тендер дахин зарлах уу?

2022-09-15 Uncategorized
Түгжрэл бууруулахад зөвлөх авах 1.8 тэрбумын тендер дахин зарлах уу?

Нийслэлийн автозамын түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, олон тэрбум төгрөгийн төсөв батлуулснаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн онд танилцуулсан. Үүнээс хойш есөн сар өнгөрөх хугацаанд нийт есөн багцын ажлын явц үргэлжилж байгаа ч дорвитой ажил хэрэг болж үр дүн гарсан нь ховор. Хугацаа өнгөрч, 420 тэрбум төгрөгийн сураг түгжрэл арилгах хөтөлбөртэй хамт замхарч, үүний оронд шийдлийг сууриар нь бус түр аргацаах хэлбэрээр шийдэж байгаад иргэд бухимдаж байгаагаа илэрхийлж буй. Тиймдээ ч нийслэлээс  арга буюу эхний ээлжийн төлөвлөгөөний дагуу хийж байгаа ажлуудаа тайлагнасан билээ.

Угтаа нийслэл хотын он, оны төсөвт түгжрэл бууруулах багц хөтөлбөр, зохицуулалт тусгаж их хэмжээний төсөв батлуулдаг.

Гэвч дорвитой үр дүн гардаггүй учрыг оны эцэст нийслэлийн иргэдийн автомашин өссөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаа ч мөн дээрх жишиг давтагдах магадлалтай. Нийслэлийн төсвөөр хийгдэх ажлууд тодорхой судалгааны дагуу бодит ажил болдог гэдгийг албаны хүмүүс онцолсон. Тиймдээ ч түгжрэл бууруулах 420 тэрбумын тодорхой хэсэг нь судалгаа, зөвлөгөөнд чиглэж буй юм. Сүүлийн жишээ гэхэд Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажилд тендер зарласан.

Хоёр удаа зарлагдсан уг тендерийн хугацаа өчигдөр дууссан ч оролцогч тал дахин байсангүй. Тэгэхлээр тендер дахин зарлагдаж, аль нэг компани дараагийнх дээр шалгуургүй тэнцэнэ гэсэн үг.

Тендерийн шалгуурт зааснаар түгжрэл бууруулах нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа учраас зөвхөн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан. Харамсалтай нь иргэдээс багагүй шүүмжлэл авсан тус үйлчилгээнд зөвлөх нэгж гарч ирсэнгүй.

Уг тендерийг эхний удаа наймдугаар сард зарласан бол хоёр дахь удаа есдүгээр сарын 5-наас нийт долоо хоногийн хугацаанд зарласан.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа гурван том олон улсын төслийн хүрээнд гэрээ байгуулах, олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.

Тухайлбал, хөнгөн галт тэрэг (LRT), шинэ тойрог зам зэрэг төслүүдийн хүрээнд олон улсын тендерийн баримт бичиг боловсруулах, дээрх төслүүдийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх зэргийг анхаарах аж.

Үргүй зардал төсөвлөсөн гэж иргэдийн бухимдлыг төрүүлж байгаа ч нийслэл төсөвтөө заавал гүйцэтгэгч олохоор ийн тендерүүдээ зарласаар байна. Харин эдгээр олон тэрбумын ажлууд үр дүнгээ хэзээнээс үзүүлэх бол…?

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.