Сэрэмжлүүлэг: Том оврын машин онхолдож, жолооч хавчуулагджээ

2022-06-16 Uncategorized


Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэх газар том оврын машин онхолдсон ослын дуудлага мэдээлэл Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, зургадугаар сарын 14-ны Мягмар гаригт миксер маркын машин онхолдож жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг 19:35 цагт өгсөн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Дархан-Уул аймгаас тус аймгийн Хонгор сумын Салхит багийн “Салхит” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “ZZ1257” загварын миксер онхолдож жолооч Дархан-Уул аймгийн Дархан сумын харьяат иргэн Б /32 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж сумын эмнэлэгт хүргэж өгчээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахад “Урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс болсон гэж дүгнэсэн байна. Гэхдээ мөрдөн шалгалтын дараа ослын шалтгаан нөхцөл тодорхой болно” гэдгийг ТЦА-наас мэдээллээ.

Иймд баяр наадмын саруудад орон нутгийн замд зорчих иргэд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулахыг анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулийн:

31-д зааснаар Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 10-50 хүртэл хувиар хэтрүүлсэн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
32-д зааснаар Жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас 50-иас дээш хувиар хэтрүүлсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.