Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн. Гэвч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлтийг гаргасан байна. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлээ. Тус нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Дээрх шалтгаанаар даргалагч шүүгч Д.Доржсүрэн шүүх бүрэлдэхүүнд татгалзан гарах хүсэлт гаргасныг хүлээн авчээ. Улмаар Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс хэргийг дахин хуваарилалтад оруулж, шүүх хуралдааныг жич товлохоор шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.
Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах ажилтан Ж.Оюунцэцэг мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Өнөөдөр 9:30 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан эхэлсэн ч, даргалагч шүүгч татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хүлээн авч хэргийг дахин хуваарилалтад оруулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны товыг жич зарлахаар хойшлуулж шийдвэрлээд байна” гэлээ.