“Улаан цэцэг” киноны орлогоор “Хавдаргүй эмэгтэйчүүд” төсөл хэрэгжүүлнэ

2022-03-9 Соёл урлаг
"Улаан цэцэг" киноны орлогоор "Хавдаргүй эмэгтэйчүүд" төсөл хэрэгжүүлнэ
Төр нийгмийн зүтгэлтэн зохиолч С.Удвал агсны тухай “Улаан цэцэг” түүхэн киноны нээлт гуравдугаар сарын 8-нд болов. Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачлагаар “U Film” уран бүтээлийн нэгдэлтэй хамтран бүтээсэн энэ киноны орлогоор 2022 онд “Хавдаргүй эмэгтэйчүүд “ сэдвийн хүрээнд эрүүл мэндийн төслүүд хэрэгжүүлэх гэнэ.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэлээс өмнө нь киноны талаар тодруулахад “Улаан цэцэг” уран сайхны киног хийхдээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Энэ киног хийхдээ Швейцарийн хөгжлийн агентлагт төсөл бичиж, тендерт оролцоод тодорхой хэмжээний санхүүжилт авсан. Мөн хандив зохион байгуулсан бөгөөд ивээн тэтгэгч, хандив, төслийн санхүүжилтээр киног бүтээсэн. Үндсэндээ “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл 50, Монголын эмэгтэйчүүдийн холбоо 50 хувийн санхүүжилтийг бүрдүүлсэн. Холбооныхоо удирдах зөвлөл болон аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэг, хүлээн авалт, хандив босгож, “Ундрам” сан ивээн тэтгэгчээр оролцсон” гэдгийг хэлж байв.

Сономын Удвал ахайтан Ардын Их Хурлын депутатаар 10 удаа сонгогдож, үүнээс тэргүүлэгч гишүүнээр есөн удаа ажилласан, Монголын эмэгтэйчүүдийн хороог 25 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил тэргүүлсэн Монголын шилдэг удирдагч, ХХ зууны манлай эмэгтэйчүүдийн нэг билээ.

Жүжигчин Г.Ундармаа “Улаан цэцэг” киноны гол дүрд нь тоглож байгаа бөгөөд нийтдээ 200 орчим уран бүтээлч хамтран ажиллажээ. Жүжигчин Г.Ундармаагийн хувьд өчигдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан юм. Нийтдээ 700 сая төгрөгийн өртгөөр “Улаан цэцэг” кино бүтсэн гэдгийг холбооноос хэлсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.