2022 онд бидний ажил, амьжиргаа ямар байх бол?

2022-01-5 Uncategorized


2022 он гарлаа. Ковид-19 дуусаагүй байгаа энэ онд бидний ажил, амьжиргаа ямар байх бол? Дэлхийн Банкны тооцоогоор 2021 онд манай эдийн засаг 4,5% өссөн байх төлөвтэй байна. 2022 онд үнийн түвшин, хамаг наймаа арилжаагаа хийдэг юанийн үнэ ханш ямар байх бол гээд олон асуудал санааг зовоосон хэвээр.

Ковид-19 эхлэхэд үнэ их өсөөгүй боловч 2021 оны дөрөвдүгээр сараас эхлээд үнэ огцом нэмэгдэж ирсэн. Тухайлбал 2021 оны арваннэгдүгээр сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний үнэ 18,7 хувиар өссөн байна. Энэ өсөлт 2022 онд буурахгүй, улам л нэмэгдэхээр байна. Эдийн засагчдын хэлээр нийлүүлэлтийн талын инфляц буюу түүхий эд, баглаа боодол, тээвэр, ложистикийн асуудлаас болж үнэ улам нэмэгдэхээр байна.

2021 оны үнийг 2015 онтой харьцуулж байж бид үнийн бодит өсөлтийг харж чадна. Зураг 1-т харуулснаар 2019 онд, корона вирус тархахаас өмнө үнийн огцом өсөлт ажиглагдаагүй бол 2021 оны 2 дугаар сараас үнийн бодит өсөлт нэмэгдэж, 2021 оны 11 дүгээр сар гэхэд бид корона вирусгүй 2015 онтой харьцуулахад 40 орчим хувь өндөр үнэ төлж, хүнсний болон хүнсний бус бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг худалдан авч байна.

Зураг 1. Үнийн бодит өөрчлөлт
Зураг 1. Үнийн бодит өөрчлөлт Эх сурвалж: 1212.mn

Өрх гэр, хүмүүс өндөр үнэ төлж хүнс, бараагаа авч байгаа бол үйлдвэрлэгчид мөн өндөр үнээр, тухайлбал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарыг 2015 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өндөр үнээр түүхий эд, үйлдвэрлэлийн орцуудыг худалдан авч байна. Хаана, хаанаа л үнэ өсөж байна. Үнэ өсөхөөр бидний орлого, амьжиргаа л муудна.

Гэхдээ арай өөдрөгөөр харвал 2022 болон 2023 онуудад ямар нэгэн улс төрийн сонгууль явагдахгүй тул халамжийн их мөнгө хэвлэх шаардлага гарахгүй тул үнэ 20-30 хувь хүртэл өсөхгүй байж болох магадлалтай юм.

Дараагийн 2022 онд бидний нүүр тулах асуудал бол төсвийн алдагдал. 2021 он дуусахад бид 14 сая тонн нүүрс л экспортолж амжсан байна, төсвийн орлого хэсэгт 42 сая тонн гэж хэмжиж, баталж байсныхаа дөнгөж 33 орчим хувийг л борлуулж чадаж. Төсвийн орлого тасалдана. Иймд 2022 онд их хэмжээгээр үргэлжлүүлэн, халамжлах мөнгө байхгүй, сох дутна. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж, дэд бүтцэд оруулах мөнгө дутагдах тул дахиад зээлнэ. Гадаад өр 33.3 тэрбум ам.долларт хүрсэн, цаашид ч улам нэмэгдсээр л байх болно. Гадаад худалдаа сэргэх цагт ханш өснө. Бид бүх юмаа Эрээнээс юаниар худалдан авах тул юанийн эрэлт эрс нэмэгдэж, юанийн үнэ өснө. Үнэ, төсөв, өр, ханшны хувьд ийм байна.

2022 оны манай эдийн засгийн хамгийн том асуудал бол БНХАУ-тай хийх худалдаа, экспортоо хэрхэн өмнөх хэмжээнд барих, ингэснээр гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ сэргэж, төсвийн орлого, төгрөгийн ханшаа тогтвортой барих боломжтой болох юм.

Чадах уу? Асуудалтай:

Асуудал зөвхөн Монгол Улсын Засгийн Газар, хувийн хэвшлийнхээс хамаарахгүй, харин БНХАУ-ын Засгийн Газрын бодлогоос их хамаарч байна. Ковид-19 цар тахал эхэлсэн 2020 оныг Хятадын эдийн засаг харьцангуй хохирол багатай давсан бол 2021 онд өөрсдийн вакциныг гаргаж, нийт хүн амаа хоёр удаагийн тунгаар тарьж, эдийн засгаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлсэн байсан боловч Ковид-19 вирусийн шинэ хувилбаруудын эсрэг уг вакцин эсэргүүцэл сул байгаа нь, мөн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр гарсан цохилт, Evergrand компанийн дампуурал, үүнээс үүдсэн ган хайлш, төмөр, нүүрс, химийн үйлдвэрлэл зэрэг том том салбаруудын худалдан авалт буурсан, хэрэглэгчдийн айдас, болгоомжлол, эцэст нь сая оны эцэст Жөжянь мужид хатуу хөл хорио тогтоосон зэрэг нь 2021 оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт хүлээж байснаас тун доогуур гарахад нөлөөллөө.

2022 оны хоёрдугаар сард болох Бээжингийн Өвлийн Олимпыг амжилттай явуулахад Хятадын Засгийн газар бүх анхаарлаа хандуулж байна. Бээжин хот түүхэнд зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан цорын ганц хот болох гэж тун их чармайж байгаа тул гаднаас орж ирэх цар тахлын шинэ хувилбарууд онцгой аюул, болгоомжлол дагуулж байна. Тийм ч учраас Эрээн Замын-Үүдийн худалдааг эрүүл мэндийн аюулгүй байдлын үүднээс хязгаарлаж байгаа билээ.

Эдийн засгийн хувьд, Хятадын Ковидын эсрэг, вирус гарсан хот, мужид эрүүлийг хамгаалахын гол хүчийг аваачих, хэсэгчилсэн хатуу хөл хорио тогтоох, үйлдвэрлэл, үйлчилгээг зогсоох бодлого нь нийгмийн эрүүл мэндэд ч тэр, эдийн засагт ч тэр эрсдэл үүсгэж байна. 2021 онд БНХАУ-ын Төв Банкнаас банкны системд 188 тэрбум ам.долларын санхүүжилт хийнэ гэсэн нь 2022 онд банкны салбар, үйлдвэрлэлийн өргөжилт, хэрэглэгчдийн хүлээлт зэрэгт асуудал байгааг харуулж байна. Эдийн засгийн хямрал болоход иргэд, өрх гэрүүд хэрэглээгээ танаж, аливаа эрсдэлийг даван туулахын тулд илүү хадгалахыг эрмэлздэг. Нэг талд Засгийн газрынх нь асар их болгоомжлол, ямар ч үнээр хамаагүй Ковидыг барих бодлого, нөгөө талд 1.4 тэрбум хүн хэрэглээгээ бууруулж байгаа болгоомжлол нийлэхээр энэ том эдийн засаг 2022 онд 2021 оноос муу байж болохоор байна.

Тэгвэл юу аврах вэ?

БНХАУ-ын эрдэмтэд хэзээ цар тахлын шинэ шинэ хувилбарын эсрэг, найдвартай сэргийлэх вакциныг гаргаж, хэзээ 1.4 тэрбум хүн амаа 2 тунгаар тарьж, сэргийлж дуусна тэр үед л БНХАУ-ын хэсэгчилсэн хатуу хөл хорионы бодлого цуцлагдаж, нийлүүлэлтийн талын асуудлууд шийдэгдэж, үйлдвэрлэл, тээвэр, ложистик хэвийн байдалд орж, Монголын хил хэвийн ажиллаж, экспортын хэмжээ, худалдаа арилжаа 2019 оны түвшиндээ эргэн очих юм. Зөвхөн жижиг хэмжээний Монголын эдийн засаг ч биш, дэлхийн бүхий л эдийн засгууд Хятадын эдийн засгийн сэргэлтээс хожно. Одоо бид Хятадын шинжлэх ухаан, эрдэмтдэд л найдах үлдсэн. Сайн мэдээ гэвэл тэд шинэ вакцины хөгжүүлэлт, үе дамжсан туршилтууд дээр маш шуурхай ажиллаж байна.

Тиймээс 2022 онд Монголын эдийн засагт дөрөвдүгээр сарын 1-н хүртэл гадаад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зогсонги байдал үргэлжилж, хэрэглээний болон үйлдвэрлэлийн үнэ ихээхэн өссөн, хүмүүсийн орлого нэмэгдэхгүй хэцүү дүр зураг харагдаж байна. 2022 оны 3, 4 дүгээр улиралд БНХАУ-ын нөхцөл байдал сайжирна гэж таамаглавал гадаад худалдаа нээгдэж, бүх зүйл хэвийн байдалд орох нь цаг хугацааны асуудал. Гэвч юанийн ханш гэж хэцүү асуудал биднийг тойрохгүй нь лавтай.

Б. Отгонтөгс

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.