Манай улсад цар тахлын халдвар эрс нэмэгдэв. Халдварын тоо хоногт 2000 давж, 10 гаруй хүн аюулт өвчнөөр нас барах үзэгдэл лав сүүлийн арваад хоног давтагдаж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад COVID-19 халдварын 93551 тохиолдол бүртгэгдэж, 436 хүн нас бараад байгаа юм. Тэгвэл халдвар авсан нэг хүн дунджаар 250 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэж байгаагийн дийлэнх нь вирусын эсрэг эмэнд зарцуулдагдаж буй. Гэвч эмийн сангууд вирусын эсрэг “Арбидол” эмийг хэтэрхий үнэтэй борлуулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд өрнөсөнтэй холбогдуулан аудитын байгууллагаас шалгалт хийлээ.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын гурван удаагийн тушаалаар вирусийн эсрэг Арбидол эм, Ремдесивир тарилгын эмийг гаднын үйлдвэрлэгч орнуудаас оруулж ирэх нэг удаагийн импортын лицензийг давхардсан тоогоор 15 компанид олгосон байна. Ингэж олгохдоо гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед гэрээг шууд байгуулж төсвөөс худалдан авалт хийжээ.
Эрүүл мэндийн яамнаас 2021 оны дөрөв болон тавдугаар сард гурван эм ханган нийлүүлэх байгууллагаас 1.124.204.800 төгрөгөөр Арбидол 200мг, 100мг вирусийн эсрэг эмийг 931176 ширхэг, хоёр байгууллагаас 449.595.520 төгрөгөөр 4000 ширхэг Ремдесивир тарилгын эмийн гэрээ шууд байгуулжээ. Харин гэрээ байгуулснаас олгосон санхүүжилтийн гүйцэтгэл зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 759.133.600 төгрөг буюу 48.2 хувьтай байна. Мөн халдварын тохиолдол бүртгэгдсэн аймаг, нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан олгож байгаа бөгөөд улсын хэмжээнд 925.990 ширхэг эм, тарилгын эмийн нөөцтэй байгаа аж.
Аудитын дүгнэлтээр зах зээл дээр эмийн сангуудаар худалдаалагдаж буй 100 мг Арбидол эмийг Эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнээс 43 орчим хувиар, 200 мг Арбидол эмийг 46 орчим хувиар буюу нэг дахин өндөр үнэтэй борлуулж байгаа нь илэрчээ. Тухайлбал, Монос эмийн санд 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидол 36000 төгрөгийн үнэтэй зарагдаж байв. Аудитын байгууллагийн мэдээллээр бол 100 мг-тай 20 ширхэгтэй Арбидолын үнэ 15480 төгрөг байх ёстой аж.
Түүнчлэн Эрүүл мэндийн яам энэ онд коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх эмнүүдийг таван удаагийн худалдан авалтын буюу 899.254.800 төгрөгийн мэдээллийг ил тод мэдээлээгүй байжээ. Тиймээс хуульд заасны дагуу таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалтын 759.133.600 төгрөгийн дөрвөн гүйлгээний мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудаст мэдээлээгүй байсныг ил тод байршуулж, нэг удаагийн импортын лицензийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангахыг аудитад хамрагдсан байгууллагуудад зөвлөжээ.
Халдварын тархалттай холбоотойгоор вирусийн эсрэг эм, тарилгын эмийн мэдээллийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг яаманд зөвлөсөн байна. Иргэдийн дунд хамгийн их эрэлттэй байгаа эдгээр эмийг хөнгөлөлтөөр олгох нь эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаар зарагдаж байгаа эмийн үнэ хэт өндөр байхаас сэргийлж үнийн зохицуулалт хийх боломжтой гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг баталдаг. Эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар даатгуулагч эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад батлагдсан эмийг эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах зохицуулалттай. Тиймээс коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэж буй вирусийн эсрэг эмийг тус жагсаалтад оруулах, иргэдэд үнийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг судлах зөвлөмжийг өгсөн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин