УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын нүүр номын нийтлэлийг уншигч тантай хуваалцаж байна.
—–ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ПАК ЖӨН ХЫЙ-Н ТУХАЙ БОДОЛ—–
“Эх оронч” гэх дүрийг манай улстөрчид чадмаг бүтээдэг болж. Хайрт эх орон, халуун элгэн нутаг, хамгаалах ёстой тусгаар тогтнол гээд хамгийн мундаг эх орончийн дүрээр хөг нийлүүлэн уянгалах болж. Ард түмнийхээ хүн шиг амьдрах, улс шиг хөгжих хүсэл дээр алдарт жүжгүүдээ дэглэж, галтай цогтой үгээ хэлдэг ч үнэндээ тэдний хүссэнийг л ярьж, хүрэхийг зорьсон мөрөөдөл дээр гишгэлнэ. Харамсалтай нь тэдний жинхэнэ дүр төрхийг олон нийт үл харна. Учир нь тэдэнд бусдад тэр бүр байхгүй “гайхамшигт” масктай. Энэ маскаа зүүсэн цагт цогтой эх оронч, гайхалтай улстөрч, жинхэнэ манлайлагч, агуу удирдагч, цогтой тэмцэгч гээд хүссэн дүрдээ хувирна. Аажимдаа мэргэжлийн жүжигчин ч гэмээр харагдана. Иймэрхүү масктай буюу багтай улстөрчид, нам үндэстэн дамжсан олигархжсан жүжигчдийг жагсаавал багагүй цаг, цаас болох биз. Гэвч тэдний үнэн дүр төрх нь өнөөгийн бохир улс төр, өнөөдрийн зэрлэг капитализмыг л бүтээсээр, бусдыг түүндээ живүүлсээр… Учир нь тэд маскгүй бол хэн ч биш.
Харин жинхэнэ эх орончдод маск, баг, нүүр будалт, дүр бүтээлт огт хэрэггүй. Учир нь тэд цээжээ дэлдэлгүй, эх орныхоо төлөө нойроо хугаслан, чөмгөө дундартал зүтгэгсэд. Ийм эх орончдын нэг нь Өмнөд Солонгосын өнөөгийн хөгжлийн суурийг тавьсан Пак Жөн Хый юм. Түүнийг өмнөд солонгосчууд ҮНДЭСНИЙ БААТАР, жинхэнэ УДИРДАГЧ-ЛИДЕР хэмээн өргөмжилдөг. Үнэндээ ингэж өргөмжлөхөөс ч өөр аргагүй том гавьяаг эх орондоо тэрбээр бүтээж чадсан хүн. 1950-аад он хүртэл баялаггүй, санхүүгийн чадамж муу Өмнөд Солонгос хөгжлөөрөө Азидаа сүүл мушгиж, улс орных нь нөхцөл байдал маш хүнд байсан юм.
Төр, засаг нь өнөөх авилгал гээчид идэгдсэн бас “үлгэрлэн манлайлагч” удирдлагагүйн улмаас эдийн засаг нь уналтанд орсон байсан ба улмаар улс төр, эдийн засгийн өөрчлөлт хийхийг шаардсан жагсагчдын тэмцэл хааяагүй өрнөж байсан эгзэгтэй цаг байлаа. Энэхүү улс төр нь тогтворгүй байсан үеийг өөрчлөн, өнөөгийн Солонгост хүргэсэн манлайлан удирдагч Пак Жөн Хый-н тухай товч намтраас дурдахгүй бол тухайн үеийн учир байдлыг ойлгоход бас дутмаг болно. Хошууч, генерал Пак Жөн Хый Хувьсгалт цэргийн хороог байгуулж, 1961 оны 5-р сарын 16-нд Армийн тэргүүн Чан До Ёныг оргон зайлсны дараа өдөр нь энэ байгууллага нь цэргийнхний дунд төрийн эргэлт хийхэд улс төрийн эмх замбараагүй байдалд ядарч туйлдсан энгийн иргэд хүчтэй дэмжиж байжээ. Пак Жөн Хый нь цэргийн академи, сургуулиуд төгссөн нэгэн. Сургуулиа төгсөөд Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг армийн засгийн газрын харъяан дахь цагдаагийн армид офицер болжээ.
Тэрээр төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авсан хэдий ч энэ үйлдэл нь зөвхөн улс эх орон, ард түмэн, хойч үеийнхээ төлөө улсдаа эв нэгдэл, эдийн засгийн хөгжил авчрах гэсэн үйлдэл байсан гэж бичигддэг. Тэрээр 1961 оноос 1979 оныг хүртэл нийт 17 жилийн турш засгийн эрхийг барьж байсан хугацаандаа Хан мөрнийхөө эрэг дээр “жинхэнэ ид шид, гайхамшиг”-ийг бүтээж чадсан нэгэн. Тэрбээр зорьсондоо хүрч, ард түмэндээ сайхан амьдралыг бэлэглэж чадсан хүн юм. Энэ бүхнийг хамгийн гол нь өөрийн биеэр үлгэрлэн удирдаж, биечлэн оролцож, газар дээр нь зохион байгуулж, манлайлдаг удирдагч байсан гэж миний танил солонгос нөхөд маань хуучилдаг юм. 1963 онд Пак Жөн Хый ерөнхийлөгч болсон бөгөөд түүний дэглэмийн үед хүний эрхийг зөрчих, халдах тохиолдол байсан тухай болон зарим түүхчид түүнийг “дарангуйлагч ерөнхийлөгч” гэж нэрлэдэг хэдий ч энэ талаар хүмүүс зарим нь дэмжиж, зарим нь буруушааж, үзэл бодол нь хоёр хуваагддаг. Өнөөдөр ард түмэн нь түүний тэдэнд үлдээсэн бүтээн байгуулалт, улс орныхоо хөгжлөөс улбаалан удирдагчаа хүндэлж, хайрлаж, дурсан санадаг хэвээр юм билээ.
Нэн тэргүүнд түүний авилгачидтай маш хатуу тэмцэж чадсан нь ард түмэнд гэрэл гэгээ өгөх том эхлэл болж чаджээ.
Өнөөдрийн Монголын нийгмийн амьдрал доройтон, эдийн засгийн хөгжил саарч, ард түмний ядуурал туйлдаа хүрч, авлига хээл хахууль, халдварт өвчин эмгэг, цар тахлын тархалт, архидалт, амиа хорлолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд оргилдоо хүрсэн ч маск зүүсэн хуурамч эх орончид энэ бүхний дунд хэрхэн яаж, юу хийж явааг ард түмэн мэдэх билээ. Жинхэнэ эх оронч, удирдагч-лидер харамсалтай нь манайд үгүйлэгдэж байгаа гэхэд буруудахгүй байх.
Пак Жөн Хый ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийсэн ажил бол ард түмнээ ядуурлаас гаргахын тулд Герман улс руу элчээ илгээн, мөнгө зээлэх хэлцэл хийх л арга байсан гэдэг. Зээлье гэхэд бас хэн ч шууд май гээд өгөх билээ дээ. Тэр үеийн Герман улс Дэлхийн 2-р дайны дараа сэргээн босголтоо ид хийж байсан цаг бөгөөд ажиллах хүчнээр дутмаг байсан үе юм. Туркээс залуу уурхайчид хэдэн мянгаараа ирж байлаа.
Германаас Солонгосын талд цалинг барьцаа болгох нөхцөлтэйгээр сувилагч, уурхайчид авахыг зөвшөөрч, одоогийн ханшаар 100 сая ам. доллар зээлэх зээлийн гэрээ хэлцэл хийсэн гэдэг. Гарцаагүй байдлаас үүдсэн энэхүү шалтгаанаа Пак Жөн Хый ерөнхийлөгч ард иргэддээ учирлан хэлж гуйхад, улс эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар 46 000 залуучууд сайн дураараа бүртгүүлжээ. Германд ирсэн залуухан солонгос сувилагч нар нас барсан хүний цогцос өдөржингөө цэвэрлэж, залуучууд нь мянга илүү метрийн гүнд агааргүй, халуун маш хүнд нөхцөлд ажиллаж байв. Тэд эх орноо, гэр бүлээ санан уйлж байсан ч „эх оронч халуун сэтгэл” тэднийг нэгтгэн, хэн ч буцах тухай яриа гаргаагүй гэдэг.
Ерөнхийлөгч Пак Жөн Хый 1963 онд залуучуудаа эргэхээр Германд очих гэсэн боловч, өөрийн нисэх онгоц байхгүй тул АНУ-ын онгоцонд билет захиалхад түүнийг төрийн эргэлт хийж байсан шалтгаанаар тасалбарыг нь хүчингүй болгож байжээ. Иймд Германы талаас онгоцоо явуулснаар Пак Ерөнхийлөгч Германд хөл тавьж нутгийнхаа залуучуудтайгаа уулзалт хийж тэр нь зурганд түүх болон үлдсэн юм. Тас хар болтлоо түлэгдсэн царайтай залуучуудаа хараад Пак Ерөнхийлөгч маш ихээр өрөвдөж, төрийн дууллаа ч дуулж чадалгүй: “БҮГДЭЭРЭЭ ХИЧЭЭН АЖИЛЛАЦГААЯ, ХОЙЧ ҮЕИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХИЧЭЭНГҮЙЛЭН АЖИЛЛАЦГААЯ, БИД ЭНЭ ҮНЭ ЦЭНИЙГ ХЭЗЭЭ Ч МАРТАХ УЧИРГҮЙ” хэмээн чин сэтгэлийн үгээ хоолой зангируулан хэлж байсан гэдэг. Ингэж лидерийнхээ манлайлал, удирдлага дор солонгосчууд маш их сэтгэлийн тэнхээтэй байж, аливаад шантардаггүй, зовлон бэрхшээл, хямрал тохиолдоход улам л хатуужиж, сөрж босдог, нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулж чадсан юм. Үүнээс гадна эдийн засгийн хямрал болж, улс орон нь хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад “Алт цуглуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлэхэд иргэд нь алтан бөгж, ээмгээ тушаах буюу хандивлах гэж дугаарлан зогсоцгоож байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр ард түмний сэтгэл зүрхэнд байсан “жинхэнэ эх оронч сэтгэл”-ийг бадрааж чадсан Лидер байсан нь харагддаг.
Харин Монголд масктай улстөрчид, масктай эх орончид, масктай авлигачид, масктай нам үндэстэн дамнасан бүлэглэл гэх мэт нөхөд жинхэнэ дүрээ сайн далдалж чадсан учир, жирийн иргэд нь ашиг сонирхол, албан тушаалын аалзны тор, эдийн засгийн хүнд байдлаа тэсвэрлэж эс чадахдаа хэдэн зуун мянгаараа Өмнөд Солонгосыг зорьж, хамгийн бохир, хамгийн хүнд ажлыг нь нугалан улсынхаа валютын урсгалыг нэмэгдүүлж ар гэрийнхээ амьдарлыг авч явж байна. Гэвч тэдний жинхэнэ эх оронч, жинхэнэ амьдралын төлөөх тэмцлийг төр засаг нь бүрэн гүйцэд үнэлж, зохион байгуулж эргэх холбоотой ажиллах тал дээр учир дутагдалтай байна.
Харин Пак Жөн Хый ерөнхийлөгч эх орноо төлөөлөн харьд очин хар ажил хийж байсан залуучууд болон ард түмнийхээ хамтын хүчээр улс орноо ядуурлаас, хямралаас гаргах нүсэр ажлыг амжилттай зохион байгуулж чадсан юм. Тэрбээр нэгэнтээ ард түмэндээ хандан “Эдүгээ бидний өмнө шинэ түүхийн үүр цайж байна. Энэ бол ядуурлын бус хөгжил цэцэглэлтийн түүх, бусдаас хараат бус бие дааж хөгжихийн түүх, хуваагдлын бус нэгдлийн түүх. Энэ бол үнэхээр сэргэн мандалтын гал бадран асч эхэлсэн түүх юм”
“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа МӨНХ юм. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү” хэмээн гайхалтай үгээ ард түмэндээ хандан хэлж байжээ. Эдийн засгаа богино хугацаанд эрчимтэй хөгжүүлхийн тулд Германы жижиг, дунд үйлдвэрлэлийн туршлагыг судалж эх орондоо нутагшуулан салбар салбарын өндөр мэргэжилтэй ажилтан, мастер инженерүүдийг бодлоготойгоор бэлдсэн нь Солонгос улсын цаашдын эдийн засгийн хөгжилд тодорхой түлхэц болсон гэдэг.
Пак Жөн Хый Ерөнхийлөгч хуучнаар ЗХУ-ын загвараар 5 жил тутмын макро эдийн засгийн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлж ажиллаж байсан бөгөөд Өмнөд Солонгосын тэргүүлэгч компаниуд болох Хёндэ, Самсунг, Эл Жи, Эс Кей зэрэг компаниуд нь Пак ерөнхийлөгчийн үеийн санхүүгийн болон татварын тааламжтай нөхцөлд цэцэглэн хөгжсөн түүхтэй. 1961 онд түүнийг засгийн эрхэнд гарах үед Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн 72 ам. доллар байсан бол өнөөдөр 30000 ам.долларыг хэдий хол давжээ. Мөн аж үйлдвэрийн бүтцийн шинэчлэлийг хийж, үйлдвэржилтийг дэмжин ажилласны ачаар 1965 оноос экспортын хэмжээгээрээ дэлхийг цочроож эхэлсэн. Түүнийг төр барьж байх хугацаанд Солонгос улсад хурдны зам тавигдаж, 1968 онд Поханы /POSKO/ Гангийн үйлдвэрийг Япончуудтай хамтарч барьж чадсанаар ган хайлуулалт, автомашин үйлдвэрлэл, электрон ба цахилгааны барааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлж эхэллээ. Газар нутгийн зохион байгуулалтыг шинэчилж, газар тариаланг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласан байдаг.
“Хөдөө тал нь малаар дүүрэн, хөвч тайга нь ангаар дүүрэн, хөрсөн доор нь эрдэнээр арвин” гэж Төрийн шагналт яруу найрагч Д.Сэнгээ бичсэн ч өнөөдөр Монголд хүний хэрэгцээ хангагдах нь даанч дутуу, гуцуу хэвээр. Жинхэнэ эх оронч, жинхэнэ удирдагч бол ард түмнээ зөв чиглүүлэхэд л улс орны хөгжил өнгө засаж, тэр битгий хэл байхгүйгээс баялгийг бүтээж чаддаг байна. Яг л, 800 жилийн тэртээ Эзэн богд Чингис хаан Монгол туургатныг нэгтгэж чадсан шиг ард түмнийг эвлэлдэн нэгдүүлж чадвал хөгжлийн зам нь зурайдаг аж.
Гэтэл бидний байдал засагтайгаа зууралдаж, байгаагаа нэг нурааж, нэг тарааж, нам намаар мөн нам дотроо хүртэл хэдэн тал болон талцаж, гэдсэндээ хөлөө жийж л суух юм.
Ингээд бодхоор бид дээр өгүүлсэн Солонгосын хөгжлийн түвшинд хэзээ дөхөж очих бол доо…
Бидний гол дутагдал ямар ч үед нэгдэж чаддаггүй, улс төрөөр талцан хуваагдаж, иргэд нь сонгууль дөхөхөөр аль илүү халамж амласных нь өгөөш болсоор өдийг хүрчээ. Хавтгайрсан халамжтай, ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээ, залхууралд хэт автуулснаар энэ маягаар амь зогоогоод байх боломж, арга, хүлээлтэнд тэднийг сургасаар байна. Ийм байдлаар 30 гаруй жил өнгөрлөө. Бас нэгдмэл нэг зорилготой нэг л үндэстэн байж нам, аймаг сум, хот хөдөө, хот дотроо төвийнх захынх, гадаад, дотоодод төгссөн гээд л дуусахгүй цуврах олон ялгаралтай, талцалтай бөгөөд өнөөх л зааг, хана, хэрмийг өөр хоорондоо ядах юмгүй босгосон хэвээр, өндөрлөсөн хэвээр…
Улс орны язгуур эрх ашгийг хоёрдугаарт тавьж, өөрийгөө тойрон хүрээлэгчдээр вакуумжуулж, хана хэрэм, зааг босгож, нам үндэстэн дамжсан олигархи бүлэглэлийн эрх ашгийг хамгаалан, хувийн эрх ашгийг ард түмнийхээс дээгүүр үздэг хуурамч эх орончид олширсоор л байна.
Үнэндээ хэн нэгэн масктай эх оронч, багтай улстөрчийг анхааралгүй, нийгмийн шинэчлэл хийхийн төлөө хүн бүр нэгдэх цаг болжээ. Үсрэнгүй хөгжилтэй орнуудад ард түмний оюуны түвшин, боловсрол мэдлэг, өндөр ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй хүн нь хамгийн үнэт баялаг нь болж, улс үндэстнийхээ хөгжлийн төлөөх хурдны галт тэрэг шиг урагшлах хүч нь болж байна.
Хүн эхлээд боловсрол эзэмшихийн зэрэгцээ нэн тэргүүнд зөв төлөвших нь чухал. Зөв төлөвшил, зөв хандлага, өндөр хариуцлага, ёс зүйтэй байж л жинхэнэ эх оронч төрөх болов уу гэж бодно. Улс төрийн өндөр тавцанд гарсан хүмүүс дотор өнөөг хүртэл зөв мөртэй, зөв хандлагатай, ноён нуруутай, авлига хээл хахуулд автаагүй хүмүүс бас цөөнгүй бий.
Дээр өгүүлсэн Солонгосын удирдагч Пак Жөн Хый, өмнө нь бичсэн Сингапурын лидер Ли Куан Ю шиг маскгүй, эх оронч удирдагчид манайд төрж МОНГОЛ ЭХ ОРНОО өөд нь татах цаг аль хэдийн болжээ.
Сүүлийн жилүүдэд олноор төрөн гарч ирж буй өндөр боловсролтой, ёс суртахуунтай, хариуцлагатай, зүтгэлтэй, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй, дэлхийн хэмжээнд сэтгэдэг манлайлагч залуучууд өсөн дэвжиж, Монгол эх орноо цэцэглэн мандуулж, хөгжүүлж чадна гэж итгэж байна.
МОНГОЛ МИНЬ ӨСӨН ДЭВЖИХ БОЛТУГАЙ!
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
7 цагийн өмнө
7 цагийн өмнө
Өчигдөр
87365
30398
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.