Монгол барбекью гэдэг шал өөр

2017-12-18 Ертөнц

Америк тэргүүтэй барууны орнуудад монгол барбекью гэсэн тодотголтой зоогийн газрууд үйл ажиллагаа явуулдагийг уншигчид мэдэх биз ээ. Гэвч тэдгээр зоогийн газрын монгол барбекью хэмээн нэрлэдэг шарсан мах, ногоо нь монгол үндэсний зоогоос тэс өмнөө гэдгийг бид мэднэ. Тэгвэл Монгол барбекью гэдэг нь Америк, Австралийн зоогийн газруудын санал болгодог буффетнээс сонголтоо хийгээд өөрийн хүссэнээр зуухан дээр шарж болгодог хоолноос өөр гэдгийг Traveller.com.au сайтад залруулан тайлбарлажээ. Тус сайтад бичсэнээр өрнийн орнууд дахь Монгол барбекью гэсэн нэр нь ердөө л үйлчлүүлэгчдийг татах гэсэн маркетингийн арга хэрэгсэл, жинхэнэ монгол үндэсний хоолтой ижил төстэй зүйл бараг үгүй гэжээ. Монголчууд өөрийн гэсэн барбекью хийх аргатай. Тэр бол бүтэн хонь, ямааны махаар хийдэг хорхог, боодог гэх мэт битүү аргаар болгодог хоол. Бэлчээрт тааваараа идээшиж өсдөг хонины махаар хийсэндээ ч тэр үү, эсвэл тусгай жор байдаг уу, хорхог маш амттай гэдгийг Traveller-ыннийтлэлч бичжээ. Гагцхүү барууны орнуудад байдаг Монгол барбекью гэсэн нэртэй зоогийн газрууд Монголын үндэсний хоолын талаар гадаадын иргэдэд буруу ойлголт, төсөөлөл төрүүлдэг учраас манай улсыг зорин ирсэн жуулчид нутгийн хоолыг анх идэж үзээд гайхдаг, танил болсон Монгол барбекьюг Монголоос хайгаад олдоггүй гэдгийг ч дурджээ. Тиймээс хэрэв Монголд аялах гэж байгаа бол үндэсний хоол нь барууны зоогийн газруудынхаас өөр шүү гэдгийг Traveller уншигчдадаа сануулжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.