Марк Зукерберг: Харвардын их сургуулиас олсон хамгийн үнэтэй зүйл бол эхнэр минь

2017-12-21 Ертөнц

 

“Facebook” компанийг үндэслэгч Марк Зукерберг 13 жилийн өмнө орхисон Харвардын их сургуулиа өнөөдөр төгслөө.  Дэлхийн нэг тэрбум гаруй хүнийг эгнээндээ нэгтгэж, хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компанийг өөрийг гараар бий болгосон түүнд Харвардын их сургуулиас суралцаж байсан чиглэлээр нь хүндэт зэрэг олгож, төгсөлтийн баяртаа урьжээ. 33 настай тэрбумтан Марк Зукерберг үүгээр Харвардын их сургуулийн төгсөлтийн баярт уригдан, үг хэлсэн хамгийн залуу зочин болсон байна.

Нэг л өдөр сургуулиа заавал төгсөнө гэж ээждээ өгсөн амлалтаа биелүүлж, Харвардын дипломыг гардан авсан Марк Зукерберг төгсөгчдөд хандан үг хэлэхдээ сэтгэл нь хөдөлсөндөө нулимс дуслуулжээ. “Facebook” сүлжээг байгуулахаар дэлхийд алдартай их сургуулийг орхиж байсан тэрээр төгсөгчдөд хэлэхдээ “Аливаа өөрчлөлт бүхэн багаас эхэлдэг. Дэлхийг хамарсан өөрчлөлт хүртэл өчүүхэн жаахнаас, бидэн шиг хүмүүсээс эхэлдэг юм шүү” гэж хэлсэн нь олон хүнд урам зориг өгчээ. Ажил амьдралынхаа шинэхэн гараан дээр зогсч байгаа, өнөө үеийг төлөөлж буй оюутан залуус бол даяаршлын гадна үлдэж хоцорсон хүмүүст анхаарал халамж тавьж, тэдний амьдралыг илүү сайхан болгохын төлөө хичээх учиртай хүмүүс. Учир нь өнөөдөр  бидний амьдарч буй энэ цаг үе тогтворгүй байгаа учраас амьдралыг урагш нь татаж чангаах хүч нь залуус юм гэж Facebook-ийн эзэн ярьжээ.

Марк Зукерберг Facebook сүлжээг үүсгэхээс өмнө “Facemash” хэмээх сургуулийн дотоод сүлжээг бий болгож байжээ. Оюутнуудын зургийг оруулж, хэр царайлаг болохыг нь бусад оюутнуудаар үнэлүүлдэг энэ сайт нь гэхдээ төд удалгүй оюутнуудын гомдлоор хаагджээ. Үүний дараа Зукерберг одоогийн “Facebook” сүлжээг 2004 оны хоёрдугаар сарын 4-нд Харвардын дотуур байрнаас анх эхлүүлж байсан түүхтэй. Тэрээр сүлжээгээ өргөжүүлэхийн тулд сургуулиа орхиход хүрсэн ч тэндээс явахын өмнөхөн ирээдүйн эхнэр Присциллатайгаа танилцаж амжжээ. Гурав хоногийн дараа сургуулиасаа явна хэмээн найзуудтайгаа үдэлтийн үдэшлэг хийж байх үедээ  Присциллатай танилцаж, удалгүй Харвардыг орхих учраас хурдхан болзохыг гуйжээ. Эндээс тэдний хайр дурлал эхэлсэн бөгөөд Харвардын их сургуулиас олсон хамгийн үнэтэй зүйл нь “Facebook” биш харин Присцилла байсан юм хэмээн дурсчээ. Учир нь, түүнийг өдий хэмжээний амжилтад хүрч, зорьсон бүхэндээ хүрэхэд хамгийн том хүч нөлөө үзүүлсэн хүн нь түүний хайртай бүсгүй байжээ.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.