Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнгөрөгч сарын байдлаар 16 мянган хүн ажилгүй болж, 33 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан” хэмээн мэдэгдэв.
Үнэндээ Засгийн газар маш өндөр алдагдалтай баталсан төсвөө нөхөхийн тулд дотоодын зах зээлд бонд гаргаж, өрийн хэмжээг улам нэмэгдүүлэн эдийн засгийг хумих биш харин эсрэгээр нь тэлэх бодлогыг хэрэгжүүлмээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн үргүй зардлуудыг танаж, танасан мөнгөөр компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчдэд шууд хөрөнгө оруулалт хийх, ядаж хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй. Улс орнууд эдийн засгийн бодлогоо энэ чиглэлд хандуулаад удаж байна.
Гэтэл манай эрх баригчид хувийн хэвшлийнхнийг “буянаараа бол” гэсэн байдалтай. Яг өнөөдрийн байдлаар хил хаасантай холбогдон уул уурхайг дагаад тээвэр, агуулахын аж ахуй, үйлчилгээ, худалдааны салбар тэр чигтээ зогсонги байдалд шилжсэн. Холбогдох байгууллагын мэдээлж буйгаар гадаад эрэлт унаж, худалдаа, экспорт 50 хувиар буюу огцом агшсан билээ. Мөн эдийн засгийн агшилт уул уурхайгаас гадна хөнгөн аж үйлдвэр, нэхмэл, ноос ноолуур, арьс шир гээд боловсруулах үйлдвэрлэлд ч явагдсан. Энэ бүхний үр дүнд хэчнээн жирийн иргэн ажилгүй, талхнаасаа салсан нь тодорхойгүй. Эрх баригчид энэ байдлыг мэдсээр байж, ганц ч үг ганхийхгүй байгаа нь шийдвэртэй алхам хийхгүй гэсэн үг үү. Мөн энэ талаарх буюу ажилгүй иргэдийн тоог Нийгмийн даатгалын ерөнхий газар олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь хардлага тээхэд хүргэж байна. Тэгэхээр тэд ажлаа хийхгүй байна уу эсвэл дээрээс энэ чиглэлийн мэдээллийг хав дарах даалгавар өгөв үү…
Энд нэг зүйлийг онцлоход, Үндэсний статистикийн хорооны дүн мэдээллээр боловсруулах үйлдвэрлэл 16 хувиар агшсан мэдээг өгөв. Гэвч үүний цаана мөн л хэчнээн хүнийг ажилгүй болгож, амьжиргааг нь доройтуулж байгааг хэн ч мэдэхгүй сууна. Бас хөл хорионы улмаас тээврийн салбарт зорчих хөдөлгөөний урсгал хаагдсан. Тэгвэл энэ нь хэчнээн хүний хөдөлмөр эрхлэлтийг зогсоосон бэ гэдэг асуулт мөн л анхаарал татаж байна. Цаашлаад цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн үйлчилгээний салбарын нийт ажиллагсдын тоо яг хэдээр буурсан бэ гэдгийг одоогоор хэн ч бүрэн гүйцэт судлаагүй байна. Үнэндээ Үндэсний статистикийн хорооноос мэдээлж буй хөдөлмөр эрхлэлт 108 мянгаар буурсан гэх үзүүлэлт нь зөвхөн “ажилчин ангийн” хагдарсан тоо юм. Энэ мэтчилэн хувийн хэвшлийн салбарт “инфляци” дээд цэгтээ хүрч, нүд сэргээх ганц ч гэрэлтэй мэдээ алга. Үнэндээ бол улс орон эдийн засаг, санхүүгийн хямралд орчихоод байгаа нь төрийн нэр барьсан хэнээтэн, цагаан захтнуудын гаргасан бодлогогүй, үндэслэлгүй, судалгаагүй, хэрэгждэггүй хууль, дүрэм журам, зах замбараагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй биш үү. Улс орны эд баялаг, ашигт малтмалыг хэн цөлмөөд, өр төлбөр, ял зэмд унагаагаад байна вэ. Энгийн иргэн Дулмаа, Дондог уу. Эсвэл идэш ууш нь дийлддэггүй ард түмэн үү? Үгүй бол ачааны хүндийг нугалж яваа аж ахуйн нэгж, компаниуд уу? Уучлаарай, тийм биш шүү, Ерөнхий сайд аа…
О.ГЭРЛЭЭ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.