Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд нээлтээ хийсэн “DreamWorks” студийн бүтээл “Boss Baby” хүүхэлдэйн кино энэ онд хамгийн өндөр орлого олсон таван киноны нэг болоод байна. 125 сая доллараар бүтээсэн энэ хүүхэлдэйн кино 396 сая долларын орлого олоод байгаа юм. Хүүхдүүд төдийгүй томчуудын сонирхлыг маш их татаж буй “Boss Baby” хүүхэлдэйн киноны талаарх шүүмжийг хүргэж байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампыг чадварлаг дуурайж, олныг хөгжөөж байсан жүжигчин Алек Балдвин бараг л хошин шогийн жүжигчин гэдгээ шинэхэн уран бүтээлээрээ баталлаа. Одоо үзэгчид түүнийг живхтэй, чемодантай бяцхан эр “Boss Baby”-гийн дүрээр нь илүү мэддэг боллоо. “Dream Works”-ын шинэ бүтээл “Boss Baby” драм, хошин шог, сентименталь гээд ёстой л хүүхэлдэйн кинонд байвал зохих бүхэн цогцолсон кино болжээ.
Кинонд гарах адал явдал, үзэгчдэд өгөх хөөр хөгжөөн бүгд гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэхэд зориулагджээ. Долоон настай Тимоти буюу Тим хэмээх хүүгийн гэр бүлийнхээ түүхийг өгүүлж буй хэлбэрээр өрнөх “Boss Baby”-гийн адал явдлыг Алек Балдвинаас гадна Жимми Киммел, Стив Бускеми, Лиза Кудроу гээд дуу хоолойн гайхамшгийг үзүүлдэг мундгууд өгүүлсэн юм.
“Boss Baby” эхлэхдээ Тимийн гэнэн томоогүй, хэт мөрөөдөмтгий хүүхдийн жаргалтай ертөнцийг дүрсэлснээр эхэлдэг. Харин киноны нэр болох “Boss Baby”-г танилцуулах үед Тимийн тэр гайхалтай ертөнц урвуугаа харж орхидог.
Тим хүү удахгүй том ах болох гэж байгаагаа мэдсэнээр энэ бүх үйл явдал эхэлнэ. Хэдийгээр шинэхэн хүн өлгийдэн авсан айл гэр бүхэн өрнүүн их ажилтай болдог ч Тимийн гэр бүлд хэний ч төсөөлөхөөргүй хачирхалтай явдал болно. Тимийн бяцхан дүү эцэг эхийнх нь бүх анхаарлыг булаагаад зогсохгүй ярьж чаддаг, тэр бүр хэл бичиж чаддаг нь хүртэл Тимийг гайхашруулна. Тун удалгүй Тим бяцхан дүү нь тусгай даалгавартай тэдний гэр бүлд ирснийг ойлгоно.
Хэрэв Босс жаал дэлхийд ирсэн зорилгоо биелүүлж чадвал Тимийн гэр бүлээс буцаж, хүү эцэг эхийнхээ урьдын хайр халамж, анхаарал бүхнийг хүртэх болно гэдгийг ойлгоно. Үүнийг ойлгуулахын тулд “Босс жаал” ахыгаа тэнгэр дэх “Baby Corp” буюу Хүүхдийн корпорацид дагуулан очдог. Хүүхэд бий болдог тэр газарт хэдэн мянган хүүхдүүд ээж аав дээрээ очихоор үйлдвэрийн дамжлага дамжих мэт нэг газраас нөгөө рүү шилжин бэлтгэгдсээр хүний ертөнц рүү илгээгдэнэ. Харин зарим нэг онцгой хүүхэд жирийн гэр бүлд мэндлэхийн оронд Хүүхдийн корпорацидаа тушаал дэвшин ажилладаг. Манай гол дүрийн Босс жаал ч эгэл жирийн нэгэн байсангүй. Тушаал дэвшиж, менежер болжээ. Гэвч түүний ажиллахаар үлдсэн Хүүхдийн корпораци бол хүүхдүүд ажилладаг ч гэлээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр халамж үгүй, ердөө л ажил өрнөдөг газар байв. Босс жаал онцгой нэгэн байсан тул жирийн хүүхэд болж хорвоод мэндлэхийн оронд Хүүхдийн корпорацийн хамгийн алдартай захирал болж, хананд нь хөрөг зургаа өлгүүлэхийг хүснэ. Тэр албан тушаал дэвшихийг л хүсэхээс гэр бүл гэж ямар байдаг, эцэг эхийн хайр гэж юу болохыг огт мэддэггүй. Харин аз болоход киноны төгсгөлд албан тушаал ахихыг хүсдэг босс жаал маань гэр бүлийн халуун хайрыг мэдэрч, тэнгэрээс бууж, жинхэнэ гэр бүлд амьдрахыг хүсдэг нь “Гэр бүл хамгийн чухал нь”гэсэн киноны хамгийн гол мессэж болжээ.
Гэхдээ тэр энэ аз жаргалтай төгсгөлөөс өмнө ахынхаа тусламжтай зорилгоо биелүүлж чадсан юм. Босс жаал Хүүхдийн корпорацийн гол өрсөлдөгч болсон “Puppy Co” хэмээх гөлөг үйлдвэрлэдэг компанийн шинэ загварын гөлгийг худалдаанд гаргахгүй байх зорилготой дэлхийд ирсэн юм. “Puppy Co” компанийн гаргасан гөлөгнүүд хэтэрхий өхөөрдөм хөөрхөн учраас хүмүүс түүнийг нь авч, хүүхдүүдээс эцэг эхийн хайрыг нь булааж байна гэж Хүүхдийн корпораци үзжээ. Ингээд хүүхдүүдийн гол өрсөлдөгч болсон гөлөгнүүдийг шинээр худалдаанд гаргахаас өмнө зогсоох даалгавартай босс жаал дэлхийд ирсэн бөгөөд энэ амаргүй үүргийг биелүүлэх гэж чамгүй олон адал явдлыг туулна. “Boss Baby”-гийн зохиолын ерөнхий ханыг үзэгчид тааварлаж болохоор байсан ч дундаа олныг алмайруулах эргэлт олонтой, үзэгчдийн элгийг нь хөштөл инээлгэх хөгжөөнтэй адал явдлуудыг эхнээс нь дуустал шигтгэж өгснөөрөө маш сайн бүтээл болжээ.
Б.Номун
8 цагийн өмнө
9 цагийн өмнө
11 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
87385
30523
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.