Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя

2020-05-29 Uncategorized

Б.НАМУУНТАМИР

Ногоон гэсэн тодотгол байгаль орчинд ээлтэй байхаар илэрхийлэгддэг. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд байгаль орчны төлөө ногоон зээлийг идэвхтэй дэмжиж, хөгжүүлж байна. Харин манай улсад ногоон зээл олгох үйл ажиллагаа ямар төвшинд байна вэ гэдгийг энэ нийтлэлээр үзүүлэхийг зорилоо. Засгийн газар, БОАЖЯ түүнийг төлөөлж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд арилжааны банкуудтай хамтран иргэд, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болсноо өнгөрсөн наймдугаар сард зарласан билээ. Гэр хороолол дахь 200 мянган өрхийг 2030 он гэхэд  “Ногоон зээл”-ээр хангах бүрэн бололцоо бий гэдгийг яамныхан онцолж байсан юм. Агаарын бохирдлыг шийдэхийн тулд гэр хорооллын айл өрхүүд ханан пийшингээсээ салж, дэлхий нийтийн тренд болж буй “ногоон” тодотголтой эрчим хүчний хэмнэлттэй хурдан хугацаанд халдаг технологийн дэвшилтэт цахилгаан халаагуурыг хэрэглэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа билээ. Тухайлбал, гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагууртай болох, эко ариун цэврийн байгууламжтай болох, мөн агаар, хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүмүүс ногоон зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг.

Ногоон зээл жилд 8-9 хувийн хүүтэй байх бөгөөд зээлийн хүүгийн хөнгөлөлтөд улсаас 3.75 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Засгийн газрын 2018 оны 157 дугаар тогтоолыг баталснаар нийслэлийн хэмжээнд дөрвөн төрлийн агаар цэвэршүүлэгч, 10 төрлийн эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн байна.

Гурван банкинд өгсөн 3 тэрбумаас ганцхан хувь нь зээл болж гарчээ

Өнөөдрийн байдлаар 100 гаруй иргэн, ААН-д 700 орчим сая төгрөгийн ногоон зээл олгоод байгаа гэсэн тооцооллыг салбарын яам гаргасан.  Түүнчлэн энэ үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээр яриа хэлэлцээрийг хийж байгаа талаар мэдээлж байсан юм. Түүнчлэн дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа  шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн есөн хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг есөн хувийн хүүтэйгээр Төрийн банк, ХААН, ХАС банк олгож байгаа.

Энэ эх үүсвэрт зориулж БОАЖЯ-наас гурван тэрбум төгрөгийн санхүүжилтийг дээрх гурван банкинд өнгөрсөн оны наймдугаар сард төсвөөс олгосон. Тодруулбал,  ХАС банкинд 1.8 тэрбум, ХААН банкинд 800 сая, Төрийн банкинд 400 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгвэл Үндэсний аудитын газраас БОАЖЯ-ны 2019 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар энэхүү хөтөлбөрийн үр дүн маш хангалтгүй байгааг дүгнэжээ. Аль нэг жилийн өмнө шахуу санхүүжилтийг шийдсэн байтал өнгөрсөн хоёрдугаар сарын 5-ны байдлаар хэрэгжилт нь дөнгөж ганцхан хувьтай буюу  эдгээр гурван банк 33 сая төгрөгийн зээлийг гаргасан байна. Уг нь энэ хугацаанд дор хаяж 60-аас доошгүй хувь буюу 1.8 тэрбум төгрөгийг зээл болгож гаргах гэрээтэй байж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн өвлийн утааг бууруулах үйл ажиллагаанд энэ гурван банкаар дамжуулан олгох зээл тус нэмэр болох ёстой байсан. Гэвч намар, өвөл өнгөрөөд хавар болчихоод байхад ганцхан хувийн гүйцэтгэлтэй суугаа нь дэндүү чамлалттай үзүүлэлт юм.

Бид энэ талаар зээл олгож байгаа банкуудтай холбогдон тодруулсан юм.

“Хэрэглээний зээлийн шалгуур өндөр байна…”

Уг зээлийг яамтай хамтран хэрэгжүүлдэг Монголын тогтвортой санхүүгийн холбооны зүгээс “Ногоон зээл гарахгүй байгаа шалтгаан олон байна. Нэгдүгээрт, банкуудын өр авлагын харьцаа. Энэ нь 60/40 харьцаатай байдаг. Энгийнээр тайлбарлавал  иргэн сарын 500 мянган төгрөгийн цалинтай бол 300 мянган төгрөгийн зээл авсан байж болно. Харин үлдсэн 200 мянган төгрөгөө амьдралдаа зарцуулна. 500 мянган төгрөгийн цалинтай хүн 400 мянган төгрөгийн зээл төлөөд амьдарна гэж байхгүй шүү дээ. Нэг талаасаа иргэдэд дарамттай юм шиг хэрнээ иргэдэд өрийн дарамт үүсэхээс хамгаалж Монголбанк ийм журам гаргасан. Энэхүү өр авлагын харьцаанаас болоод тэр бүр зээлээ авч чадахгүй байгаа нь үнэн. Банкуудын хувьд өр авлагын харьцааг буюу зээлийн шалгуурыг бууруулаад аль болох олон хүнд зээл гаргах нь ашигтай ч иргэдэд өндөр дарамт үүснэ.  Хоёрдугаарт, олон нийтэд энэ ногоон зээлийн талаарх мэдлэг мэдээлэл, сурталчилгаа маш муу байна. Одоо БОАЖЯ- тай хамтраад нэгдсэн байдлаар ногоон зээлийн бүтээгдэхүүнээ иргэдэд мэдээлэл түгээх ажлыг эхлүүлнэ. Гуравдугаарт, ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, нийлүүлдэг компаниуд бага байна, зарим нь стандартын хувьд муу байна” гэсэн хариулт өглөө.

Харин Хас банкны зүгээс “Ногоон зээлийн үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа. Бид иргэдэд ногоон зээлийн үйлчилгээг таниулахын тулд утсаар хүртэл иргэдтэй холбогдож санал болгодог. Иргэд сонирхдоггүй биш сонирхдог. Хүсэлтээ гаргадаг. Харин асуудал иргэд Монголбанкны хэрэглээний зээлийн журмын шаардлагыг хангахгүй байгаад байгаа юм. Учир нь дийлэнх иргэд цалин, тэтгэвэр болон бусад төрлийн зээлтэй байдаг. Монголбанкнаас гаргасан хэрэглээний зээлийн шалгуур үзүүлэлт чангарч, ихэнх иргэд шалгуур үзүүлэлтийг хангаж чадахгүй байгаатай холбогдуулан зээл буцаж байна. Манай банкны нэг давуу тал нь хуучин зуухтай бол зуухаа хураалгаад 150 мянган төгрөг авах байдаг. Хамтран ажилладаг нийлүүлэгч долоон байгууллагатай бөгөөд хэрэглэгч тэр байгууллагуудын бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх боломжтой. Түүнчлэн “Ногоон зээл” хөтөлбөрт хамрагдаж, бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж ахуйн нэгжүүд гааль, НӨАТ, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөх боломж эдэлдэг” гэсэн тайлбарыг өглөө.

ХААН Банкны хувьд “Иргэдэд энэ зээлийн талаарх мэдээлэл маш дутмаг, ийм зээл байдаг эсэхийг мэддэггүй иргэд олон байна. Хүсэлт гаргасан иргэдийн хувьд шалгуур хангасан нь зээлээ авдаг. Дийлэнх нь өр авлагын харьцааг тооцоолоод үзэхээр давхар зээлтэй учраас шалгуур хангадаггүй. Манай банк монгол гэр болон, байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн найман хувийн хүүтэй өгөх бол аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, мөн жилийн найман хувийн хүүтэйгээр олгож байгаа. Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламжийн бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлага тавигдана. Ямар нэгэн барьцаа хөрөнгө шаардахгүй. Ганцхан зээлээ эргэн төлөх боломжтой гэдгээ л нотлох хэрэгтэй юм. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй, хамгийн зөв технологийг сонгосон байх ёстой. Ийм л шаардлага тавьж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

“Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулна”

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улс байгаль орчинд ээлтэйгээр эдийн засгаа хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болно гэдэгт итгэж байна. Ногоон зээлийн үйлчилгээг цаашид үргэлжлүүлж, Монголбанктай хамтран шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлээр яриа хэлэлцээрийг хийж байгаа. Нүхэн жорлон, зуухаа шинэчлэх, гэр байшингаа дулаалах, цэвэр бохирын асуудлаа сайжруулах, халаалтаа шинэ технологи ашиглан шийдэх хүсэлтэй иргэн бүрт энэхүү ногоон зээлийг хүргэж ажиллаарай гэж банкуудаасаа хүсэж байна” хэмээн саяхан мэдэгдэж байсан юм.

Тэгвэл БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Иргэд, аж ахуйн нэгжүүд “Ногоон зээл”-ийн талаар мэдээлэл дутмаг байна. Ногоон зээл гэдгийг маш сайн ойлгож, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэх ёстой. Иргэд ч мөн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Засгийн газар үүргээ биелүүлээд, “Ногоон зээл” хөтөлбөрийг гаргаад, зээл өгөөд, дэмжлэг үзүүлээд явж байна. Энэ бол маш том хөнгөлөлт. Тиймээс бүгд тал талаасаа л санаачилгатай, сэтгэлтэй байх ёстой” гэв.

Уг нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засгийн салбарыг нийцүүлэн хөгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэн, ногоон эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжихэд бүхий л улс орон, олон улсын байгууллагууд ихээхэн хүчин чармайлт тавин, хөрөнгө мөнгө зарцуулан ажиллаж буй энэ үед иргэдэд энэ талаарх мэдээ мэдээллийг түлхүү хүргүүлж, хэрэглээний зээлийн шалгуур үзүүлэлтийг бууруулах чиглэлийн арга хэмжээг авчихвал ногоон ирээдүйг хөгжүүлэхэд чухал түлхэц болох билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.