Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудал гээд Монголын улстөрчидтэй холбоотой томоохон хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж байна.
Эдгээр бүх хэрэгтэй нэр нь холбогддог хүн бол С.Баярцогт. Тэрээр 2008 оноос хойш Байгаль орчны сайд, Сангийн сайд, ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын дэд дарга гээд төрийн өндөр албан тушаалуудыг хашиж байсан. Харин Оюутолгой, Дубайн гэрээ, оффшорын асуудлаар хуулийн байгууллагаас албан ёсоор түүнийг шалгаж эхэлсэн нь 2017 он юм.
Одоогоор С.Баярцогт нарт холбогдох хэргүүд шүүхийн шатанд шилжиж байгаа бөгөөд энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх яриа ч улс төрийн хүрээнд байна. Ийнхүү 2008 оноос хойш Монголын улс төр, гадаад харилцаа, хууль зүйн салбарт С.Баярцогттой холбоотой ямар үйл явдал өрнөснийг “Timeline” булангаараа онцлон хүргэж байна.
2008 оны есдүгээр сарын 11.
2008 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа С.Баярыг Ерөнхий сайдаар томилсон байдаг. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр АН-тай хамтарсан Засгийн газар байгуулах шийдвэр гаргасан билээ. Ялангуяа Сангийн сайдын албан тушаалыг тухайн үеийн АН-ын гишүүн С.Баярцогтод өгсөн нь анхаарал татсан үйл явдал байв.
2009 оны аравдугаар сарын 6.
Монгол Улсын Засгийн газар “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаниуд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Тэр өдөр нийтдээ гурван гэрээ зурсан байдаг. Эхний гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талыг төлөөлж, Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, хөрөнгө оруулагчдыг төлөөлж “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн ерөнхий захирал Брет Клейтон, “Айвенхоу майнз Монголия Инк” компанийн ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит гарын үсэг зурсан байдаг юм.
2009 оны арваннэгдүгээр сарын 18.
-Оюутолгойн гэрээ баталсны дараагаас С.Баярын Засгийн газар огцрох асуудал яригдаж эхлэв. Тухайн оны арваннэгдүгээр сарын 18-нд Ерөнхий сайд С.Баяр МАХН-ын Удирдах зөвлөлд албан тушаалаа өгөх өргөдөл гаргаж, дараагийн гүйцэтгэх засаглалын тэргүүнээр С.Батболдыг томилов. Ийнхүү С.Баярцогт Сангийн сайдаар нэг жилийн хугацаанд ажиллаж, Оюутолгойн гэрээг байгуулах ажилд гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
2012 оны зургадугаар сарын 14.
С.Баярцогт Сэлэнгэ аймгаас парламентын гишүүнээр сонгогдлоо. Тэрээр УИХ-д дөрөв дэх удаагаа нэр дэвшиж, өрсөлдсөн нь энэ юм.
2012 оны наймдугаар сарын 17.
УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг томилуулах тухай тогтоолын төслийг парламент хэлэлцэж, гишүүдийн 81.6 хувийн саналаар дэмжин батлав.
2013 оны дөрөвдүгээр сарын 4.
УИХ-ын дэд дарга С.Баярцогтын Швейцарийн банкны дансан дахь нэг сая ам.долларын асуудал ил болов. Ингэхдээ тэрээр “Би дөрвөн найзтайгаа нийлж нэг сая ам.доллар босгож, Швейцарийн дансанд мөнгө хийсэн. Тэрүүгээрээ хувьцааны бизнес хийх гэж байсан” гэсэн тайлбар өгч байв. Харин өөр эх сурвалжууд 2008 онд түүний оффшор дансанд мөнгө орсон, 2009 оны арвандугаар сарын 27-нд мөн 9.2 сая ам.доллар дансанд нь орсон гэх мэдээллийг өгсөн байдаг. С.Баярын Засгийн газар Оюутолгойн гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан билээ.
2013 оны дөрөвдүгээр сарын 25.
УИХ-ын чуулганы хуралдаанаар С.Баярцогтын ёс зүйн зөрчлийн тухай асуудлыг хэлэлцэж, дэд даргаас чөлөөллөө. С.Баярцогтын гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгаагүй асуудлаар буруутгасан байдаг. Мөн тэрээр чуулганы хуралдаан дээр “УИХ-ын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага татвараас зугтаасан, мөнгө угаасан гэж үзээгүй зөвхөн гадаадын банкин дахь дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн эсэхийг л тодруулахыг хүссэн” гэж хэлж байв.
2014 оны арванхоёрдугаар сарын 9.
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилохыг гишүүдийн 75 хувийн саналаар дэмжин баталлаа. Ингэснээр тэрээр Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “гал тогоо”-г хариуцаж ажиллах болсон юм.
2015 оны тавдугаар сарын 21.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар бүрдээд ердөө хагас жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират улсад очиж, Оюутолгойн далд уурхайн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг баталсан байдаг.
2015 оны зургадугаар сарын 5.
МАН-ынхан “Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав.
Урьдчилсан дүгнэлтэд, “Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна. Гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ.
2016 оны тавдугаар сарын 28.
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, С.Баярцогтыг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх шийдвэр гаргав. С.Баярцогтын оффшор данс хаагдсан тул нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэж үзсэн юм. 2016 оны сонгуульд С.Баярцогт нэр дэвшсэн ч парламентад сонгогдож чадаагүй юм.
2017 оны нэгдүгээр сарын 13.
АТГ-аас С.Баярцогтод оффшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн гэж мэдэгдэв. Байгаль орчны хуульчдын холбооны тэргүүн Ц.Туяацэцэг, Э.Цэрэндолгор түүнийг шалгуулах хүсэлтэй хүргүүлсэн байдаг. Энэ цаг үеэс эхлэн С.Баярцогтыг хэд хэдэн үндэслэлээр хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаагаа эхлүүлсэн юм.
2018 оны дөрөвдүгээр сарын 02.
ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Т.Ариунсан, Эрдэнэс-Тавантолгойн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр баривчлан шалгаж эхэлжээ. Мөн АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад цаашид С.Баярцогтыг яллагдагчаар цагдан хорих шаардлагатай гэж үзэж, яллагдагчаар татаж шалгах саналыг Нийслэлийн прокурорын газар хүргүүлсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгт дуудах хуудас илгээсэн бөгөөд Монгол Улсад ирсэн үед нь Дубайн гэрээтэй холбогдуулан байцаалтаар болсон байдаг.
2018 оны зургадугаар сарын 13.
Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг суллажээ. Ингэснээр С.Баярцогт, Б.Бямбасайхан нар гадуур шалгагдахаар болсон юм.
2019 оны нэгдүгээр сарын 16.
Нийслэлийн прокурорын газраас С.Баярцогтыг яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн байна. Саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад С.Баярцогтыг нэг сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Түүнийг Оюутолгойн гэрээг байгуулахаас өмнө “Айвенхоу майнз”-ын хувьцаа эзэмшигч байсан, улмаар гэрээ байгуулсны дараа хувьцааны үнэ өсөхөд бусдад худалдаж өөртөө давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр гадаад улсаас ирсэн баримтад тулгуурлан цагдан хорьж шалгахаар болсон юм.
2019 оны нэгдүгээр сарын 30.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогтыг батлан даалтад гаргах шийдвэр гаргав.
2019 оны гуравдугаар сарын 16.
Швейцарийн “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны хуулгыг лавшруулан шалгавал, Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудалд өөр эзэн холбогдогч илэрч болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдэгдэв. 2017 оноос хойш тус банкинд албан бичиг хүргүүлсний үр дүнд, С.Баярцогтын дансны хуулгыг Швейцарийн тал, ГХЯ-аар дамжуулан, АТГ-т албан ёсоор хүргүүлэхээр болсныг онцолсон.
2019 оны гуравдугаар сарын 18.
С.Баярцогт Т.Аюурсайхан гишүүний мэдээлэлд хариулт өгөв. Тэрээр 2019 оны нэгдүгээр сарын 11-нд Швейцарийн холбооны улсын прокурорын газраас материалыг ирүүлсэн юм. Ирснийх нь дараа би АТГ-т материалаа өгсөн. Миний АТГ-т өгсөн материал Т.Аюурсайхан гишүүний авчирсан гээд байгаа материал хоёр адилхан. Тийм болохоор энэ хэрэг удахгүй хаагдана” гэсэн байдаг.
2019 оны арваннэгдүгээр сарын 4.
Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээтэй холбоотой ном хэвлүүлснээ зарлаж, мэдээлэл хийлээ. Тэрээр Оюутолгойн гэрээ зурагдсаны 10 жилийн ой болсон. Энэ ойг төр засгийн зүгээс дуугүй өнгөрөөсөн. Тэгвэл 10 жилийн ойг тохиолдуулаад “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” гэсэн 500 гаруй хуудастай ном хэвлүүлснээ ийн мэдэгдсэн байдаг.
2020 оны гуравдугаар сарын 20.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хөрөнгө оруулагч талд давуу байдал бий болгож найман их наяд төгрөгийн хохирол учруулсан хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нарыг 2017 онд яллагдагчаар татаж, хавтаст хэрэг үүсгэн С.Баярыг 60, С.Баярцогтыг 73 хоног хорьж
шалгасан. Энэхүү хэргийг шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ. Гэвч С.Баярцогтыг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон мэдээлэл цацагдаж эхлэв.
2020 оны гуравдугаар сарын 25.
Энэхүү асуудалд Нийслэлийн прокурорын газраас тайлбар өгөв. Тайлбарт Уг хэрэгт нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай байсан. Цугласан нотлох баримт дээр үндэслэн хэргийг дахин шийдвэрлэх боломжтой. Яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох гэдэг бол хоёр өөр ойлголт гэсэн байдаг. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн С.Баярцогтыг 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвших тухай асуудал яригдаж эхэлсэн нь улс төрийн хүрээнд анхаарал татаж байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.