“Нам дагавал ам тосдоно” гэдэг шинэ цагийн зүйр үг гарчээ. Ингэж хэлэгдэх болтлоо улс төрийн намын тухай ойлголтыг буруу зүй тогтлоор хөгжүүлэх болж. Зүй нь өнөөдрийн нийгэмд намын буянаар албан тушаалд томилогддог, төрийн албанд ордог жишиг тогтчихсон нь бодит үнэн. Тиймээс Улс төр судлаач, түүхч (Ph.D) А.Энхбаттай эл сэдвээр ярилцсан юм.
-Шат шатны сонгууль дөхөхөөр л хоёр том нам “хойморт” гарч суучихаад, жижиг намууд амилах шиг болох юм. Нам гэдэг аппрат ямар байх ёстой юм бэ. Цөөн хүн амтай манай улсад нам гэдэг бүлэглэл арай л олдоод байх шиг?
-Хорьдугаар зууны эхэн үеэс л манай нам, улс төрийн замнал эхэлсэн гэж үзэж болно. 1911 онд улс төрийн хамгийн том хүчин нь лам нар, Чингисийн алтан ургийн язгууртнууд гэсэн хоёр том бүлэглэлүүд байжээ. Энэ хоёр бүлгэм явсаар байгаад монголын тусгаар тогтнолыг сэргээж өнөөдрийн нам үүсэх суурь бааз болжээ гэж үздэг. Тусгаар тогтнолоо олоод 5-6 жилийн дотор монголд өөрийн гэсэн шинэ хөрөнгөтнүүд, бичиг соёлын боловсролтой сэхээтнүүд бий болоод эхэлсэн. 1921 оны хувьсгалыг харахаар өнөөх Чингисийн алтан ургийн ноёдууд байсан уу байсан. Өнөөх лам нар байсан уу гэвэл бас байжээ. 1921 оны хувьсгалыг бичиг үсэгтэй, шинэ хөрөнгөтнүүд нь хийснийг түүхээс харж болно. Энэ хувьсгалын үеэр МАН гээчийг байгуулсан. Хожим нь МАХН болсон. Үүнээс хойш 1990 оны Үндсэн хуулиар нам бол улс орныг жолоодох хамгийн гол хүчин мөн гэж зааж өгсөн. Гэтэл үндсэндээ 1990 оны хувьсгалаар Монгол орон улс төр нийгмийн системээ шинэчиллээ. Гэтэл 1990 онд байгуулагдсан Монголын ардчилсан холбоо, бусад шинэ намууд гарч ирээд ямар үлгэр жишээ авсан бэ гэхээр намынхаа бүтцийг яаж хэрхэн хийх вэ гэдгээ сурсан. Яг хуучин Монгол ардын хувьсгалт намын бүтцийг тэр чигээр нь хуулсан. Одоо намууд дээр яригддаг авлига, мөнгө төгрөг идсэн уусан, шамшигдууллаа, төр болохгүй байна, улс төрийн намууд пракциараа хуваагдлаа гэсэн яриа бол хуучин бүтцээ хуулснаас үүдсэн яриа юм. Шинэ нам гарч ирсэн ч шинэчлэгдээгүй.
-Хуучин ямар бүтэц байсан гэж?
-Төрийн болон намын бүтэц байсан. Хуучны намын бүтэц одоо ч арилаагүй манай бүх хүчнүүдэд уламжлагдсаар л байна.
-Нэг нам олонхи боллоо гэхэд бүтэц дотроо цус сэлбэх боломжгүй байгаа нь бас нэг алдаа юм шиг санагдах юм…?
-Одоо намын дарга, нарийн бичгийн дарга л бүгдийг удирдаж залж байна. Аймагт ч яг ийм. Аймгийн Засаг дарга тэгээд ямар намын хүн аймгийн засгийг барьж байгаагаас хамаарч аймгийн намын дарга шийдэгддэг. 1990 оноос өмнө төр намаараа дамжуулаад бүтцээ санхүүжүүлээд явдаг байсан. Гэтэл одоо яг тэр санхүүжилт нь хэвээрээ. Гэтэл эвслийн засаг байгаа шүү дээ. Ардчилсан нам, МАХН, МАН, МЗНН, МҮАН, Шударга ёс эвсэл гээд эвслээс бүрдсэн засаг байна. Энэ бүх намууд төрийн бүтцэд ороод ирсэн болохоор өөр өөрсдийн намаа тэжээх ёстой гэсэн бодлого хандлагаар амьдраад байгаа юм. Тэгвэл хуучин цагт аймгийн дарга, намын дарга хоёр яг адилхан эрх мэдэлтэй. Яг ижилхэн машин хөлөглөдөг, бүтэц аппрат нь яг ижил байсан. Одоо бол аймгийн даргаас гадна дахиад 3-4 эрх баригч намын дарга нар тэнд зэрэгцээд сууцгааж байна. Өөрөөр хэлбэл, төр маш олон намыг санхүүжүүлдэг, тэжээдэг хоолны газар болчихлоо. Сум, баг, хороод дээр яг ийм дүр зураг давтагддаг. Тэгэхээр ийм том бүтцийг төр эцэстээ тэжээж дийлэхгүй болж байна. Намын тухай гажгийг ярихаар бүтэц, санхүүжилтын асуудал заавал хөндөгддөг.
-Одоо манайхан намаа хэрхэн яаж санхүүжүүлж байна?
-Нэгдүгээрт, намынхаа гишүүдээс татаас авч байна. Гэтэл аль ч нам намынхаа гишүүдийн тоог үнэн бодитой зарладаггүй. Багцаа тоогоор л хэлээд байна. Уг нь санхүүгийнх нь тайланд манай намын тэр гишүүн ийм мөнгө өгсөн гэсэн тооцоо тайлан байх ёстой. Хоёрдугаарт, төрөөс санхүүжилт авдаг. УИХ-д суудалтай намууддаа төр санхүүжилт олгочихож байна. Гуравдугаарт, хамгийн том санхүүжилт нь хандив. Үүнийг дагасан улс төрийн албан тушаалын наймаа, авлига бий болж байна. Эцэст нь манай намууд үл хөдлөх хөрөнгөө түрээслээд түүгээрээ ашиг олж намаа санхүүжүүлж байгаа дөрвөн нийтлэг байдал анзаарагддаг. Тэгвэл ийм нийтлэг дөрвөн байдлаас яг алинаар нь намаа санхүүжүүлдэг байх юм бэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Шинэ нам байгууллаа гэхэд санхүүжилтыг нь хэн хариуцах юм, парламентад суудалгүй намыг яах юм гээд олон асуудал үүснэ. Тэгэхээр намын санхүүжилтыг ярихаасаа өмнө намын бүтцээ шийдэхгүй бол өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал мөнх үргэлжилнэ. Намын шинэ хуулиар бол сумдад нам болон намын даргыг байхгүй болгоно гээд байгаа. Байхгүй болгоё гэх мөртлөө сумын засаг даргыг намаас биш иргэдээс сонгоё гэсэн яриа гарч байна. Энэ мөн л эргэлзээтэй. Иргэдийн төлөөлөл сумынхаа засаг даргыг хийдэг байвал дээр нь байгаа аймгийнхаа засагтай ойлголцохгүй. Төрийн нэгдмэл чанар, нэгдмэл бодлого гээч юм алдагдах магадлалтай шүү.
-Намын санхүүжилт гэхээсээ гишүүнчлэлийн асуудал дутахгүй ээдрээтэй. Нэг хүн хэдэн ч намын гишүүн болж болоод байна?
-Намын гишүүнчлэл ямар байх хэрэгтэй юм гэдэг бас чухал. Зөвхөн дэмжигчидтэй байх юм уу, хатуу тоо заасан гишүүнчлэлтэй байх уу гэдгээ шийдэхгүй бол дэмжигч, гишүүдийнх нь тоо тодорхойгүй. Аль ч нам тийм судалгаа гаргаагүй. Тэгэхээр манайд нам өөрөө гаж замаар хөгжиж байна. Тэгвэл 1990 оноос өмнө намын гишүүн гэж хэн байсан юм. Нам гэж юу байсан юм. Яагаад 1990 оноос өмнөх сайд дарга нар мундаг боловсролтой, шигшигдсэн хүмүүс байсан бэ. Яагаад манай өнөөгийн зарим сайд дарга нар тэнэг мангар авир ааш гаргаад байна. Энэ бол өнөөгийн улс төрчдийг хараад эрхгүй бодогддог сэдэв. 1990 оноос өмнө төрийн хүнийг шат дараатай бэлтгэж байжээ. Коммунизм гэдгийг тунхаг болгосон цаг үе байлаа. Одоо бол хүмүүнлэг, ардчилсан, иргэний шударга нийгэм байгууллаа гэдэг. Тэгвэл урд цагт коммунист нийгэмд амьдрах хүүхэд ямар байх ёстой юм гэдгийг нь хүртэл бодлогоор заадаг байсан. Эхлээд багачууд болдог багачуудаасаа баатарчууд болох ёстой. Баатарчуудаас пионер болох ёстой. Ингээд эвлэлийн гишүүн болно. Үүнээсээ намын гишүүн болохын тулд хэн нэгэн таныг дааж аваад намын орлогч гишүүн болгоод намынхаа жинхэнэ гишүүн болохоор та өөртөө асар том ёс зүйн хариуцлагыг үүрдэг. Байгуулах гэж байгаа нийгэмдээ амьдрахын тулд бүх талаар нь хүнээ бэлтгэдэг байж. Одоо тэгвэл манайд хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэмд амьдрах ёстой хүүхэд ямар байх юм, эмч, багш, хуульч, цагдаа нь ямар байх ёстой юм гэсэн институт алга. Одоо бол намын гишүүн болох шиг амархан юм алга. Үнэмлэх тараагаад л болгож байна. Хэн хаана бүртгэж хянаж байгаа юм тодорхойгүй. Нэг хүн гэхэд л өнөөх олон намуудын үнэмлэхийг өвөртлөөд явж байх жишээтэй.
-Тэгвэл хүмүүнлэг нийгэм байхгүй гэдгийг жишээгээр тодруулна уу?
-Манайд өнөөдөр хагас ардчилсан нийгэм байна. Гэтэл Монгол Улс хүмүүнлэг байж чадаж байгаа юм уу. Төр сонгууль дөхөхөөр л шоу болгож өршөөлийн хууль хэрэгжүүлдэг. Үүнийгээ бид чинь арай хүмүүнлэг нийгэм гэж андуураад байгаа юм биш биз дээ. Хүмүүнлэг нийгэм гэдэг ямар нийгмийг хэлдэг юм. Энэ талаар судлаачид битгий хэл улс орны жолоог атгаад явж байгаа хүмүүсийн зүрх тархинд зөрүүтэй ойлголт байна. Хүмүүнлэг нийгэмд тэтгэврийн өвгөн яаж амьдрах ёстой юм. Багш, эмч, хүүхэд ямар байх ёстой юм. Манайд тийм жишээ байгаа юм уу. Алга. Нийслэлийн төсвийг хамгийн их хувиар биелүүлсэн орлого нь торгууль байв. Энэ бол төрийн хүчирхийлэл. Уг нь бол хотын захирагч нь хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж гарч ирсэн хүн шүү дээ. Гэтэл яагаад заавал иргэдээ торгоод хатуу ширүүн журам гаргаад байгаа юм. Эхлээд яагаад сануулж болдоггүй юм. Америк гэхэд иргэнийхээ эрхийг яаж дээдэлж байна. Нэгэн жишээ хэлэхэд Туркийн нэгэн дүүрэгт тэргэнцэртэй аав амьдардаг байсан кес бий. Хүү нь дайнд яваад нас барчихсан. Тэгэнцэртэй аав энхэл донхолтой замаар явсаар хүүгийнхээ шарил дээр ирдэг. Гэтэл тухайн дүүргээс зөвхөн тэр аавд зориулж тэргэнцэрээр явахад таатай байх замыг барьж засч өгсөн байдаг. Энэ бол өнөөх мартагдсан хүмүүнлэг нийгэм мөн үү гэдгийг сануулмаар байна.
Ерөнхийлөгчтэй ижил ойлгомжгүй статус манай төрд байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хувийн харизмаас шалтгаалаад Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэх үү, хасагдах уу гэдэг нь харагддаг байлаа. Гэтэл одоо Их хурлын даргын суудлын эрх үүрэг яг үүн шиг тодорхой биш болж байна. Тодорхой хэлбэл, спикерийн хувийн харизм нь суудалд нь нөлөөлж байна. Харахаар Их хурлын дарга ч юм шиг, Засгийн газрын тэргүүн ч юм шиг харагддаг.
-Таныхаар манайд улс төрийн лидер байна уу. Ер нь төрийг атгах лидер хүн ямар чиг шугамтай байх ёстой вэ?
-За одоогоор бүх ард түмнээр хүлээн зөвшөөрөгдсөн лидер гэвэл муу нэртэй, луу данстай Намбарын Энхбаяраас өөр хүн харагдахгүй байна. Яалт ч үгүй улс төрийн лидер гэдэг өнцгөөс нь харвал шүү дээ. Энэ хүн бусдыг манлайлж чадаж байна. Үүнийг хэлэхээс өөр арга алга. Уг нь бол лидерээ тойроод намууд сонгуульд ордог. Лидер нь намынхаа бодлогыг авч явдаг. Лидер нь намынхаа үзэл санаанд үнэнч байдаг зарчим л үйлчлэх ёстой. Гэтэл манай лидерүүд огт өөр хүн болж гарч ирдэг. Жишээ нь, 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд байсан АН-ын экс дарга Н.Алтанхуяг цоо шинэ хүн болж гарч ирсэн. Үүнийг бол уншигчид санаж байгаа. Тэр өмнө нь МАН-тай хамтарсан засаг байгуулаад ажил огт хийж байгаагүй хүн шиг авирлаж байсан. Энэ нь эргээд л улс төрийн үзэл санаа буруу хүрдээр эргэж байгааг харуулна. Учир нь албан тушаал эрх үүргээ их тодорхой болгох ёстой. Жишээ нь, Ерөнхийлөгч гэх тодорхойгүй албан тушаал байна. Н.Багабанди, П.Очирбат, Н.Энхбаяр гээд бүгд өөр өөр арга барилаар энэ албыг хашдаг байжээ. Одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч бас л өөр үйл ажиллагаа хийж байна. Яг Ерөнхийлөгчтэй ижил ойлгомжгүй статус манай төрд байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний хувийн харизмаас шалтгаалаад Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдэх үү, хасагдах уу гэдэг нь харагддаг байлаа. Гэтэл одоо Их хурлын даргын суудлын эрх үүрэг яг үүн шиг тодорхой биш болж байна. Тодорхой хэлбэл, спикерийн хувийн харизм нь суудалд нь нөлөөлж байна. Харахаар Их хурлын дарга ч юм шиг, Засгийн газрын тэргүүн ч юм шиг харагддаг.
-Эдгээр хүмүүсийн улс төрд орж ирсэн, өнөөдөр алхаж байгаа бүх зам намтай нь салшгүй холбоотой. Тэгэхээр намын статусд гажиг байна уу?
-Ер нь манайд 31 хүн ч байна уу, найман зуун хүн ч байна уу нэгдээд нэг нам бий болж байна. Энэ хүмүүс яагаад нэгдээд байгаа нь гол үзэл санаа шүү дээ. Гэтэл манай намуудад алсын хараатай, бодлогын ултай үзэл санаа байна уу гэхээр алга. Үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, тунхаг бүгд хоорондоо адилхан. Баабар хэлсэн байдаг шүү дээ. Монголд бол барууны нам байхгүй. Зүүний нам, хэт зүүний нам, ультра зүүний нам л гэж байна. Тэгэхээр намууд юу амлаж байна гэхээр сонгогчдод таалагдахын тулд зүүний бодлого л амлаж байна. Гэтэл бид эрс шинэчлэл хийх ёстой, урагшаа хөгжих ёстой, явах ёстой, Сингапурын жишээ гээд л мундаг мундаг юм яриад байна. Бүгд бие биенээсэ ялгарахгүй нийгмийн халамжийн бодлогыг урдаа барьсан зүүний хүчний бодлогоор урагшлаж байна. Тэгэхээр Засаг толгойлж байгаа нөхөдүүд ч ийм хачин манан будан дунд төөрчихсөн юм шиг мохоо бодлогоор ажиллах нь зүйн хэрэг.
-Намын тухай шинэ хуулиар бид дахиад ч хэд хэдэн намын нүүр үзэх байх гэсэн таамаглал цахим ертөнцөд тэнэж явна. Олон намын тогтолцоо бидэнд ээлээ өгөх үү?
-Улс төрийн нам байгуулна гэдэг нь 1990 оны хувьсгалаар олж авсан эрх чөлөөний л нэг юм. Улс төрийн нам нь сонгогчдын тоотой уялдана гэсэн ойлголт байхгүй. Хуулийн дагуу л байгуулж байгаа бол хэн хэдэн ч хүнтэй байсан намаа байгуулах нь тухайн хүний эрх. Сонгох сонгогдох эрх нь ч нээлттэй. Одоо намууд нэгдэх процесс явагдах уу үгүй юу гэдгийг хүмүүс их сонирхож байна. Үзэл санааны хувьд ижил төстэй намууд нэгдэхэд буруутах юм байхгүй. Даанч манайд одоогоор эрх ашгийн зөрчилтэй, гэр бүлийн, халаасны, нэг хүний гээд янз бүрийн статустай намууд байна. Сонгууль дөхсөнтэй холбоотой зурагтаар гарч моодонд ордог ч намууд байна. Мэдээж иргэд эдгээрт саналаа өгөхгүй, цэгцрээд явах нь явна, хаагдах нь ч хаалгаа барина биз дээ.
-Сүүлийн хоёр, гурван парламент дамнан Үндсэн хуулийг шинэчлэнэ шинэчлэхгүй гээд л маргаад байна. Улс төр судлаач хүний хувьд, эл асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Аль ч орон Үндсэн хуулиа өөрчилдөг. Үндсэн хууль гэхээр огт хөндөж болохгүй, өөрчлөгддөггүй гар хүрч болдоггүй зүйл биш. Цаг үе нийгмээ дагаад нэмэлт өөрчлөлт орж байдаг, өөрчлөгдөж л байдаг зүйл. Гагцхүү маш сайн судлаачдын баг сайн судалгаан дээр тулгуурлаж өөрчлөлтийг хийх нь оновчтой.
-Гэтэл бэлэгдэл яриад энэ тухай яриа замхарчихсан?
-Ийм ийм шалтгаанаар өөрчлөнө гэдгээ тодорхой хэлэх ёстой байсан ч харамсалтай нь нэг ч судалгаа, баримттай юм яриагүй. Баахан тооны бэлэгдэл ярьсан. Уг нь бол тооны бэлэгдлээр биш судалгаагаар хийх ёстой ажил. Жишээ нь, УИХ-ын гишүүдийг 99 болгох гэдгээ мань хүн монголчууд есийн тоонд дуртай, 99 тэнгэртэй гэх мэт хачин ичмээр тайлбар хэлсэн. Зүй нь 99 байж болно. Үндэслэл нь юу байсан юм гэдгээ тодорхой хэлэх байв. 1992 онд Үндсэн хуулийг өөрчилж байх явцад нийт сонгогчдын тоо тэд байсан, одоо харин төд боллоо. Монголын ардчиллыг төлөөлөх чадамжийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмж байгаа юм. Засаг захиргааны нэгж ийм болчихжээ, сонгуультай ингэж уялдаж байна үндсэн шалтгаан нь энэ байсан гэх мэт тодорхой судалгаан дээр суурилсан бол магадгүй иргэд энэ яриаг дэмжиж мэдэхээр байсан юм шүү. Бэлэгдэл яриад энэ өөрчлөлтийг хийлгэсэнгүй. Магадгүй улс төрийн бас нэг ээлжит тактик байсныг үгүйсгэхгүй.
Эх сурвалж: Newsmedia.mn
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.