Өөрийгөө олох нь бүх амжилтын эхлэл…

2020-12-21 Подкаст

Өөрийгөө тольдохуй

Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ. Бид уураг тархиныхаа зөвхөн хэдхэн хувийг ашигладаг болохыг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон. Гэхдээ хүн болгоны уураг тархины чадвар ижилхэн үү гэвэл үгүй. Харин хүн бүр төрөлхөөсөө ямар нэгэн гайхамшигт авъяастай төрдөг нь байгалийн бичигдээгүй хууль. Тиймээс л дотоод хүнээ нээн илрүүлэх нь амжилтад хүрэх эхний алхам юм. Та л өөрийнхөө далд ертөнцөөр хэрж, авъяас чадвараа олж нээн, тордон хөгжүүлэх ёстой. Таныг өөрөөс тань илүү хэн бүрэн “нэгжиж” чадах билээ. Чиний зүрхэнд уянгалах аязны нотыг таниас өөр хэн илүү тэрлэнэ гэж. Яахав, зарим тохиолдолд хэн нэгний далд авъяасыг хоёр дахь этгээд илрүүлэх нь бий. Гэхдээ энэ нь тэнгэрээс од унахыг хүлээхтэй ижил биш гэж үү.

Энд АНУ-ын шинжлэх ухааны “нэрийн хуудас” болсон Жон Тоддын бүтээлдээ үлдээсэн бодит амьдралаас улбаатай нэгэн түүхийг хөрвүүлж байна.

Үнэхээр л өөрийгөө олох нь бүх амжилтын үндэс байдаг. Бага наснаас нь Есүсийн сүмд шавилуулсан Клавиус гэдэг хүү тухайн үедээ ухаан муутайд тооцогдож байжээ. Үргэлж л тааруу үнэлгээтэй. Номлогч багш нар нь янз янзаар зааж сургаж байсан ч олигтой амжилт гаргаагүй гэдэг. Гэвч тэр хүү шавилан сууж байсан гэдгээр сүмийн нэр хүнд хожим хойно дэлхийд алдаршина гэж тухайн үеийн санваартнууд дуслын төдий ч санаж байсангүй. Учир нь нэгэн ламтан Клавиус хүүд геометр зааж байхад сая л түүний авъяас тодорсон гэдэг. Тиймээс л Клавиус өдгөө ч дуурсагдах математикчин болжээ. Тэр үнэхээр төрөлхийн авъяасаа илрүүлж, өөрийгөө нээж чадсан нь энэ түүх болой.

Өчүүхэн чармайлт ч амьдралд багадахгүй

Хүн шиг амьдарч, атгасан бүхэндээ хүрье гэвэл өөрийгөө өчүүхэн ч гэсэн дайчил, хөдөлгө. Нэг үгээр хэлбэл, цөхрөлтгүй хичээн чармайж байж л үр дүнд хүрнэ. Аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ Та өөрөө л хийдэг учиртай. Хэдийгээр энэ хорвоод үнэ цэнэтэй зүйл олонтаа ч амжилтын эхлэл “хичээлт чармайлт” хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг. Жинхэнэ өөрийн бүтээлч чадвар бол оргүйгээс хоосныг цогцлоох “шид” юм.

Ашиглах тусам жавхаажина

Ашиглах тусам ажиллагаа нь сайжирдаг цорын ганц зүйл бол хүний уураг тархи юм. Энэ дэлхийд уураг тархи шиг ачаалал нь ихсэх тусам зогсолтгүй, дэвжин хөгжиж байдаг “төхөөрөмж” байхгүй. Нумыг хэтрүүлэн татсан ч хугарахгүйгээр харин ч хол харвадаг. Уураг тархин дахь мэдлэг тань энэ нумтай адил хэчнээн ажиллуулж, ашиглах тусам улам холд сэтгэж, алсад бодно.

Амьдрал өөрөө хязгаартай

Худгийн ус, хүний жаргал хязгаартай гэж. Үдлээд буцах, богинохон энэ орчлонд хүмүүн заяа хэмжээ хязгаартай байх нь зүйн хэрэг. Үнэхээр л амьдралд бүх зүйл үнэ цэнэтэй. Тэр утгаараа хүн бүхэн өглөөний наран мандаж, шөнийн саран гийхийг харахын тулд өдөр болгон ямар нэгэн зүйлд төлөөc өргөдөг. Гэхдээ юунд, хэрхэхээ өөрсдөө л шийддэг. Заримдаа бид хоосон зүйлд их зүйл зарцуулах нь бий. Хүний төлөөс гэдэг бол цаг хугацаа, энерги, санаа зовинол, зүрх сэтгэл, мөнгө санхүү гээд бидний аливаад зориулж байгаа бүхэн юм. Тиймээс өөрт буй бүхнээ юунд харамгүй зориулахаа сайтар тунгаах ёстой.

Харин хэн ч анзаардаггүй, алтан голчийг нь тааруулж байх ёстой хүний зан байдал бол “авхаалж самбаа”. Мэдээж олон хүн бужигнасан энэ дэлхийд авхаалж самбаа туйлын чухал. Гэвч амьдрал өөрөө хязгаартай. Авхаалж самбаагаа урьтал болгогчдын гол аюул бол өөрийн уураг тархины ажиллагааг эрүүл саруул бус болгож орхидогт байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хүрээний хүмүүсийн толгойд асуудал тулгархад хачин санаа бодол орж ирээд байдгийг холбогдох мэргэжилтнүүд тогтоожээ. Нэг үгээр, бүх юм өмнө нь үзэж байснаас өөр болж харагдана. Ийнхүү сүүлдээ хачин жигтэй санаа бодлоосоо салж чадахаа больдог байна. Зүй нь уураг тархи нь мэдээллийг хүлээн авч, бас солилцох маягаар ажиллах үүргээ тэнцвэртэйгээр зохицуулж чадахаа больдог гэсэн үг юм.

О.СЭЛЭНГЭ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.