Э.Сумьяаг 2019 оны ДАШТ-д барилдуулах нь зөв гэж шийдэв

2019-09-11 Амрах агшин

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл өчигдөр орой хуралдаж “Токио-2020” олимпын наадмын эрх авахын тул 2019 оны ДАШТ-д барилдах эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Монгол Улсыг төлөөлүүлж Э.Сумьяаг барилдуулах нь зөв гэсэн шийдвэр гаргасан байна. Учир нь энэ оны ДАШТ-үүдээс Монгол Улсын баг тамирчид Токиогийн олимпын наадамд оролцох эрх авах хариуцлагатай жил бөгөөд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг бол олимпын наадмын хөтөлбөрт багтдаг юм.

Чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалагийн ар гэрийнхэн энэ сарын 9-ний өдөр  “Нур-Султан-2019” тэмцээний эмэгтэй  53 кг-ын жинд Монголоос тамирчин явуулахгүй байх хүсэлтийг МЧБХ-нд  ирүүлсэн. Уг өргөдлийн дагуу  Чөлөөт бөхийн холбооны сургалт дасгалжуулалтын техникийн зөвлөл ийнхүү яаралтай хуралдсан байна. Хурлын шийдвэрийг танилцуулж МЧБХ-ноос өнөөдөр /2019.09.11/ ийнхүү албан ёсоор мэдэгдлээ.

МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “М.Пүрэвтунгалаг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-д  явах байсан ч эмчийн магадлагаагаар хасагдсан гэх асуудал олны анхаарлыг татсан. Харин М.Пүрэвтунгалагийн эрүүл мэндэд анхаарч,  эмчилгээнд шаардлагатай хөрөнгө санхүүг холбооноос гаргана” гэв.

Уг шийдвэрийн талаар М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат: “Манай гэр бүл тус зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байна. Үнэндээ бол монголчууд түрүүлсэн мориныхоо бай шагналыг хамгийн сүүлд ирсэн мориндоо өгдөггүй гэдэг үүднээс Э.Сумьяаг ДАШТ-д явуулахгүй үлдээх байх гэж бодож байсан. Би охиноо ДАШТ-д явж чадахгүйг анхнаасаа мэдэж байсан.  Хэрэв миний охиныг явуулахгүй бол өөр хэнийг ч явуулахгүй гэж Баянхонгороос гарахдаа бодож байсан. Би буруу бодож байжээ. Монгол Улсынхаа нэрийг бодож Э.Сумьяаг ДАШТ-д явуулах шийдвэрийг хүлээж авсан. Э.Сумьяаг ДАШТ-д сайн барилдаж олимпын эрх авч ирээрэй гэж ерөөе” гэж хэллээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.