Анхлан бизнест хөл тавьж буй хүмүүст гарааны хөрөнгөгүй, санхүүжилтгүй бизнес эхлүүлэх бараг боломжгүй зүйл.
Харамсалтай нь богино хугацаанд толгой өвдөхгүйгээр тэрхүү бизнесийн санхүүжилт хялбар олж авах боломжгүй байдаг билээ.
Багахан хэмжээний бизнес эхлүүлэхэд зээл олж авах нь хамгийн чухал алхмуудын нэг бөгөөд банкнаас зээл олж авахад доорх хэлэлцээрийн зөвлөмжийг дагаснаар зорилгодоо хүрэхэд тань нэмэр болно гэдэгт итгэж байна.
Бэлтгэлээ сайтар хангаж зөв банк сонго
Бизнесийн зээл горилогчдод зөвлөх үйлчилгээ үзүүлдэг BOLD Lender компанийн үндэслэгч SBA lending компанийн зөвлөгч Алекс Эспиноза хэлэхдээ зээл хөөцөлдөхийн өмнө арилжааны банкаа сайн судал хэмээн захижээ. Эмнэлэг эмчтэй байдгийн адилаар банк нь мэргэжилтнүүдтэй байдаг. Юуны түрүүнд танд хэрэг болох банкаа л сонгох хэрэгтэй. Танд нэмэр болохгүй, таны зорилгод нийцэхгүй тийм банкинд очиж үнэт цагаа үрэх хэрэггүй. “Арилжааны банк болгон өөр өөр. Зарим банк хоолны салбар, ресторан зоогийн газарт зээл өгч байхад зарим нь зөвхөн шатахуун түгээх газар гэх мэт үйлчилгээний газарт зээл өгөх элбэг байдаг. Гэхдээ бодит байдал дээр ихэнх банк энэ төрлийн бизнест зээл өгөх нь ховор. Миний хувьд бизнесээ эхлүүлэхийн тулд амьдардаг хотод орших бүх банкийг жижгээс нь эхлээд судалж байлаа” гэжээ.
Lighter Capital компанийн CEO Лакланд зээл олж авахдаа аль болох олон сурвалжаас зээлээ судлахыг зөвлөжээ. Зээлийн хэлэлцээрийн үеэр ярьж хөөрөхөд олон эх сурвалжийн мэдээлэлтэй байх нь илүү ашигтай байдаг гэж тэрбээр хэлжээ.
Нэр томьёог мэддэг байх
Бэлтгэл муутай, таны хэлж ярьж байгаа тань ойлгомжгүй бол зээлдэгч таныг ойшоож үзэх нь юу л бол. Зээлдэгч хүнийхээ хэлээр ярьж, үйл явц, үүрэг хариуцлагаа ойлгож харьцсанаар танд итгэх итгэл улам нэмэгдэх болно гэж бичил бизнест зөвлөгөө өгдөг Excelsior Growth Fund компанийн зөвлөгч Паола Гарсиа хэлжээ.
“Нэр томьёог зохих түвшинд зөв хэрэглэснээр зээлдэгчийг хэр туршлагатай эсэх, зээлжих чадваргүй эсэхийг хялбархан мэдэж болдог. Зээлдэгчийн энэхүү хоёр сул талын аль ч тохиолдолд та зээл авч чадлаа ч эргэн төлөх нөхцөл таны бизнесийг бүтэлгүйтүүлэх аюултай юм”. Зээл горилохоос өмнө дараах хэдэн нэр томьёог мэдээд авахад илүүдэхгүй:
Balloon payment: Энэ нь зээл төлж барагдуулах хугацаа хүртэл бага багаар төлж дуусгах бус зээлийн хугацаа дуусахаас өмнө зээлийн үлдэгдэлийг бүрэн төлж дуусгах төлбөрийн үлдэгдэл юм. Өөрөөр хэлбэл зээлийн төлбөр барагдуулах эцсийн хугацаанд төлбөрийг бөөнд нь өгч дуусгахыг хэлж байна.
Default: Хэлцлийн дагуу тодорхой үе шаттайгаар зээлийг эргэн төлөх чадваргүй болох.
Санхүүгийн гэрээ хэлцлүүд: Бизнес эрхэлж байх үед аливаа эрсдэл алдагдлаас хамгаалах хэрэгсэл бол санхүүгийн гэрээ хэлцлүүд юм. Санхүү хэлэлцээрийн гадуур бизнесээ явуулна гэвэл бизнес тань дампуурах нь цаг хугацааны асуудал болох ба зээлдүүлэгч зээлсэн мөнгөө эргүүлэн нэхэх хүнд өдөртэй учрах нь гарцаагүй. Таны байгуулах санхүү бизнесийн хэлцэл банкин дахь хамгийн бага үлдэгдэл, ашгийн доод хэмжээ, хөрөнгийн хэмжээ зэргийг оруулбал зохино.
Зээл үнэлгээний харьцаа (Loan-to-value ratio): Энэ нь борлуулсан хөрөнгийн үнэлгээнд суурилсан зээлийн харьцаа бөгөөд зээлийн эрсдлийг тооцох хамгийн түгээмэл хэрэгсэл юм гэж Литвин тайлбарлажээ.
Хувийн баталгаа: Хэрэв та зээлд хувиараа батлан даалт гаргаж өгч байгаа бол таны эрхэлж буй бизнесээс гадна таны хувийн өмч хөрөнгө ч эрсдэлд орж болзошгүй. Хөрөнгийн эх үүсвэрээ ямагт хувийн хөрөнгийнхөө өмнүүр тавьж бай. Өөрөөр хэлбэл хувийн эд хөрөнгөө бизнесийн эх үүсвэртэй хутгахгүй байвал зохино. Аль болох хувийн баталгаа өгөхөөс татгалзаж бай.
Бэлтгэлтэй байх
Бизнесийн зээл авахын тулд бэлтгэлээ сайн хангах нь ирээдүйн хуримын хувцсаа сонгож өмсөхтэй адил. Аль болох дэгжин сайхан харагдахыг хичээ. Өөрийгөө хамгийн сонирхол татам харагдуул гэж Эспиноза хэлжээ.
Яриа хэлцлийн гол хэсэгтээ бэлэн байхын тулд бичиг цаасны эд зүйлсээ нэг бүрчлэн бэлэн байлгах хэрэгтэй. Учирч болох эрсдэлээс сэргийлэхийн тулд хэрэгтэй бичиг баримт, захидал, тодорхойлолт зэргийг дахин хувилаад авахад илүүдэхгүй.
Мөн ямар нэг сөргөөр нөлөөлөх эд зүйлс, тэмдэглэгээ зээлийн түүхэнд тань байдаг бол тэднийг эвтэйхнээр тайлбарлах албан захидал тодорхойлолтуудаа бэлдэх нь зүйтэй билээ.
Хөрөнгө, орлогын жагсаалт бүхий санхүүгийн тайлан зэрэг хувийн чанартай бичиг баримтаа ч бэлдээд очиход илүүдэхгүй. Жишээ нь сүүлийн зургаан сарын банкны гүйлгээний түүх, даатгалын мэдээлэл, өргөдөл гомдлын түүх зэрэг чухал бичиг баримтуудаа хувилж авах хэрэгтэй.
Банк руу гүйхээсээ өмнө бэлдсэн бичиг баримт, цаасан материалуудаа дахин нэг нягталж үз. Нямбай байдал, үсэг, тоо дүрмийн алдаа зэрэг хүртэл хамаатай гэдгийг битгий мартаарай. Хайнга хандсан хүсэлтийг авч хэлэлцэх нь байтугай уншиж үздэггүй гэдгийг санагтун.
Эх сурвалж: www.businessnewsdaily.com
Орчуулсан Б.Хүдэр
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.