Шинээр бизнес эрхэлж байгаа болон бизнесийн шинэ санаа, мэдлэг мэдээлэл эрэлхийлж байгаа хэн бүхэнд зориулж дэлхийн шилдэг компаниудын жишээнээс хүргэх үүднээс “Си Эм Ди” консалтинг компанийн бизнесийн зөвлөх, СЭЗДС-ийн багш Б.Мөнхцогтой хамтран хүргэж байна. Энэхүү подкастыг “Компанийнхаа алсын харааг хэрхэн бүтээх вэ?” сэдвийн дор хүргэж буй юм.
“Өөрийн компанийн алсын харааг хэрхэн бүтээх вэ? нийтлэлийг Jim Collins, Jerry Forrest нар анх бичжээ. Менежментийн ухаан дөнгөж хөгжиж байсан үед өөрийн компанийн зорилго, алсын хараагаа тодорхойлж, өнөөдрийг хүртэл амжилттай яваа компаниудын түүхийг богино хүрээнд бичсэнээрээ энэ нийтлэл гайхалтай бүтээлүүдийн нэг болж чаджээ.
Аливаа байгууллагын хувьд эрхэм зорилгыг Алтангадастай зүйрлэдэг. Эрхэм зорилгыг 100 жил өнгөрсөн ч өөрчлөгдөхгүй байх ёстой гэж үздэг байна. Харин алсын харааг зорьж тэмүүлж хүрч болдог зүйлтэй холбон ойлгодог. Тухайлбал, уулын оройд авирахтай зүйрлэж болох юм. Энэ хоёр хэдийгээр ялгаатай ч арга билиг шиг бие биеэ нөхөж, уялддагийг нийтлэлд тайлбарлажээ.
Үнэт зүйл, эрхэм зорилго хоёр нийлээд амин үзэл баримтлал гэдэг ойлголтыг бий болгодог.
Үнэт зүйлс гэдэг нь тодорхой цаг хугацааны шалгуурыг давж гарч чаддаг, байгууллагын шилдэг ажилчид, удирдлагуудын эрхэмлэх итгэл үнэмшил, тухайн байгууллагад байх шаардлагатай зан төлөвийг илтгэдэг хүчин зүйлс.
Үнэт зүйлсийг мэдэж авахын тулд “Уолт Дисней” компанийн жишээнээс дурдах нь зүйтэй байх. Тус компани бүтээлч байдал, мөрөөдөл, уран сэтгэмж Америкийн үнэт зүйлсийг бойжуулах, тунхаглах, уялдаа холбоо ба жижиг зүйлсийг ч чухалчилж, Диснейгийн ид шидийг удирдах, хамгаалах, эрээ цээргүй явдал гаргахгүй байхыг эрхэмлэдэг.
Үнэт зүйлсийг тодорхойлохын тулд Марсын групп гэдэг аргыг хэрэглэдэг. Энэ аргаар та өөрийн компанийг өөр гаригт цогцлоох гэж байгаа бол илгээх хөлөг чинь 5-7 хүний суудалтай гэдгийг ойлгох хэрэгтэй гэж заажээ. Хамгийн шилдэг туршлагатай ажилчдыг явуулах бөгөөд сонгогдож явах ажилчдаасаа хэд хэдэн асуултыг асуудаг.
Үүнд: Та байгууллага дээрээ ямар зан төлөв, үнэт зүйлсийг авчирдаг вэ? Салбар өөрчлөгдсөн ч энэ үнэт зүйл хэвээрээ байж чадах уу? Зарим цаг хугацаанд үнэт зүйлс сул тал болох тохиолдол байдаг. Гэсэн хэдий ч та үнэт зүйлсээ хадгалаад явах боломжтой юу гэх мэт эдгээр асуултуудыг ажилчдаасаа асууж итгэлтэй хариуг авч чадвал, та байгууллагынхаа үнэт зүйлсийг бодитой, удаан хугацаанд оршин тогтнож чадна гэдгийг мэдэх боломжтой.
Үүний дараа эрхэм зорилтыг авч үздэг. Энгийнээр бол үүнийг байгууллагын оршин тогтнох шалтгаан гэж харах хэрэгтэй. Алсын хараатай компаниуд өнөөдөр үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хүрээнд эрхэм зорилгоо тодорхойлдоггүй. Эрхэм зорилгоо илүү амин чухал зүйлээр тодорхойлж авч үлддэг. Алсын хараатай компаниуд эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлсныг зарим компаниудаас харж болох юм.
Тухайлбал, “Visionary Wallmart”- энгийн хүнд баян хүмүүстэй адил зүйл худалдан авах боломжийг олгох
“3М”-Шийдэгдээгүй асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх
“HP”-Хүн төрөлхтний сайн сайхан өсөж дэвжихэд техникийн туслалцаа үзүүлэх
“Nike”-өрсөлдөгчдөө ялах, сүйрүүлэх өрсөлдөөний мэдрэмжийг мэдрэх
“Уолт Дисней”- хүмүүсийг аз жаргалтай болгох
“Уолт Дисней” компанийн хувьд хүмүүсийг аз жаргалтай болгоход анхаарч эрхэм зорилгоо болгосон байдаг. Хэрвээ энэ компани маш сайн хүүхэлдэйн кино хийж, хүүхдэд хүргэх зорилгоо гол болгосон бол ажилчдынхаа хувьд мотиваци болж чадах уу?
Хүүхэлдэй 100 жилийн дараа байх уу, үгүй юу гэдгийг бид сайн мэдэхгүй. Тухайн байгууллагын ажилчид өөр салбарт шилжсэн ч хүнд аз жаргал бэлэглэж чаддаг хэвээрээ байвал энэ компанийн эрхэм зорилго биеллээ олж байгаа явдал юм.
Сонирхуулахад, хэсэг судлаачид хэд хэдэн компанийн эрхэм зорилгоо тодорхойлоход оролцжээ.
Компанийн захирлууд эрхэм зорилгоо тодорхойлохдоо зах зээлийн бодит мэдээлэлд суурилсан чанартай мэдээллийг түгээх хэмээн тодорхойлжээ. Судлаачид яагаад чанартай мэдээллийг түгээх нь чухал юм вэ?
Мөн “Яагаад хэрэглэгч зах зээлээ ойлгох нь чухал вэ?” гэсэн асуултад захирлууд “мэдээлэл нь хэрэглэгч өөрөө зах зээлээ ойлгоход туслах бөгөөд хэрэглэгч зах зээлээ сайн ойлгож, мэдээллийг сайн авснаар бидний амжилтын үр дүнг гарах юм” гэжээ.
Аливаа байгууллага шинэ үйлчилгээг нэвтрүүлэхдээ энэ бүтээгдэхүүн хэрэглэгчид зарагдах болов уу гэсэн нэг удаагийн бодлоор бус, харин энэ бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч байна уу, бидний өгч байгаа мэдээлэл иргэдэд тусалж чадаж байна уу, бидний амжилтад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй юм. Хэрвээ эрхэм зорилго, шалтгаанаа ойлгож чадах аваас амжилтад хүрэхэд ойрхон. Эндээс цаашдын харилцаа үүсдэг гэдгийг эдгээр байгууллагууд харж чадсан байдаг.
10-30 жилийн хугацааг тооцоолж “Алсын хараа”-гаа тодорхойлох хэрэгтэй.
“Visionary” компаниудын хувьд алсын хараагаа зүгээр нэг тодорхойлдоггүй. Илүү их хүч чармайлт шаардсан, өнөөдрийн бий болгосон үйл ажиллагааны чадамжаас давсан алсын харааг тогтоож өгдөг. Илүү холоор сэтгэх, богино хугацаанд ямар томоохон өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэх зэрэг зоримог алхмуудыг оруулсан нь эдгээр компаниудын давуу талтай болдог. Түүнчлэн эдгээр байгууллагууд хэзээ ч ханадаггүй, зогсдоггүй тийм байдлыг бий болгодог учраас маш том зоримог алсын харааг тогтоодог.
Нийтлэлийн хүрээнд “Visionary” компаниудын алсын харааг тогтоосон байдлаар нь 4 бүлэгт хувааж авч үздэг.
Эхний бүлэгт, ямарваа нэг зүйлийг зорьж алсын хараагаа тогтоодог.
Тухайлбал, “Ford” компани автомашины ардчиллыг авчирна гэж зорьсон байхад “Nike” компани ижил дайсны алсын хараа хэмээн алсын хараагаа тогтоожээ. Тус компани салбарын өрсөлдөгчөө давж тэднээс илүү хүчтэй чадалтай компани болно гэх зорилгыг тавьж байсан бөгөөд “adidas”-ыг сүйрүүлнэ хэмээж байв. Энэ чиглэлээр ч гэсэн ажилчдаа тэмцэгч, өрсөлдөөнд ялагч байдлаар сургаж, хөгжүүлдэг.
Дараагийн арга бол үлгэрлэн загварчлах арга юм. 1940-өөд онд Стенфорд их сургууль баруун эргийн Харвард болно гэсэн зорилго тавьж байжээ. Тэд үлгэрлэн загварчлахын хажуугаар өрсөлдөгчөөсөө илүүтэйгээр өөрийн суралцагсад, ажилчдаа хөгжүүлэх алсын харааг бий болгох зорилттой тавьсан байв.
Дөрөв дэх бүлэгт дотоод трансформ буюу өөрчлөлтийг бий болгох. Энэ арга томоохон компаниудын хувьд тохиромжтой. Салбараа өргөжүүлэх, салбарынхаа үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх компаниудад илүү тохиромжтой байдаг.
Түлхүүр үг нь Трансформ-Өөрчлөлт. Та эдгээр 4-н чиглэлээс сонгоод компанийнхаа алсын харааг тодорхойлж болно.
Алсын харааг тодорхойлсны дараа үүнийгээ хүний нүдэнд харагдтал дүрслэл болгон буулгах нь чухал юм.
“Visionary” буюу алсын хараатай компаниудын үүсгэн байгуулагчид үүнийг мэддэг байснаар зогсохгүй бусдын нүдэнд харагдтал сурталчилгаа хийдэг байжээ. Тухайлбал, Хенри Форд хэлэхдээ “намайг зорилгодоо хүрэх үед би маш их машин үйлдвэрлэх хүчин чадалтай, хямд борлуулах болохоор хүн бүр худалдан авч, зам дээр морь явахаа больж, оронд нь машин эзэлнэ итгээрэй” гэх зэргээр хүний тархи, нүдэнд харагдтал ярьдаг байсан байна.
“Sony” компани 1950-ээд оны эхээр бүс нутгийн жижиг компани байхдаа алсын хараа, эрхэм зорилгоо хэрхэн тодорхойлж, алсын хараагаа хэрхэн хүний нүдэнд буутал тайлбарлаж байсныг дурдъя.
Эрхэм зорилго-Нийтийн тав тухтай байдал, сайн сайхны төлөө техник технологийн шинэ шийдэл бүтээж, аз жаргалыг мэдрэх.
Үнэт зүйлс-Япон Улсын үндэсний соёл ба үндэсний байр суурийг үргэлж дээшлүүлэх, хувь хүний чадвар, бүтээлч байдлыг дэмжих. Үргэлж тэргүүн эгнээнд байж, хэн нэгнийг дагалгүй боломжгүй зүйлсийг бүтээж байх.
Алсын хараа-Дэлхий дахинд Япон бүтээгдэхүүний чанар муутай гэх үнэлэмжийг өөрчилж чадсан компани гэдгээрээ танигдах.
Нүдэнд харагдах дүрслэл-Бид дэлхий дахинд түгсэн цоо шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Бид Америкийн зах зээлд хамгийн анх гарсан Япон компани болж, хэрэглэгчдэд шууд хүрч үйлчилнэ. Бид Америк компаниудын хэрэгжүүлэх гээд бүтэлгүйтсэн инновациудыг амжилтад хүргэнэ. Жишээ нь радио хүлээн авагч
Одоогоос 50 жилийн дараа гэхэд бидний нэр дэлхий дахинд түгж, хүн бүр мэддэг болно. Бид инноваци болон чанарын хувьд дэлхийн тэргүүлэгчидтэй эн тэнцүү өрсөлдөнө.
“Япон Улсад үйлдвэрлэв” гэсэн шошго чанаргүй хуурамч гэсэн ойлголтыг илэрхийлэх бус, сайн чанартай гэсэн гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлэх болно.
Алсын хараа, эрхэм зорилгоо зөв тодорхойлох нь таны хийх, амжилтад хүрэх зүйлийн нэг хувь нь юм. Харин та үүнийгээ хэрэгжүүлэх тал дээр, үүнтэйгээ илүү уялдах стратеги төлөвлөгөө, өөрчлөлтийг хийх нь 99 хувь байдаг.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.