2003 онд Хөгжим бүжгийн коллежийг Д.Дашлхагва багшийн удирдлага дор төгсөөд УДБЭТ-т балетын гоцлоочоор ажиллаж эхэлснээс хойш “Жизель”, “Щехерезада”, “Бахчисарайн оргилолт булаг”, “Нойрссон гүнж”, “Сартак”, “Шопениана”, “Уран хас”, “Диваажин энд байна”, “Гэсэр номун хаан”, “Эрдэнэсийн охид” зэрэг хорь гаруй бүжгэн жүжгийн гол дүрд тоглосны дотор “Хунт нуур” бүжгэн жүжгийн Зигфрид ба Ротбарт, “Щелкунчик” бүжгэн жүжгийн Хулганы хаан ба Кавалер, “Дон Кихот” бүжгэн жүжгийн Тореадорын ахлагч ба Базиль, “Үйлийн гурван толгой” бүжгэн жүжгийн Юндэн ба Балган, “Чойжид дагина” бүжгэн жүжгийн Бурхны элч ба Эрлэгийн элч зэрэг эерэг ба сөрөг дүрүүдийг бүтээсэн нь түүний бүжигчний ур чадвараас гадна жүжигчний авъяасын илрэл юм.
Тэрбээр энэ удаа буюу ирэн сарын 5-ны баасан гарагийн үдэш балетын урлагт хайртай эрхэм үзэгчдэдээ сонгодог, модерн, неоклассик төрлүүдээс бүрдсэн цоморлиг болон Ж.Бизе – Р.Щедрин “Кармен сюит” бүжгэн жүжгийг зориулах гэж байна.
* * *
Кармен сюит
Нэг үзэгдэлт балет
Хөгжим: Ж.Бизе – Р.Щедрин
Цомнол: П.Мериме – А.Алонсо
Удирдаач: Т.Гэрэлцэцэг
Балетмейстер: А.Алонсо
Туслах найруулагч: Б.Жаргал
Тайзнаа анх тавигдсан: 1967.04.20. Большой театр, Москва, ОХУ
Жорж Бизегийн “Кармен” дуурийн хөгжмийг Родион Щедринбүжгэн жүжигт зориулан цомхотгож, хэд хэдэн цохивор хөгжмөөр баяжуулан найруулсан ба Кубын алдарт бүжиг дэглээч Альберто Алонсо Проспер Меримегийн “Кармен” туужаас сэдэвлэн бүжгэн жүжгийн цомнолыг бичиж, бүжгийг дэглэжээ.
Цыган бүсгүй Кармен, түүний дурлалт залуу болох цэрэг Хозе болон бухтай тулалдагч зоригт эр гурвын дунд өрнөх хайр дурлал, хууран мэхлэлт, үхэл хагацлын тухай өгүүлэх энэхүү эмгэнэлт бүжгэн жүжиг нь Ж.Бизегийн “Кармен” дуурийн агуулга, үзэл санааг хөгжмийн хэлээр хөрвүүлэн цомхотгож, бүжгийн хэлээр уран дүрсэлж хөрвүүлсэн гайхалтай бүтээл юм.
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.