Хоёр зүрхэнд туслаач, жийптэй ах нар аа

2019-03-6 Lifestyle

Тэд найзыгаа аврахын тулд сайн үйлсийн аян өрнүүлжээ. Сурагчид хичээлийн бус цагаар гудамж талбай, зах, худалдааны төв, хурал цуглаан, гандан хийд гээд аль болох хүн ихтэй газруудаар хандивын хайрцгаа тэврэн “Эрхэс хүүд амьдрал хайрлаач” хэмээн гуйна.

Хорвоо хүн бүрт баяр хөөр аз жаргалтай хамт зовлон гунигийг өгдөг нь харамсалтай. Тэр дундаа алдрай бяцхан үрсийг нь дайруулан өгсөн зовлон бол хамгийн хүнд, хамгийн эмзэг, хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан гачлан гэлтэй. Ийм хүнд хэцүү зовлон Г.Эрхэс хүүд тохиогоод байна. Эжий аавдаа есөн жилийн өмнө аз жаргал, баяр баясгалан болж ирсэн Г.Эрхэс хүү сая хүнд ганц тохиох цусны хүнд өвчин тусаж, өнөөдөр үхэл амьдралтай тэмцэн байна. Тэрбээр “Үй цай” сургуулийн 4-р ангид сурдаг. Гуравхан сарын өмнө найзуудтайгаа наадан тоглож, хичээлдээ шамдан, шинэ жилээ тэмдэглэж явсаныг нь найз нар нь хоолой зангируулан, нулимс цийлэгнүүлэн ярьсан.

Монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу сонссон Г.Эрхэс хүүгийн ар гэрийнхэн нь БНСУ-ыг зорьсон байна. Улмаар төлжилтгүй архаг цус багадалт тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв энэ мэс заслыг цаг алдалгүй яаралтай хийлгэж чадвал хүү бүрэн эдгэх боломжтой.

Г.Эрхэс хүүгийн эмчилгээний зардалд Монгол мөнгөөр нэг тэрбум төгрөг шаардлагатай. Өөрийн чөмөгнөөс үүдэл эсээ салган хүүд өгөх буянтай хүн нь дөрөвхөн настай төрсөн охин дүү нь. Хэдийгээр хүүгээ эрүүл болгож, буцааж амьдралд авчрах гэсэн гэрийнхэн нь шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаа боловч аргагүй хүч дутаж байгаа билээ.

Тиймээс хайртай найзыгаа хүнд өвчнөөс ангижруулахын тулд “Үй Цай” сургуулийн сурагчид хандивын аян өрнүүлж, энэ хэрээрээ нийгмийн эрээн, барааны ч илүү таньж мэдэж яваа гэхэд хилсдэхгүй. Найзыгаа аврах гэсэн чин сэтгэлтэй хүүхдүүдийн цагаан сэтгэлд бараан сүүдэр ч нэлээн туссан нь тэдний ярианаас илхэн. Тэдний хамгийн ихээр итгэл найдвар тээж байсан жийп хөлөглөсөн, мундаг бизнесмэн ах нар хамгийн харамч, зах худалдааны төвд наймаа эрхэлж байгаа эгч нар элдвээр хэлж, хөөж туусанд сэтгэл нь эмзэглэнгүй байлаа. Зурагтаар гардаг аварга, арслангууд хүртэл найзыгаа гэсэн тэдний сэтгэл рүү ус цацаж тохуурхчээ. Сурагчид “Бөхийн Өргөө”-г зорьж, бөхчүүдээс найздаа туслахыг хүсчээ. Гэтэл том биетэй ах нар хандивын хайрцаг руу гар утсаа хийж, “Бахдахгүй юм байна, өөр газраар явж гуй” хэмээн тохуурхсан байна.

Харин гудамжаар алхах жирийн иргэд, оюутан сурагчид их бага гэлгүй хандив өргөж байсанд ихэд талархан хуучилсан.

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү бүү түлх…

Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би, бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла

хэмээн тус сургуулийн сурагчид хандив өргөсөн хүн бүрт уншиж, талархлаа илэрхийлдэг.

Тэд ганц хандивын хайрцаг барьж гүйсэнгүй. Өөрсдийн бүтээлээр ном хэвлүүлэн борлуулж эхэлжээ. Үүнээс олсон орлогоо 100 төгрөг ч үлдээлгүй найздаа хандивлах гэнэ.

Мөн Г.Эрхэс хүүгийн хамгийн сайн найз Б.Хангал ээжтэйгээ хамтран хандивын тоглолт хийхээр болжээ. Тодруулбал, УДЭТ-ын жүжигчин,  СТА Ганцэцэг “UB палас”-ын концертын их танхимд “Хайр дүүрэн дэлхий” хандивын тоглолтод хийх юм. Тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, Б.Дашдондог, Б.Бүрнээбаяр, Б.Сийлэгмаа, С.Вандан, Д.Дуламсүрэн, ятгачин, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, дуучин Б.Нармандах, Г.Ганхүү, Т.Дэлгэрмөрөн, Ц.Хулан /Jazz/, Б.Амархүү, рэппер Gee, Tsetse, Б.Баярцэцэг, С.Зоригт, Ч.Очгэрэл, Д.Намсрайноров болон Никитон, Хар сарнай-Амраа, Sweetymotion, Классик жем, Fire, Мотив, Жонон хамтлаг ая дуугаа өргөх юм. Хандивын тоглолтын орлогыг Г.Эрхэс хүүгийн эмчилгээнд бүрэн зориулах аж.

Мөн тус сургуулийг төгсөгчдийн холбоо энэ амралтын өдрүүдэд такси үйлчилгээнд явж, олсон орлогоо Г.Эрхэс хүүгийн эмчилгээнд хандивлахаар болжээ.

“Үй Цай” хятад хэлний бүрэн дунд сургуулийн сурагчид “Тусч хүүхдүүд хуримтлалын сан”-тай. Тус сангаас жил бүр хандивын тоглолт зохион байгуулж, Монгол улсын хүүхэд багачуудын хавдрын оношилгоо, эмчилгээнд зарцуулдаг уламжлалтай.

2013 онд анх зохион байгуулсан хятад монгол хос хэл дээрх хандивын тоглолтоор Монгол улсын ЭНЭШТ-ийн хүүхдийн хавдрын эмнэлгийн өргөтгөлд нийтдээ 6 сая 200 мянган төгрөгийг цуглуулж хандивласан байна. 2016, 2017 онд зохион байгуулсан хандивын тоглолтын үеэр “Тусч хүүхдүүд” санг байгуулж, хавдар өвчинд шаналж буй бяцхан хүүхдүүдийн эмчилгээнд хандивласан гээд дурьдвал тэдний сайн үйлс олон.

Ингээд хүүхдүүдийн яриаг товчхон хүргэе.

Ангийн найз Үйцай сургуулийн 4-р ангийн сурагч Б.Хангал, Н.Нинжин

-Аль болох найзтайгаа ойр ойрхон ярихыг хичээдэг. Бид найзыгаа хурдан эдгээсэй гэж хүсэж байна. Бид бага анги болохоор ээжтэйгээ цуг явж хандив цуглуулсан. Манай найз Г.Эрхэс ангийнхаа хамгийн хөгжилтэй, бас ангийн шилдэг сурагч. Бүх зүйлийн манлайлагч. Найзыгаа маш их санаж байна. Сайхан сэтгэлт хүмүүс минь миний найзад тусламжийн гараа сунгаж, амьдрал хайрлаач. Та бүхний сайхан сэтгэлийн ачаар миний найз хурдан эдгэж, ирээдүйд ихийг хийж, бүтээж чадна.

7 дугаар ангийн сурагч М.Бишрэлт, Ч.Анхбат

Г.Эрхэсийгээ хурдан эдгээсэй гэж бодож байна. Бид хоёр Сүхбаатарын талбайгаар явж хандив цуглуулсан юм. Зүгээр хайрцагаа бариад явахаар хүмүүс нэг их анзаардаггүй. Тэгэхээр нь “Г.Эрхэс хүүд амьдрал хайрлаач, сэтгэлээрээ туслаач” гэж хашгирсан. Чангахан дуугарсаар байгаад хоолой бүр сөөчихсөн. Тэндээс нэлээн гайгүй хандив цугласан. Харин том жиптэй ах нар огт тоохгүй юм билээ. Баян ах эгч нарыг бүгдээрээ тийм муухай сэтгэлтэй гэж бодохгүй байна. Гэхдээ бид нартай тааралдсан нь жаахан өөдгүй хүмүүс  байсан. Бөхийн өргөөгөөр явахад бөх ах нар юу ч өгөхгүй хэрнээ, тоглож, тохуурхаж байсан. Харин нэг согтуу ах бид нарт 1000 төгрөг хандивлаж, найзад минь эрүүл энхийг хүссэн. Эхэндээ ч тэр ахаас их айсан шүү. Цагдаа ах нар яагаад ингэж явж байна гэж асуугаад  дэвтэрт тэмдэглэж авч байсан.

7 дугаар ангийн сурагч Г.Уярал

Манай ээж багш болохоор ээжийнхээ сургуулиар явсан. Тэндэхийн багш, сурагчдаас хандив цуглуулахад ээж маань их тусалсан. Хорооллын 54 дүгээр сургуулийн баг, сурагч нарт баярлалаа гэж дахин хэлмээр байна. Энэ сургуулийн зарин анги ангийнхаа хуримтлалаас хандив өргөсөн нь их сайхан санагдсан. Мөн “Сонгдо” эмнэлэгээр хандивын хайрцгаа аялуулсан. Эмнэлэгт хэвтэж байгаа зарим хүн зовлонг нь ойлгоод хандив өгсөн. Хүний амьдралд жаргал, зовлон ээлжлэн байдаг учраас хүн бүр туслаасай гэж хүсч байна.

Сурагч Б.Эгшиглэн, Г.Номин-Эрдэнэ

-Г.Эрхэсийн хагалгаа амжилттай болж, сургуульдаа хурдан ирээсэй гэж хүсэж байна. Бид гадуур хандивын хайрцаг аялуулаад 400 гаруй мянган төгрөг цуглуулсан. Хандив цуглуулж явахад зарим хүн сайхан хандаж байхад зарим нь их дээрэнгүй, муухай харьцаж байсан. Манай ангийнхан Баянзүрх дүүргийн захаар явсан юм. Эхлээд “За юу авах гэж байна” гэхээр нь бид хандив цуглуулж яваа юм гэсэн чинь худлаа ярьж мөнгө авах гэлээ гэж загнасан.  Харин зарим нь “Май” гээд 100 төгрөг өөдөөс шидсэн. Үнэхээр муухай санагдсан. Гэсэн ч Г.Эрхэс дүүд маань 100 төгрөг ч болтугай хэрэгтэй учраас авсан. Хүн бүр адилгүй гэж үнэн юм. Зарим хүн дансаар мөнгө шилжүүлсэн мөртлөө дахин бэлэн мөнгө өгч, эрүүл энхийг хүсч байсан. Мөн төмөр замын дээд сургуулийнхан бидний хийж байгаа ажилд туслаж, хандив өргөсөн. Тэдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бид хандивын хайрцаг ажилуулахаас гадна ангийнхаа хүүхдүүдийн бүтээлээр ном хийж, борлуулж эхлээд байгаа. Далайд дусал нэмэр гэгчээр Г.Эрхэст туслах бүхий л аргыг эрэлхийлж байна. Хүмүүст хандаж хэлэхэд, та бүхэн минь аливаа зүйлийг гэгээнээр харж, бусдад туламжийн гараа сунгаж байгаарай.

Сурагч Б.Содбаяр

Сайхан сэтгэлт хүмүүсээ баярлалаа гэж хамгийн эхэнд хэлмээр байна. Олон газраар явж олон хүнтэй нүүр тулсан. Байгууллагынхаа гадаа тамхи татаад зогсож байгаа ах нараас нэлээд халж байж дөхөж очсон юм. Тэгсэн миний яриаг тун идэвхтэй сонсч, тамхи татаж дуусаад бүнд мөнгө өгчихөөд орсон. Ямар их баярласан гээч. Сүүлдээ ч за ийм газруудаар явбал хүмүүс тусалж магадгүй гэж бодох болсон шүү. Найз маань л хурдан эдгэж байвал бидний зорьсон ажил бүтсэн нь тэр дээ.

“Үй Цай” сургуулийн сурагчид сургуулийнхаа, ангийнхаа найзыг хурдан эдгэрээд ирээсэй гэсэн чин хүслийг өдөр бүр шивнэн залбирч, монголчуудаасаа сэтгэлийн хандив гуйж байгаа юм.

Монголын ирээдүй болсон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэх энэхүү аянд иргэн та ч гэсэн нэгдээрэй. ХААН банк 5003445055 Ганчимэг гэсэн дансанд сэтгэлийн хандив өргөөрэй. 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.