“Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбаруудыг дагаж эдийн засгийн тагнуул орж ирэхийг үгүйсгэхгүй, гэхдээ…”

2017-04-11 Улс төр
 МАН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаараа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.

 – Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын дунд байна. Энэхүү хуулийг хаврын чуулганы хүрээнд баталчихвал гадаадын банкнууд манай улсад салбараа нээх эрх зүйн орчин бүрдэнэ гэж хүмүүс ойлгоод байгаа. Энэ хуульд орох гол өөрчлөлтүүд юу байгаа вэ?

– Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль оны өмнөхөн өргөн баригдсан. Хуулийн төслийг энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэнэ. Өнөөдөр /өчигдөр/ бүлгийн хурлаар танилцуулга хийлээ. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа банкны тухай хуулийн гадаадын банкны салбар нэгж гадаадын хөрөнгө оруулалттай банк байгуулж, үйл ажиллагаагаа явуулах нь нээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, хориглосон зохицуулалт байхгүй. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа 13 банкны найм нь их бага хэмжээгээр гадаад иргэн, гадаадад бүртгэлтэй аж ахуйн нэгж хуулийн этгээдийн хөрөнгө оруулалттай.

Манай үндсэн том гурван банк буюу “ХААН”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк” гадаад улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай байх жишээтэй. Тиймээс шинэ хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай банкнуудыг шинээр зохицуулалт хийгээд гадаадын банкны салбар Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах нь хаалттай байсан зүйлийг нээлттэй болгож байгаа зохицуулалт огтоос биш.

Тухайлбал, одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд Оросын банкны салбар манайд үйл ажиллагаагаа явуулж байсан. Харин Оросдоо толгой банк нь байхгүй болоод манайд явуулж байсан үйл ажиллагаагаа зогсоосон. Тэгэхээр энэ хуулиар цоо шинэ эдийн засгийн харилцааг зохицуулах гээд байгаа асуудал ерөөсөө биш.

Харин гадаадын хөрөнгө оруулалттай томоохон банкнууд орж ирсэн тохиолдолд дотоодын банкнуудтай хүч тэнцвэргүй банкны өрсөлдөөн бий болж болзошгүй эрсдэлээс хамгаалж, хуулийн зохицуулалтыг хийх гэж байгаа юм. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль банкны тухай хуулиасаа тусдаа батлагдаж буй. Ийнхүү гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбар нэгжүүд манайд ажиллахдаа ямар салбар дээр ажиллах вэ гэдгийг тодорхой зааглаж өгснөөрөө эрсдэлүүдийг хамгаалах бүрэн боломжтой болно.

 – Гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбаруудыг дагаж банкнуудын хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс гадна өөр эрсдэлүүд гарна гээд байх юм?

– Хүмүүсийн ярьж байгаа шиг өөр эрсдэлүүд байж болзошгүй. Тухайлбал, Гадаадын хөрөнгө оруулалт банкны салбаруудыг дагаж, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, геопилитикийн довтолгооны, эдийн засгийн тагнуулын зэрэг эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид үүнтэй тэмцэхийн тулд олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах, дотоодын хууль хүчний байгууллагуудыг илүү сайжруулах, чанаржуулах арга хэмжээг авах хэрэгтэй.

Гэтэл үүний оронд зах зээлээ гээд бүх зүйлээ хааж хаячхаад, суугаад байх нь асуудлыг шийдэх оновчтой арга биш гэж үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллагууд орж ирснээр гарах сайн үр дагаврууд олон байгаа. Өнөөдөр манайд хамгийн их дутагдалтай байгаа гадаад валют, капиталын урсгал нэмэгдүүлэх бүрэн боломж нээгдэнэ. Дээрээс нь 4-5 жилийн өмнө манай эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байсан үеийнх шиг манай зах зээл олон улсын сонирхол татахаар биш байгаа.

Харин энэ хуулийг баталснаар гадаадын банкнуудыг, гаднын хөрөнгө оруулалттай санхүүгийн байгууллага хаалга тогшоод ороод ирэх нөхцөл байхгүй байгаа. Тэглээ гээд энэ асуудлыг хойшлуулж болохгүй. Энэ өрөөр дунд хугацаандаа 8-10 жилийн хугацаатай шилжилтийн бүтцийн өөрчлөлтийн процесс учир хугацаа алдалгүй эхлүүлэх нь чухал. Тиймээс ч Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг энэ хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэж нэг тийш нь болгох хэрэгтэй гэж үзэж байгаа.

 – Хуулийн төсөлд гаднын банк орж ирвэл яг аль салбарт хөрөнгө оруулахаар тусгасан байгаа вэ?

– Манай банкны систем өөрөө өрөөсгөл шинжтэй явж ирсэн. Технологи талаасаа бол сайжирч байна. Гэхдээ сүүлийн 25 жил хоёр шатлалтай болж ирснээрээ арилжааны банкнууд зөвхөн хадгаламж дээр өрсөлддөг. Тэр хэрээрээ хадгаламжийн хүү өндөр байх тусмаа бусад санхүүгийн зуучлалын өртгүүд буурах ямар ч боломжгүй байгаа юм. Тэгэхээр үүнийг задалж, банкны системд төвлөрчхөөд байгаа мөнгөний урсгалыг хөрөнгийн зах зээл рүү чиглүүлэх нь бодлогын цөм байх учиртай.

Хөрөнгө оруулалтын банкнууд  энэ чиглэл рүү илүү үйл ажиллагаа явуулах учиртай. Гол зааглаж байгаа зүйлүүд гэвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах банк нь гадаадаас олон улсын санхүүгийн зах зээл дээрээс өөрсдөө хөрөнгөө авч ирж, манай зах зээл рүү нийлүүлэх ёстой. Түүнээс манай дотоодын банкнууд ажилладаг хадгаламжийн зах зээл рүү ороод, бусад банктай өрсөлдөөд хадгаламжийн хүүг өсгөж, тэтгэврийн зээл өгөхгүй. Энэ бүгдийг хориглож, зааглаж өгнө.

Магадгүй 100 тэрбум төгрөгөөс дээш санхүүжилт шаардсан урт хугацааны хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж болно. Мөн дотоодын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 50 тэрбум байхад хуулийн төсөл дээр гадаадын хөрөнгө оруулалттай банк Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах юм бол дүрмийн сан 500 тэрбумаас доошгүй байна гэх зэргээр зах зээлийг нь зааглаж өгсөн зохицуулалт хийж байна. Ер нь бол хамгийн эхний зорилго дотоодын банкны зэх зээлийг хамгаалах. Дээрээс нь том бизнес эрхлэхэд шаардлагатай мөртөө дотоодын банкнууд өгч чадахгүй байгаа мөнгийг оруулж ирэхийг зорьсон.

 – Эдийн засагч хүний хувьд та энэ удаагийн төсвийн тодотголын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

– Дан ганц төсөв гэдэг утгаараа биш ОУВС-тай хамтарч ажиллана гэдэг утгаараа тодотголоор орж ирж байгаа асуудлуудыг дэмжиж байгаа. Уг нь хаврын чуулган эхлэхээс өмнө ээлжит бус чуулган зарлаад явсан бол бүр их хугацаа хожих байсан. ОУВС- ийн эхний ээлжийн санхүүжилт болон манайхтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн олон улсын байгууллагуудын мөнгө ороод ирчихсэн байх байлаа.

-Төвийн тодотголтой холбоотойгоор бизнес эрхлэгчид татвар нэмэхийн эсэргүүцэж эхэллээ. Татвар нэмснээр гарах сөрөг үр дагавар юу байна вэ?

-Төсвийн тодотголоор оруулж ирж байгаа татваруудад бизнес эрхлэгчдэд шууд нөлөөлж байгаа татвар байхгүй. Харин шууд нөлөөлөх асуудал гэвэл нийгмийн даатгал л байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын асуудал эрт орой хэзээ нэгэн цагт хөндөгдөх л байсан. Манай нийгмийн даатгалын тогтолцоо 2000 оноос хойш буруу явж ирсэн. Өнөөдрийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлээр тэтгэврийг тавьж байгаа.

Уг нь бол нийгмийн даатгалын шимтгэлээр нийгмийн даатгалын сан арвижиж байх ёстой. Гэтэл ямар ч мөнгөгүй болсон. 2020-2030 онд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх хүлээлт бий. Тэр үед нийгмийн даатгалын сан мөнгөгүй болно. Тэгэхээр бидний татвараар төлдөг мөнгөөр тэтгэвэр тавих тогтолцоо руу шилжих нөхцөл үүсэх учраас даатгалын санд мөнгө хуримтлуулж байх ёстой. Төсвийн тодотголын хувьд миний эргэлзэж байгаа зүйл бол хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал.

Хуулийн зохицуулалтаар 2018 оноос хэрэгжих байсан ч наашлуулчихлаа. Уг нь хадгаламжийн хүүгийн татварыг эдийн засгийн өсөлттэй үед авдаг. Гэтэл эдийн засгийн хүндрэлтэй үед авч байгаа нь хугацааны хувьд буруу болчхоод байна. Хадгаламжийн татварын хүү олон улсад хэрэглэгддэг зарчмаараа бол төсвийн орлогыг бүрдүүлдэг гэхээсээ илүүтэйгээр төсвийн бодлогын зохицуулалтын арга хэмжээ буюу хэт банкны системд төвлөрсөн хөрөнгийн урсгалыг үнэт цаас зэрэг өөр зах зээл рүү оруулахад түлхэц болдог.

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.