Хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ

2018-06-14 Спорт

Цэнхэр дэлхийн спортын хамгийн том үйл явдал болох Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах XXI дэх удаагийн тэмцээн манай хойд хөрш ОХУ-д эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Энэхүү тэмцээнд зориулсан сонгодог урлагийн тоглолт энэ сарын 13-ны өдөр Москва хотын Улаан талбайд болж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэргүүтэй хүндэт зочид тоглолтыг үзэж сонирхлоо.

Сонгодог тоглолтыг ОХУ-ын төгөлдөр хуурч, хөл бөмбөгийн хорхойтон Денис Мацуев хөталж, дэлхийд данстай сонгодог уран бүтээлчид оролцсон юм. Тухайлбал, В.Гергиева удирдаачтай алдарт Мариинский театрын симфони оркестр, ОХУ-ын дуурийн дуучин Анна Нетребко, Ильдар Абдразаков, испанийн тенор дуучин Пассидо Доминго зэрэг дуучид оролцож оросын болон барууны шилдэг зохиолуудыг эгшиглүүлсэн юм. Түүнчлэн тус тоглолтыг үзэж сонирхохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинээс гадна Дэлхийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Джанни Инфантино, Болив улсын төрийн тэргүүн Эво Моралис, Молдавийн Ерөнхийлөгч Игорь Додон нар хүрэлцэн ирсэн байв.

Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ өнөөдөр буюу Москвагийн цагаар 6 дугаар сарын 14-ний 18:00 /Улаанбаатрын цагаар 23:00/ цагт тус хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд ОХУ болон Саудын Арабын шигшээ багийн тоглолтоор эхэлнэ.

Тус тэмцээний талаар сонирхуулахад, Оросууд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө Испани /Португал, Нидерланд /Бельги, Англитай өрсөлдөж 2 шатны санал асуулгаар ялалт байгуулж 2007 оны 10 сард эрхээ авсан. Энэхүү тэмцээн нь Москва, Санкт-Петербург, Сочи, Самар, Казань, Ростов-он-Дон, Волгоград, Доод Новгород, Самаранск, Екатеринбург болон Калининград гэсэн 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд бүтэн нэг сарын турш үргэлжилнэ. Тэмцээний нээлтийн тоглолт, финалын тоглолтууд нь Москва голын эрэг дээрх “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болно.

“Орос-2018” ДАШТ-н нь VAR (video assistant referees) технологийг анх удаагаа хэрэгжүүлж байгаагаараа онцлог болж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 тивээс сонгогдсон үндсэн 33, туслах 66 шүүгч дэнсэлнэ. Харин энэ удаагийн ДАШТ-нд Англи шүүгч багтаагүй нь бас нэгэн онцлог үйл явдал болж байна. Нээлтийн тоглолт Улаанбаатар хотын цагаар 23:00 цагаас Орос-Саудын Арабын тоглолтоор эхлэх бөгөөд Аргентин шүүгч Нестор Питана дэлхийн аваргын эхний шүглийг “үлээнэ”.

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг 38 сая ам.долларын урамшуулал авах бол хэсгээс гарч чадаагүй ч 17-32-р байранд шалгарсан багууд тус бүртээ 8 сая ам.долларын мөнгөн урамшуулал авна.

МӨНГӨН УРАМШУУЛЛЫН ДҮН:

Алтан медаль 38 сая ам.доллар
Мөнгөн медаль 28 сая ам.доллар
Хүрэл медаль 24 сая ам.доллар
4-р байр 22 сая ам.доллар
5-8-р байр тус бүр 16 сая ам.доллар
9-16-р байр тус бүр 12 сая ам.доллар
17-32-р байр тус бүр 8 сая ам.доллар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.