Манай улс допингийн мэргэжилтнүүд бэлтгэнэ

2018-02-22 Спорт

Манай улс допингийн 20 мэргэжилтэнг бэлтгэхээр болжээ. Үүнээс гадна  допингийн мэргэшсэн таван эмчийг сургахаар Сингапур улсаас багш, мэргэжилтнүүдийг урьсан байна.

Энэ төслийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албатай хамтран хэрэгжүүлэх аж. Өнөөдөр  “Үндэсний допингийн эсрэг байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн гэрээнд  ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, Допингийн үндэсний төв болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбат нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Энэхүү төслийн зорилго нь тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, цэвэр шударга спортыг бий болгоход допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх бус хэрэглэхээс нь өмнө мэдээллээр хангах, мэдлэг эзэмшүүлэх, сургалт сурталчилгааны үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлэхэд оршино гэжээ.

Тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2015 оны хувилбар, түүний стандартууд болон допингийн гарын авлагуудыг монгол хэлнээ орчуулах, допингийн хяналтын ажилтан, эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөх хорооны гишүүн, үр дүнгийн менежмэнтийн гишүүн бэлтгэх 3 удаагийн сургалт зэрэг ажлыг зохион байгуулах юм.

ЮНЕСКО-гийн 33 дугаар Ерөнхий бага хурлаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-ыг баталсан юм. Монгол Улс тус конвенцид 2007 онд нэгдэн орсон билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.