Энэ онд манай улсад гадны тамирчдын хөл хөдөлгөөн нэлээд их байх бололтой. Учир нь олон улсын чанартай 10 тэмцээн уралдаан болох товтой байна.

Тодруулбал, манай оронд ДАШТ нэг, Азийн АШТ дөрөв, Зүүн Азийн АШТ хоёр болох бол дөрвөн олон улсын тэмцээн уралдаан болох бөгөөд дээрх тэмцээн уралдааны зардалд Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа юм. Пауэрлифтингийн ДАШТ есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-нд болох бөгөөд энэ жилийн хамгийн том тэмцээн нь энэ. Мөн бодибилдинг, фитнессийн Азийн АШТ дөрөвдүгээр сарын 27-30-нд болох бол мотоциклийн бартаат замын Азийн АШТ наймдугаар сард, самбо бөхийн Азийн АШТ зургадугаар сарын 14-17-нд, уран сайхны гимнастикийн Азийн АШТ тавдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн АШТ зургадугаар сарын 17-26-нд, чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээн тавдугаар сард,  боксын “Улаанбаатар цом” олон улсын тэмцээн зургадугаар сарын 24-30-нд, ширээний теннисний “Монголиан кап” олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 8-9-нд, гүйлтийн цанын олон улсын тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд болох тов гарчээ.