Тэр хамгийн хүчирхэг нь байлаа

2018-01-2 Спорт

Өнгөрөгч баярын өдрүүдэд нэгэн үйл явдал олныг шуугиулсан нь Японы Abema телевизийн “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлэг байлаа. Шоу нэвтрүүлэгт мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга, Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж оролцож, найм барилдахдаа нэг ч уналгүйгээр түрүүлж чадсан юм. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний орой үзэгчдийн хүртээл болсон энэхүү нэвтрүүлгийг онцолж байна. 

Асашёорюү Д.Дагвадорж аваргын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь VIP өрсөлдөгчид болох озэки Котомицүки, Америкийн холимог тулаанч Боб Сапп нар байв. Мөн масктай оролцогч хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж, хоёр минут орчим тэмцэлдсэний эцэст ялагдсан.

Асашёорюүгийн эхний өрсөлдөгч нар хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж чадаагүй. Тэгвэл озэки Котомицүкитэй хийсэн барилдаан үзүүштэй барилдааны нэг болсон. Барилдааны дараа озэки Котомицүки сэтгэгдлээ хэлэхдээ “Аваргатай уулзахдаа баяртай байна. Өөрийн төлөвлөж байснаар барилдааныг эхлүүлсэн ч гэлээ харамсалтай нь ялагдлаа. Олон жилийн дараа аваргатай дэвжээн дээр дахин барилдана гэж санаж явсангүй. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Асашёорюү аварга хүчтэй гэдгээ дахин харууллаа” хэмээсэн.

Мөн Асашёорюү, озэки Котомицүки нарын барилдааныг сүмогийн барилдаантай төстэй болсныг тайлбарлагчид хэлж байв.

Энэхүү нэвтрүүлэг эхлэхээс өмнө Асашёорюү, холимог тулаанч Боб Сапп нарын барилдаан хамгийн их анхаарал татаж байсан. Тиймдээ ч барилдаан хамгийн сүүлд болсон. Харин нэвтрүүлэгийн өмнөх уулзалтын үеэр Асашёорюү аваргын зургийг урж, дүрсгүйтсэн Боб Сапп энэ удаа түүнд хангалттай өрсөлдөөн үзүүлж чадалгүй арван секунд ч хүрэхгүй хугацаанд ялагдсан юм.

Асашёорюү Д.Дагвадорж “Асашёорюүг унагаагаад 10 сая иен” нэвтрүүлгийн ялагч болсныхоо дараа сэтгэгдлээ ийн хуваалцжээ.

-Ирж байгаа 2018 онд Төрийн түшээд минь эх орноо бодсон, ард түмнээ гэсэн сэтгэл нь нэгдсэн хөгжлийн төлөө зүтгэх жил болоосой гэж хүсэж байна. Би нэг зүйлийг тайлбарлаж хэлэхгүй бол болохгүй байсан. Тэртээ найман жилийн өмнө гэнэтийн зодог тайлж байсан ч дахин барилдах юмсан гэж бодогддог юм байна. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд барилдааны тухай олон удаа бодож, нойрон дундаа хүртэл сүмогоо зүүдэлж байсан Асашёорюү миний биеийн хүсэл биелж, оны өмнөхөн сүмогийн төдийгүй бусад спортын төрлийн бөхчүүдтэй барилдлаа. Би сэтгэлд уяатай явсан бодлоо биелүүллээ. Одоо надаас сүмогийн ялалтын бурхан холдсон гэж бодож байна. Цаашдаа хоёр улсын хооронд Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн ажлыг сайн хийж, эх орон руугаа хөгжлийг авчрах эх үүсвэрт хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж та бүхэндээ шинэ оны босгон дээр хэлмээр санагдаж байна. Асашёорюүгийн биеэс ялалтын бурхан буцсан байх. Сэтгэл үнэхээр сайхан байлаа. Энэ нэвтрүүлэгт оролцохынхоо өмнө Н.Цэвэгням ахын дэвжээнд очиж бэлтгэл хийхэд үүлэн дээр хөвж байгаа мэт тийм сайхан мэдрэмж төрж байсан. Олон жилийн өмнө энэ сайхан мэдрэмжийг мэдэрч байсан даа гэж бодогдтол дурсамж үлдээсэн сүмогийн тэмцлийг өнөөдөр гаргаж чадлаа. Гэхдээ өмнөх шигээ тийм сайн хүчтэй байгаагүй нь илт байсан ч найман бөхийг дараалан давлаа. Мөн сүмо бөхийн тэмцэл, бас Асашёорюү аварга гэж хэн бэ гэдгийг харуулж өгсөн болов уу. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг үг байдаг. Түүнтэй адил барилдана гэдэг хэцүү асуудал. Сүмогийн бурхан дэвжээндээ буцаж, энэ олон янзын асуудлыг цэгцлээд өгөх болов уу гэж бодож байна. Нийт монголчууд та бүхэндээ аав, ээж, хань, үр хүүхэд, ахан дүүсийнхээ өмнөөс шинэ жилийн мэнд хүргэе. Улс оронд минь илүү их хөгжил, илүү их эв нэгдэл, илүү их хүсэл зорилго нэгдсэн жил болоосой гэж хүсэж байна. Шинэ жилийн баярын өдрөөр та бүхэнтэйгээ нэгэн нэвтрүүлэгээр уулзаж, эрч хүч бэлэглэсэн байх гэж итгэж байна.

 

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.