Азийн төв буюу өнөөгийн Кезел хот

2017-08-15 Амрах агшин

Аяны богц

Бид Монгол Улсын баруун хойд хилийн боомт болсон Хандгайтын хилийн боомтод хил хаахаас 30 минутын өмнө амжиж ирэв. Тэгээд Монголын хилийн шалгалт, дараа нь ОХУ-ын хилийн шалгалтаар оров. Хил гарангуут …тосгоноор ороод шууд аянаа эхэлсэн билээ. Бид бүрэнхий болж байхад Чадан гэдэг тосгонд ирж тосгоны төвд байрлах хоёр давхар зочид буудалд хоноглов. Гадаа машин тавих болоход буудлын жижүүр цагдаагийн гадаа машинаа тавихыг зөвлөв. Тэгээд тосгоны цагдаагийн хэсгээр орох боломж олдов. Тэнд хөл хөдөлгөөн ихтэй, жижүүрийн хажуу өрөөнд түр саатуулах байранд согтуу хүмүүс дүүрэн харагдана. Цагдаагийн байранд ороход үнэр танар нь айхтар, удаан байхад хэцүү талдаа байлаа. Мэдээж ийм их ажил ундарч байхад цагдаа гадаа машиныг тавиулж сахиж хонох нь юу л бол. Тэндээс буцаж буудлын гадаа ирээд машиндаа нэг нь хонохоор шийдсэн юм. Энэ удаа жижүүр гадаа машинд хонох хэрэггүй гэж зөвлөсөн нь нэг ч гэсэн хүн буудалдаа хонуулж орлогоо авах гэсэн тэдний санаа байсныг дээр цагдаа руу явуулсан тэдний зөвлөгөө нь гадаа машин тавиулаад манасны хөлс авах гэсэн санаа байсныг хожуу ойлгосон юм.

Өглөө таван цаг гээд нар мандана. Бид ч эрт босч цааш хөдөлсөн билээ. Манайх шиг нарийн замтай юм. Машины хурд өндөр, бидний ярьдагчлан сум шиг хурдан давхина. Харин Оросод үйлдвэрлэсэн маркын машинууд дундаж хурдтай. Бид Тувагийн нийслэл Кизил хотод эрт орлоо. Хамгийн түрүүнд Тува дахь Ерөнхий консулын газарт очиж, Ерөнхий консуль Д.Ганболдтой уулзлаа. Бид Тувагийн бөөгийн байгууллагад танилцуулгаа явуулж, маргааш нь уулзахаар тохиролцов.

Кезел хот Енисей мөрний эрэгт оршино. Бид хамгийн эхэнд Енисей мөрний эрэгт байгуулсан “Ази тивийн төв” гэсэн дурсгалын хөшөө, цэцэрлэг хүрээлэнтэй танилцав. Орчин цагийн өнгө загвараар хийсэн энэ цэцэрлэгт хүрээлэн өвөрмөц байдлаар хийгджээ. Тэндээс холгүй дэлхийн алдарт бөх Яриганы нэрэмжит спорт цогцолбор байх бөгөөд түүний дэргэд  Монголын консулын ерөнхий газрын аятайхан загвараар барьсан хоёр давхар барилгад байрлана.
Хотын төв хэсэгт Тува Улсын түүхийн музей, Алтан ордон, банк, их дэлгүүр, хүүхдийн дэлгүүр, захиргааны барилгууд, Тува Улс ОХУ-д нэгдсэний 100 жилд зориулсан хөшөө тус тус байрлана. Энэхүү үйлийг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Буян бадрагы хэмээх ноёны хөшөө, нэрэмжит зочид буудал, ресторан байна. 1917 онд улаантаны цэргийн жанжин Щетинкиний удирдсан цэрэг энэ хотыг цагаатнаас чөлөөлсөн тул тэдэнд зориулсан гэрэлт хөшөө байрласан байв.
Хотын нэг хэсэгт барааны болон хүнсний зах бөөндөө байрлажээ. Автомашины зах бөөний худалдааны төвууд нэг газар төвлөрүүлж чаджээ. Түүнээс холгүй “Таван од” хэмээх худалдааны төв байрлана. Энэ цагт хаана ч зураг нь тавигдсан хүн бол өнөөгийн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар генерал С.Шойгугийн зураг байрлах бөгөөд түүний доор нь “Таниар бид бахархадаг” гэсэн үг тод харагдана. От нэгэн хэмийн жигд, тохирсон дэг жаягаар хөгжиж буй нь харагдана.  Монгол туургатан Улсууд өөрсдийн өнөө цагийн хошуучлагчаа төрүүлж чаджээ. Түүний тод жишээ бол Халимагууд Илюмжинов, Тувачууд С.Шойгу нарыг нэрлэж болно. Хот автомашины хөдөлгөөн багатай бас агаар нь цэвэр тунгалаг, байгаль нь онгон сайхнаар ажээ.

Хилийн боомт ба Монголчуудад анхаарах ёстой асуудлууд

Бид Увс аймгийн Хандгайтын боомтоор орж, Монголын хилийн Завхан аймгийн Арц-суурийн боомтоор гарсан юм. Автозамын хувьд энэ боомтоос Кезел хүртэл зам манай нийслэлээс аймаг хүртэл тавьж буй нарийн зам байх агаад харин Кезелээс Арц-суурийн боомт хүртэл автозам нь Новокраснаярск хүртэл нэг мянга км тавигдах орчин үеийн замын нилээд хэсэг нь  тавигдаж эхэлжээ.

ОХУ-ын аль ч боомт хүнд хандаж байгаа байдлаар хуучны, социолизмын үеийг санагдуулна. Монголчууд бид тэднийг бий болгосон уу, тэд хуучнаараа байсаар байна уу гэдгийг эрэгцүүлэн бодогдуулахад хүргэв. Хандгайтын боомт харьцангүй хурдан шуурхай үзсэн. Гэхдээ хилээр нэвтэрч байгаа техник хүн хоёр их биш. Хүн цөөхөн байсан, хүн олон бол үйлчилгээ удаан байх шинжтэй. Би тахилгад авч явдаг ОХУ-аас өгсөн дурсгалын сэлэм хилээр орох үед хураагдаж нэг сар шинжилгээгээр ороод эргэж олгогдохоор үлдэв.

Харин Арц-суурийн хилийн боомт бүх барааг нэг бүрчлэн шалгав. Автомашины ачаан дээр ачин явсан обудгүй дугуй энд хураагдав. Учир нь обудгүй дугуй гаргахгүй ёстой ажээ. Хуучин тэгээд олон мянган км зам туулсан хуучин дугуй хил дээр үлдлээ. Бид аяны цахилгаан үүсгүүртэй, түүнд хийх шатахууны саван дахь бензинийг хүртэл шалгана билээ. ОХУ-ын тал ингэж нарийн үзэх нь Монголын талын хил, гаалийн талд ачаалал бага болгох таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Биднийг байхад нэг бага оврийн ачааны тэрэг хил нэвтэрч хилийн цаана байх шатахуун түгээгүүрээс шатахуун аваад буцаж гарсан багаад тэдний хоёр жижиг цүнхийг нарийвчлан шалгах нь харагдана.
Эцэст нь дүгнэж хэлэхэд ОХУ-ын хил рүү орохдоо ямар бараа хэрхэн авч явахыг нарийн судалсан байх шаардлагатай нь харагдлаа. Ийм хатуу шалгалтыг даван бидний нэрлэдэг “жижиг буюу ганзагын наймаа” хөгжих боломж нэн сул байх шинжтэй. Ийм хатуу шалгуур, тэгээд хувиасаа мөнгө гарздан хил нэвтрээд бараа аваад эргэж гарах, татвар төлөх гээд тооцвол хил орчимын бараа эргэлт нэг их хөгжихгүй төлөвтэй. Гэхдээ нэг монгол үг байдаг “цаг цагаараа байдаггүй” гэж, тийм цаг ойрхон байх болтугай.

Тагнаар онголсон Тува бөө нар

Бидний танилцсан анхны бөө бол Монгуш Анасия Семис-Оол юм. Тэрбээр бүх амьдралаа бөөгийн төлөө, түүний зан үйлд зориулжээ. Түүний ярианаас тува бөөгийн хөгжлийн үйл явцтай танилцах боломж олдсон. Одоо цагийн аясаар олон бөө төрсөн ч цагийн явцад шигшигдэж байгаа ажээ. Тувагийн бөөгийн тэргүүн, Ардын уран зохиолч, бөө судлаач, түүхийн ухааны доктор, ОХУ-ын соёлын гавьяат ажилтан, Тува улсын соёлын гавьяат ажилтан, Тува улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, Кезел хотын хүндэт иргэн, Тувагийн бөөгийн насан туршийн Ерөнхийлөгч Монгуш Борахович Кенин-Лопсаны нас  90 гарч одоо хүнд өвчтэй хэвтэрт байгаа гэв. Түүний амьдралын түүхтэй танилцахад өнөөгийн “Голомт” төвийн тэргүүн, бөө судлаач Щ.Сүхбат гуайтай адил төрх сэтгэлд үлдэнэ. Бүхий л амьдралаа бөө судлалд зориулж, олон бүтээл туурвижээ. Төрөөс авах ёстой бүх л цол алдарыг хүртэж.

Бид эхлээд одоо бөөгийн тэргүүний үүргийг орлон гүйцэтгэж яваа “Адыг зэрен”, “Дух медведя” бөөгийн төвөөр орлоо. Энэ төвийг Адыг Тулуш Кара-Оол Допчун-Оол Оглу удирдах бөгөөд одоогоор бөөгийн  Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа ажээ. Хотын төв хэсэгт бидний нэрлэдэгээр гэр хороололд орших энэ төв нэг давхар байшинд байрлах бөгөөд төрөөс худалдан авахад тусласан байна. Хашаанд нэг гэр, түүний хажууд чулуун овоо байх агаад түүнийг тойруулж гэрийн хана босгожээ. Өрөөнүүдэд бөө нар суух бөгөөд нэг өрөөнд 3-4 хүн байрлажээ. Хүн хүлээх хэсэгт бөө нарын сурталчилгаа байрлуулжээ. Биднийг очиход бөө нарын олонх нь ойролцоо тосгонд бөөгийн зан үйл хийхээр явсан байсан. Бид төвийн үйл ажиллагаатай танилцаж, харилцан ажиллах талаар саналаа тавьлаа.
Бидний танилцсан гуравдахь дахь төв бол “Дүнгүр” бөөгийн төв бөгөөд түүнийг Тувагийн бөөгийн “Дүнгэр” төвийн тэргүүн Монгуш Анасия Семис-Оол удирддаг. Консул дээр албан ёсоор бидэнтэй уулзсан удган байлаа. Түүний танилцуулснаар энэхүү төвөө өөрсдийн хүч, хөрөнгөөр байгуулсан гэх бөгөөд нэг давхар модон барилгын гурван өрөөнд  дөрөв, дөрөвөөр сууж иргэдэд үйлчилдэг ажээ. Тува бөөгийн төвийн амьрал ахуйтай танилцаж явахад бидэнтэй олон зүйлээр адил байлаа. Хотын эргэн тойрон, олон газар буддагийн хийдүүд баригдаж байгаа харагдана. Тэдний дэргэд бид олсон хэдэн мөнгөө амьдралаасаа илүүчлэн тахилга хийхэд зориулна. Энд бас орлогоосоо улсад татвар төлдөг гэв.

Энд болдог тахилга тайлгад ОХУ болон гадаадаас олон судлаач, бөө нар ирдэг тухай бидэнд танилцуулсан. Тэдний дотор бид Халимагаас бөө нар ирдэг гэсэн мэдээллийг олзуурхав. Биднийг Халимагт байхад энд нэг ч бөө байхгүй гэж танилцуулж байсан билээ.

Ийнхүү бидний хоорондын ярилцлага ажил хэрэгч дотно байсан.“Монголд бөөгийн төв байгууллага байгуулагдсан нь бидэнд ажиллах их урам зориг, эрч хүч өглөө”, “бид үйл ажиллагаагаа сэргээж эрч хүчтэй ажиллах болно” гэж бөөгийн төвийн тэргүүнүүд хэлсэн. Энэ үг бидэнд ч  сайхан сонсогдож байлаа. Мөнх тэнгэрээ шүтэгч, монгол туургатнуудын хооронд ямар ч бэрхшээл тулгарч байсан бидэнд хил хязгаар гэж үгүй билээ. Бид бие биенээ олж уулзсанаас хойш хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байна.

Тува улс бол бөөг төрийн шүтлэг болгосон, үндэстний уламжлалаа авч яваа цөөн улсын нэг. Тэднээс бид суралцах, биднээс тэд суралцах их зүйл бий. Хөрөнгө мөнгөтэй, эдийн засгийн хүчирхэг дэмжлэгтэй, олон зуун жилийн туршлагатай, олон зуун саяаар тоологдох сүсэгтэнтэй гадны шашин хүч төрөн хөгжиж байна. Энэхүү Монголчуудын оюун санааны дархлааг “булшлах” гэсэн их хүчний эсрэг бид хамтын хүчээр сөрөн зогсож байна. Будда, Есүсийн шашинд өгч байгаа хөрөнгө оруулалт хэдэн арван сая ам доллараар хэмжигдэж байна. Хаана я явсан хүчирхэг шашинуудын сүм, дуганууд баригдаж, эрчээ авч байгаа мэт харагдана. Гэхдээ монголчуудын генид мөнх тэнгэрийн оч ямагт хадгалагдаж явдаг бөгөөд бадамлан асч, дүрэлцэн бадрахад өчүүхэн дэм хэрэгтэй. Тэр мөч ойртсоор байна.

Д.Хүрэлбаатар

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.