Эцэг, эхийн хариуцлагыг дээшлүүлэхийг Цагдаагийн албанаас мэдэгдлээ

2019-09-9 Сэлэнгэ

Эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүддээ, ялангуяа бага насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд сүүлийн өдрүүдэд гэр болон тоглож байсан газар, эцэг эх, асран хамгаалагч нараасаа төөрсөн бага насны хүүхдүүд нэлээд ирж байгаа аж. Цагдаагийн алба хаагчдын зүгээс хуульд заасны дагуу тухайн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарыг олж тогтоох, шалгах, хүлээлгэн өгөх ажиллагааг явуулсны дүнд 1-5 цагийн дотор эцэг эх, асран хамгаалагч нарыг олж тогтоон хүлээлгэн өгчээ. Хэрвээ тэдгээр хүүхдүүдийг сайн санаат хүмүүс болон цагдаагийн алба хаагчид олоогүй бол тухайн хүүхдүүдэд ямар эрсдэл тохиолдохыг тодорхойлох боломжгүй юм. Иймд эцэг эх, асран хамгаалагч нар та бүхэн Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйл “Гэр бүл дэх хүүхэд хамгаалал”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйл “Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг”-ээ хариуцлагатай биелүүлж, хүүхдийнхээ эрх ашгийг дээдэлж, аюулгүй байдлыг сайн хангахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

Дахин энэ төрлийн дуудлага, мэдээлэл Цагдаагийн газарт ирсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нарт Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцохыг мөн анхаарууллаа. 

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.