Аймгийн Онцгой комисс хуралдаж, малын гоц халдварт шүлхий өвчний талаарх цагийн байдлын мэдээлэл хийлээ. Анх нэгдүгээр сарын 24-ний өдөр Эрдэнэцагаан сумын Өлзийтийн шанд хэмэх газарт нутаглаж буй малчин Ж-ийн хотноос гарсан малын гоц халдварт шүлхий өвчин өнөөдөр хоёр сумын дөрвөн голомтод гарч, 123 үхэр, 27 хонь, дөрвөн ямаа нийт 154 мал өвчлөөд байна.
Өнөөдөр Асгат сумын нутаг Өлзийтийн шанд гэдэг газарт нутаглаж буй малчин өрхөөс сэжигтэй дуудлага ирсний дагуу дээж аван УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд малын гоц халдварт шүлхий өвчин мөн болох нь тогтоогдлоо.
Байгаль орчин аялал жуулчлалын газраас цагаан зээрэнд тандалт хийж, дээж авахад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Иймээс зээр устгах ажлыг нэн даруй эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Устгалын ажилд цэрэг, цагдаагийн алба хаагчдыг дайчлах юм.
Гоц халдварт өвчний сэжигтэй дуудлагууд нэмэгдэж, голомт нэмэгдэж байгаа учраас аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаар боллоо. Түүнчлэн эрүүл болон өвчтэй бүсээс машин техник хэрхэн оруулж гаргах талаар тодорхой дүрэм баталж хэрэгжүүлж эхэллээ. Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрүүл бүс рүү нэвтэрч буй бүх машинд зөвшөөрөл олгож байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.