Хэнтий аймгийн хоёр суманд ой хээрийн түймэр гарчээ

2022-05-19 Хэнтий


Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Баянгол Баруун жаргалант гэдэг газарт ойн түймэр гарчээ. Дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 23:00 цагт цурманд оруулжээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн өчигдөр тус аймгийн Батширээт сумын Онон нэгдүгээр багийн “Ононгийн живхээртэй гэдэг газар ойн түймэр гарчээ. Ингээд дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэргийг тавдугаар сарын 18-ны өдрийн 17:16 цагт ойн гал түймэр гарсан газрын чиглэлд хөөргөж агаараас ажиглалт тандалт хийж, түймэр унтраах шуурхай бүлгийн алба хаагчдыг голомтод буулгажээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Батширээт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ойн түймрийг мөн өдрийн 21:51 цагт цурманд оруулсан бөгөөд одоо бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.