Худалдааны төвийн үйл ажиллагаа эхэллээ

2019-02-26 Дархан-Уул


Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны сүүлээр баригдаж дууссан худалдааны төвийн барилга тогтсон эзэнтэй болж, тогтмол үйл ажиллагаа явуулж эхлэв.

80-100 ажлын байр бий болгох боломжтой уг худалдааны төвд бүтээгдэхүүн худалдан борлуулах лангуу тавиурыг суурилуулах, түрээслэгчдийг бүртгэх, сонгон шалгаруулах зэрэг бэлтгэл ажлууд сарын турш өрнөж дуусан, өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээн, үйл ажиллагаа нь эхэллээ. Тохилог дулаахан орчинд худалдаа үйлчилгээ эрхлэх боломжийг нээж өгсөнд аймаг орон нутгийн удирдлагуудад худалдаа эрхлэгчид талархлаа илэрхийлж байлаа.

Энэхүү бүтээн байгуулалт хийгээд ажлын байрыг бий болгох ажил нь аймаг, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төдийгүй гар дээрээс төмс, хүнсний ногоо худалдан борлуулдаг иргэдийг жилийн 4 улирал харгалзахгүйгээр тогтмол ажлын байраар хангах зорилт тусгагдсан ажээ. Үүний хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Орон нутгийн төсвийн 340 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хүнсний ногоо, цагаан идээний төвлөрсөн Худалдааны төв баригдаж ашиглалтад орж байгаа нь энэ юм.

Тус худалдааны төв нээгдсэнээр бидний хэлж сурснаар ченжийн гар дамжихгүйгээр малчин, тариаланчдаас шууд худалдаа хийх боломж бүрдэж байгаа юм. Үнийн хөөрөгдөл олон хүний гар дамжиж чанар, эрүүл ахуйн шаардлага алдагдах зэрэг нь арилна гэж холбогдох мэргэжлийн байгуулгын төлөөлөл онцолж байлаа. Одоогоор худалдаа эрхлэгчдийн 60 гаруй хувь нь шиэн худалдааны төвийн байранд орж, худалгаа хийж эхэлжээ. Эдгээр худалдаа эрхлэгч нь өөрсдөө төмс, хүнсний ногоогоо тариалдаг, сүү, цагаан идээ бэлтгэдэг мал бүхий иргэд байхаар гэрээнд тусгагдсан нь шууд худалдаа хийх боломжийг бүрдүүлсэн ажээ.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.