Дархан-Уул аймаг
Тус аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Худалдаа аж үйлдвэрийн газар, Органик монгол хөдөлгөөнтэй хамтран өчигдөр /2017.1.18/ Органик хүнсний тухай хуулийн мэдлэг олгох сургалтыг явууллаа. Сургалтад газар тариалан, зөгийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 80 гаруй иргэд хамрагдсан юм. Органик бүтээгдэхүүн гэдэг нь цэвэр байгалийн гаралтай байгалийн жам ёсоороо ургасан бүтээгдэхүүнийг хэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, органик бүтээгдэхүүн гэдэг нь цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэлдэг бол органик бус бүтээгдэхүүн гэдэг нь ямар нэг химийн найрлагатай гадны нөлөө орсон бүтээгдэхүүнийг хэлдэг байна. Органик хүнсний тухай хуулийн төслийг 30 гаруй экспертүүдийн хамт гурван жил боловсруулсны эцэст өргөн барьсан бөгөөд хуулийн төсөлд тусгагдсан хамгийн чухал зүйл нь органик хүнсийг шошгожуулах явдал.
Өнөөдөр иргэд олон нийт хүнсээ худалдаж авахдаа аль нь органик хүнс, органик бус хүнс, генийн өөрчлөлттэй хүнс гэдгийг таньж, ялгаж чадахгүй тохиолдол их гардаг. Органик хүнс үйлдвэрлэгч, борлуулагч нарт тавих шаардлага, тэднийг урамшуулах дэмжих эрх зүйн зохицуулалт шаардлагатай байсан учраас засгийн газраас органик хүнсний тухай хуулийг өнгөрөгч дөрөвдүгээр сард батлан энэ оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж эхлээд байна.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.