ХОВД: Энэ жил барилгын металл эдлэхүүний шинэ лаборатори ашиглалтад орно

2023-04-14 Ховд

Ховд аймгийн Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори нь 71 нэр төрлийн орчин үеийн тоног төхөөрөмж, хэмжих багаж хэрэгсэл ашиглан 98 үзүүлэлтээр туршилт, шинжилгээ хийж байна.

Одоо бетон дүүргэгч материал, цементийн лаборатори иж бүрэн ажиллаж байгаа бөгөөд 2022 оны орон нутгийн төсөвт 150 сая төгрөг тусгаснаар 6 тоног төхөөрөмж бүхий металл эдлэхүүний шинэ лаборатори ажиллахад бэлэн болоод байна.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрыг түшиглэн зарим тоног төхөөрөмжийг авч ирж, суурилуулахад бэлэн болгосон талаар 4 дүгээр сарын 13-нд салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.

Ховд аймагт өдгөө тоосго, хуванцар цонх, хаалга, явган зам, талбайн хавтан, цементийн үйлдвэр гэх мэт 25 компани, аж ахуйн нэгж барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байна.

Дээрх лаборатори нь Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн барилгын компаниудын бүтээгдэхүүнд хяналт тавьж, стандартын шаардлага хангуулан ажиллаж байгаагаараа онцлогтой.

Ингэснээр барилгын компаниуд материалаа заавал Улаанбаатар хот руу явуулах шаардлагагүй, бүтээгдэхүүн, материалынхаа чанарыг нь орон нутгийн лабораторит шинжилгээ хийлгэж, зардал цаг хугацаагаа хэмнэх боломж бүрдсэн байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.