Ховд: Олон нийтийн санаачлага, оролцоо идэвхжинэ

2025-03-28 Ховд

“Ховдын толь сонин” НҮТББ-ын санаачилгаар Ховд аймгийн Иргэний нийгэм, хэвлэл мэдээлэлийн салбарынхан, нийгмийн идэвхтнүүдийн дунд Засаглалын хариуцлага, ард нийтийн хууль ёсны эрх хэрхэн хангагдаж байгаа, тэрчлэн эрдэс баялаг уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудал сэдвээр уулзалт зохион байгуулагдаж, мэдээлэл, санал солилцожээ.

Нэн ялангуяа эрдэс баялаг уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудал сэдвээр судалгааны үр дүнд боловсруулсан цогц мэдээллийг “Ховдын толь сонин” НҮТББ-аас танилцуулж санал солилцсон бөгөөд энэ талын мэдээллийн хүртээмж, хариуцлага, ил тод байдал орон нутагт нэн сул, уг салбарт олон ноцтой асуудлууд байгаа атал удирдлага, захиргааныхан нь тодорхой ойлголтгүй, мэдээлэл, ойлголт өгөхөөр санал тавихад хойрго ханддаг асуудлууд байгааг хөндөн ярьж, цаашид олон нийт, хэвлэл мэдээлэл, нийгмийн идэвхтнүүтэй хамтран ажиллахаар болсон юм.

“Ховдын толь сонин” НҮТББ нь эрдэс баялаг уурхайн салбар дахь хариуцлага, ил тод байдал, тулгамдсан асуудлаар явуулсан хяналт шинжилгээний дүгнэлт зөвлөмжийг өнгөрсөн оны 12 дугаар сард Ховд аймгийн ИТХ, Засаг даргад хүргүүлж, түүний мөрөөр тодорхой арга хэмжээ авч хамтран ажиллах, мөн энэ тухайд нийтийн сонсгол зохион байгуулж, дэлгэрэнгүй танилцуулах ажлыг хамтран өрнүүлэхийг хүссэн ч захиргааны байгуулага хойрго хандаж, мартагнах аястай байгаа тул саяхан 3 дугаар сарын 13-нд дахин албан санал хүргүүлсэн.

Ийнхүү олон нийтийг бодит үнэн мэдээллээр хангах, оролцоог идэвхжүүлэх, хамтран ажиллах сэлтийг дэс дараатай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.