“Уран үйлчин” уралдаанаас шалгарсан 35 оёдолчин бүсийн уралдаанд оролцох эрх авлаа

 

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас Монгол орон даяар зохион байгуулж буй “Уран үйлчин” уралдааны анхдугаар шатанд манай аймгаас 120 орчим үйлчин оролцон монгол цамц урлаж, ур ухаан, авъяас чадвараа сорьсон юм. Уралдааны хамтрагчаар Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ауйн газар, аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв,, Оёдлын холбоо ажиллаж байгаа юм.

Уралдааны нээлтийн үеэр Хүнс, хөдөө аж ауйн газрын дарга С.Цэдэнбалжир үг хэлэхдээ  “Манай аймаг хөдөө аж ахуй түшиглэсэн эдийн засагтай аймаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг. Тэр дотроо 50 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг юм. Тиймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр  мал аж ахуйгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг нэмүү өртөг шингээж үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээг хангасан үйлдвэрлэл явуулах талаар тусгасан. Ноосны үйлдвэрт ноосоо самнаад угаагаад боловсруулаад хөнжил зэрэг бүтээгдэхүүн хийж эхэллээ. Махныхаа үйлдвэрийг ашиглалтад оруулахаар гэрээ хэлэлцээр хийгээд байна. Гурилын хэрэгцээнийхээ 60 орчим хувийг аймаг өөрөө хангаж байна. Чацарганы тариалалтаар улсад дээгүүр явж байгаа. Энэ мэтээр хөдөө аж ахуйн салбарын ирээдүй хөгжих хандлагатай байгаа юм. Цаашид нийт иргэдийн эдэлдэг, хэрэглэдэг, өмсдөг бүтээгдэхүүнийг та бүхэн маань хэрхэн нийлүүлэх, бидний зүгээс дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яаж дэмжих талаар тодорхой бодлого боловсруулж ажиллах нь зүйтэй юм байна. Үүний тулд оёдолчид маань бүлэг, хоршоо, нөхөрлөл болж ажиллах хэрэгтэй. Зохион байгуулалттай, цогц үйл ажиллагаа явуулснаар төрийн дэмжлэгийг авах боломж илүү бүрддэг” хэмээв.

“Аймгийн тэргүүн дэд аварга уран үйлчин”-ээр Богд сумын үйлчин Г.Жаргалбат шалгарч 100 мянган төгрөг, өргөмжлөл, JUKI брэндийн оёдлын машинаар шагнуулсан бол, “Аймгийн тэргүүн аварга уран үйлчин”-ээр Арвайхээр сумын оёдолчин П.Гэрэлмаа шалгарч, 300 мянган төгрөг, өргөмжлөл, JUKI брэндийн оёдлын машин, “Аймгийн аварга уран үйлчин”-ээр Хархорин сумын оёдолчин Т. Уламбаяр шалгарч, 500 мянган төгрөг, тууз, медаль, JUKI брэндийн оёдлын машинаар тус тус шагнууллаа.

Уралдаанаас 35 оёдолчин бүсийн уралдаанд оролцох эрх авсан бөгөөд оёдолчин бүрт “Аймгийн уран үйлчин” хэмээх батламжийг олгосон юм.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.