Улиастай сумын 3300 гаруй айл өрхийн нүхэн жорлонг ариутгаж байна

2020-05-11 Завхан

 

Тус аймагт “Эко Завхан” аяны хүрээнд Улиастай сумын айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг өнөөдөр Чигэстэй багаас эхлүүлжээ.

Завханы төв Улиастай сум нь 5000 гаруй өрхтэй. Үүнээс 3300 орчим өрх нүхэн жорлон ашигладаг ажээ. Эдгээр айл өрхийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 14 хүртэл зохион байгуулах юм байна.

Энэхүү ажлыг “Эко Завхан” аяны хүрээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна. Ариутгалыг Зоонозын өвчин судлалын төв, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч хийж байна. Ариутгалын бодисыг ариутгал хийхээс нэг хоногийн өмнө 30-40 градусын халуун усанд найруулж сүүн уусмал болгож байгаа. Ариутгалыг автомакс багажаар хийж байгаа бөгөөд нэг багажид 10-15 литр сүүн уусмал орж байна. Бидний тооцоогоор Улиастай суманд ашиглаж буй 3080 нүхэн жорлон байна. Ингээд энэ ажилд зориулж 1.6 тонн хлорын шохойг бэлтгэж гурван автомашин, зургаан ариутгагч, гурван жолооч гээд нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй зургаан хоног ариутгалын ажлыг хийнэ. Улиастай сумын зургаан багийн айл өрхийн нүхэн жорлонг ариутгах ажлыг график хуваарийн дагуу зохион байгуулах бөгөөд иргэдийг хашаа хороо, гудамжныхаа хогийг цэвэрлэж, жорлонгоо ариутгах бэлтгэл ажлыг хангаж хамтран ажиллахыг Улиастай сумын ЗДТГ-аас дуулгалаа.

Нүхэн жорлонг дулааны улиралд сард нэг удаа

заавал ариутгах шаардлагатай гэв

Гэр хорооллын нүхэн жорлон нь хөрс, гүний усанд нэвчээд зогсохгүй, урин дулааны улиралд ялгарах өмхий үнэр шивтэрийн хий нь амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин халдварлаж буй элдэв янзын халдварт өвчний нян бактерийн гол эх үүсвэр болж байна. Тиймээс COVID-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нүхэн жорлонг ариутгаж буй нь сайшаалтай хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Нүхэн жорлонг халдваргүйжүүлэх уусмал бэлтгэх усны температур 30-40 градус байх нь тохиромжтой байдаг. Хуурай бодисоос халдваргүйжүүлэх уусмал бэлтгэсэн тохиолдолд уусаагүй хэсгийг тунгаах зорилгоор 30 минут байлгаж хэрэглэнэ. Ингээд халдваргүйжүүлэлтийн уусмалыг 1м3 талбайд хоёр литр уусмал орохоор тооцож, нүхэн жорлон, бохирын цооногийн эзэлхүүнд тохируулан уусмалаа бэлтгэдэг. Халдваргүйжүүлэлт хийсний дараа нэгээс хоёр цаг нүхэн жорлонгийн хаалгыг хааж, бохирын цооногийг таглана.

Гэр хорооллын нүхэн жорлон, бохирын цооногт дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд гурван сард нэг удаа халдваргүйжүүлэлт хийдэг байгаа. Мөн хана, тааз, гишгүүрийг шүршиж халдваргүйжүүлдэг. Халдваргүйжүүлэлт хийхдээ дараах аюулгүй ажиллагааг заавал мөрдөх хэрэгтэйг зөвлөж байна. Тухайлбал халдваргүйжүүлэлтийн бодисыг найруулах хэрэглэхийн өмнө зааврыг сайтар уншиж зааврын дагуу найруулна. Мөн уусмал бэлтгэхдээ хамгаалах өмсгөл, бээлий амны хаалт, нүдний шил хэрэглэнэ. Санамсаргүй тохиолдлоор хуурай бодис, бургиж нүд рүү орсон бол урсгал, бүлээн усаар сайтар угаах, амьсгалын замаар орсон бол цэвэр агаарт гаргах шаардлагатай байдаг. Найруулсан уусмалыг тухайн өдөртөө хэрэглэдэг. Бодисыг хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Хуурайгаар хэрэглэхийг хориглодог заалттай хэмээн Зоонозын өвчин судлалын төвөөс нэмж дуулгалаа.

[powr-comments id=86ad5453_1485400055]

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.