Тэмээ жингийн цуваа цуварч, араас нь үхэр, морин тэргээр наадамчин олныг тээвэрлэн харагдана. Төд удалгүй 108 морин хуур эгшиглэж, цам харайна. Энэ зураглал бол Завхан аймгийн төвөөс 110 километрийн зайд орших Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хаяанд таван уулын дунд болсон Нүүдэлчдийн соёлын наадам. Наадам гэнгүүт энд тэндгүй давхих машин, наадмын төв талбайг тойроод байршсан худалдааны майхнууд нүдэнд төсөөлөгддөг. Тэгвэл анх удаагаа аймгуудын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Завхан аймгийн тамгын газартай хамтран зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам нэг ч автомашин, орчин үежсэн худалдаа, наймаагүйгээр боллоо. Мартагдах дөхсөн нүүдлийн аж ахуй, соёл ямар байдгийг харуулах нь Нүүдэлчдийн соёлын наадмын гол зорилго аж.
Үүний зэрэгцээ таван уулын голд байрласан наадмын асрыг зорьсон иргэд нэг уулын наана машинаа байрлуулж, өөрсдийн сонголтоор үхэр, тэмээ, морин тэргийг хөлөглөн явсан юм. Морь унах нь нэг удаад 5000 төгрөг, өдөржин унабал 60000 төгрөг төлж, үхэр тэрэг, тэмээн тэргийг сонгон суух иргэд нэг удаад 10000 төгрөг төлж автомашинаа орлуулж харагдлаа. Наадамчдыг нааш, цааш нь тээвэрлэх морьд, тэмээ, үхэр бол бүгд нутгийн малчдынх. Хэр олон хүн тээвэрлэнэ төдий чинээ малчдын олох орлого нэмэгдэнэ. Энэ бол малчдыг сүү, цагаан идээгээ борлуулахаас гадна олж болох орлого гэж Нүүдэлчдийн соёлын наадмыг хамтран зохион байгуулсан аймгуудын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Завхан аймгийн удирдлагууд тооцжээ.
“Монгол түмэн бол нүүдэлчин ард түмэн. Дэлхийн нийт нүүдэлчдийн соёлыг машид сонирхож байна. Тэр тусмаа Завхан бол нүүдэлчдийн соёл, байгалийнхаа сайхныг хадгалж үлдсэн аймаг. Завхан 20 мянган өрхтэй. Үүнээс 12 мянган нь малтай, 8000 малчин өрх бий. Завхан аймгийн онцлог уул даваа, хад хасаг ихтэй учраас өнөөдөр ч гэсэн тэмээ, үхэр, морин тэргээрээ нүүдэлдэг малчин олон. Малчдынхаа нүүдэлчин соёлыг хадгалж үлдэх, сэргээх мартагдсан соёлоо дэлгэрүүлэх зорилгоор нүүдэлчдийн соёлын наадмыг зохион байгуулж байна. Цаашид жил болгон энэ наадмыг явуулна.. Нүүдэлчдийн соёлыг сурталчлахын тулд хөсөг, морь, үхэр тэрэг, тэмээн тэргээр наадамчдаа тээвэрлэх зохицуулалтыг хийсэн. Настай, жирэмсэн эх, хүүхэд зэргийг тусгай нэгдсэн автобусаар наадмын талбай руу тээвэрлэж байна. Хөгжлийнхөө нэг гарцыг аялал жуулчлал гэж харж буй. Цаашид жилийнхээ эхэнд төлөвлөгөөгөө боловсруулж, нүүдэлчдийн соёлын наадмаа жуулчдыг татахад чиглэнэ. Завхан аймагт жилд 200-300 жуулчин ирдэг” хэмээн Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа ярив.
Малчид XIII зуунаас өвлөгдөн ирсэн ёс уламжлалаа наадамчдад сурталчлав
“Хуйгүй хурдан
Салхигүй түргэн
Цаснаас цагаан
Яснаас хатуу болтугай, гэх буюу
Төрийн эд
Төв сайхан
Төрсөн бие
Мөнх сайхан болтугай”
Хэмээн бэлгэдэн ерөөж, бог малынхаа ноосоор эсгий хийж наадамчин олонд харууллаа. Энэ бол бог малын отогд явагдсан нүүдэлчдийн соёлыг харуулах нэг үзүүлбэр нь. Үүнээс гадна хонь, ямаа буюу Бог малын отогд уламжлалт ёсыг харуулсан ерөөл магтаал хэлж, хонь хяргах, ноос савах, эсгий зулах, чирэх, ноосоор дээс томох уралдаан зохион байгуулагдсан. Энэ дундаа хонь холбох, сүү сааж уралдах тэмцээн нь хөдөөгийн малчдын амьдралд өдөр тутам тохиолддог ч холоос зорин ирсэн жуулчдад сонин, содон байв. Мөн малчдыг хонь, ямаа, тэмээ, адуу гэсэн дөрвөн бэрхэд хувааж, малын гаралтай бүтээгдэхүүн буюу хонины ноосоор олбог ширмэл ширдэг оёх, сүү цагаан идээгээрээ ааруул, ээзгий зэрэг бүтээгдэхүүн хийж уралджээ. Уламжлалт бүтээгдэхүүн хийх ерөөл магтаалаа хэлж, асуулт хариултаар цэц мэргэнээ сорьж, үндэсний тоглоом наадгайгаараа тоглож нүүдэлчдийн соёлыг гадныханд сурталчилсан юм.
Тусгайлан зассан талбайд байрласан бусад малчны отгууд мөн л нүүдэлчин ахуйн өдөр тутмын үйл ажиллагааг наадамчин олонд үзүүлж, харагдлаа. Тухайлбал,
Адууны отогт: Морь барьж унуулах, Гүү саах, унага татах, Айраг бүлэх, Дэмбээний уралдаан, Унаганы уралдаан, Эмнэг сургах
Тэмээний отог: Ингэ саах, Ингэ хөөслөх, Нүүдэл тосох, Нүүдэл хийх, Гэр барих
Үхэр Сарлагийн отог: Үхэр саах, тугал ивэлгэх, Нүүдэл хийх, Нүүдлийн ачаа тосох, Гэр барих зэргээр XIII зууны үеэс өвлөгдөн ирсэн ёс уламжлалаа наадамчдад таниулан, наадсан юм.
Эсрэгээрээ малчид оролцож, малчдын байгууллагууд хамтран зохион байгуулсан Нүүдэлчдийн соёлын наадам нь Завхан аймгийн малчид сүү, цагаан идээгээ борлуулахаас гадна морь, тэмээ, үхрийн хөсөг тэргүүдээ явуулж орлого олох боломжийг олгов. Мөн зарим нутагт мартагдах дөхсөн нүүдлийн мал аж ахуй, таван хошуу малыг дагасан үйлдвэрлэл хэрхэн явагддаг тухай залуу малчид ойлголттой болж, эсгий урлал, үхэр, адууны шир элдэж, яаж сур хийдэг вэ гэдгийг ч бие биесээсээ суралцсан танин мэдэхүйн, эдийн засгийн ач холбогдолтой наадам болсныг малчид тодотгов.
“Бэлчээр хамгаалах хуультай болж, малчдаа дэмжих шаардлагатай” гэв.
Энэхүү наадам нь бэлчээрийг хамгаалах асуудал болон ардын өв уламжлалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, аймаг, орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах арга хэмжээ байж чадлаа хэмээн Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Габриелла Спирилли ярилаа. Тэрбээр “2006 онд Завхан аймагт манай төсөл хэрэгжиж эхэлснээс хойш тус аймгийн 24 суманд 197 Бэлчээр ашиглагчдын холбоо байгуулагдаад байна. Мөн орон нутгийн тамгын газруудтай 180 баг байгуулсан. Бэлчээр ашиглагчдын холбоонд суурилсан анхан шатны 12 хоршоог сумын түвшинд, дундын нэг хоршоог аймгийн түвшинд байгуулснаар малчид бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, орлогоо өсгөх боломжтой болсон. 22 дундын санг байгуулснаар малчид жижиг зээлийг төвөггүй авах боломжтой болсон. Гэхдээ бэлчээр хамгаалах тухай хуулийг нэн даруй батлах нь бэлчээрийн доройтлыг бууруулах болон малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тогтвортой дэмжихэд нэн чухал юм. Тухайн хуулийг Ногоон алт – Малын эрүүл мэнд төслийн бодит үр дүн, судалгааны баримтанд үндэслэн боловсруулах, улмаар БАХ болон БАГ-г уг хуульд тусгах нь оновчтой юм. Ихэнх аймаг сумдын малын тоо нь бэлчээрийн даацаас хэтэрч байна. Иймд бэлчээр ашиглалтын хураамжийг нэвтрүүлэх замаар малын тоо толгойг зохистой түвшинд барих нь зүйтэй юм. Малын тоонд биш чанарт илүү анхаарах нь зүйтэй юм. 200-гаас дээш тооны мал бүхий малчдаас бэлчээрийн хураамж авч, түүнийг орон нутгийн хөгжлийн санд нэмэрлэх, улмаар бэлчээрийг сайжруулахад түүнээс хөрөнгө оруулалт хийж болох юм” гэж саналаа хэллээ.
Бэлчээрийн доройтол 65 хувьд хүрч, хамгаалалт шаардаж байна
Таван уулынхаа аманд таван хошуу малынхаа отгийг гаргаж, түүгээрээ наадамчин олныг ердийн хөсөг тэрэг унуулж, морь тэргээрээ аялуулах хувилбарыг сонгон наадлаа. Цаашид малчид зөвхөн малын гаралтай бүтээгдэхүүнээс орлого олох бус байгаль дэлхий, ёс уламжлалаа дээдэлсэн нүүдэлчин ард түмэн байдгаа танилцуулж, ногоон эдийн засгаас мөнгө олдог байхыг Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаа онцлов. Тэрбээр “1990 онд зах зээлийн нийгэмд ороод хуучин нэгдэл гэх тогтолцоо задарч, малчид жалгаар нэг тарж ямар ч зохион байгуулалтгүй болсон. Малчид бие биенийхээ бэлчээрийг иддэг бэлчээр дээрээ төлөвлөлтөө хийдэггүй, малын тоо толгой, үржил селекц, түүхий эд бүтээгдэхүүн борлуулалт гээд бүх систем уналтад орж, задарсан. Ингээд Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл 2009 онд Завхан аймгийн бүх суманд хэрэгжиж, малчдыг бэлчээр ашиглах нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Бэлчээрээ зөв зохистой ашиглаач, хамтарч ажиллаач гэж малчдаа уриалсан. Гэвч бэлчээр бол нүүдэлчдийн соёл иргэншил дээр тогтдог юм байна гэж ойлгосон. Яагаад гэвэл бэлчээр дээр мал байдаг. Малаас түүхий эд гардаг, малыг малчид хариулдаг гээд бэлчээр ашиглалтын ажлыг цогцоор нь хийхгүй болвол зөвхөн бэлчээрээ зөв ашиглаа гэж хэлээд орхиж болохгүй байсан. Завхан аймгийн 12 суманд Бэлчээр ашиглагчдын холбоо ТББ байгуулагдаад ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлт их явагдлаа. Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг нийлүүлэх зах зээл хумигдмал болсон. Эсрэгээрээ малын тоо толгой ихэссэн. Монгол орны нийт бэлчээрийн судалгаагаар 65 хувь нь доройтолд орсон байгаа. Завхан аймгийн хувьд бэлчээрийн 68 хувь нь доройтсон. Малын тоо толгой Завхан аймагт 3-4 дахин нэмэгдэж, даацаасаа хэтэрсэн. Ийм хүнд нөхцөлд малчид аж төрөн амьдарч байна. Тиймээс цаашид бэлчээрээ зөв зохистой, хуваарьтай ашиглаж бэлчээр дээрээ анхаарахгүй бол удахгүй малаа бэлчээх бэлчээргүй болох аюултай. Бэлчээргүй болвол малгүй, малгүй болвол Монгол оршин тогтнох уу үгүй юу гээд асуудал их” гэсэн юм.
Ийн Улаагчны хар нуурын эрэгт нүүдэлчдийн соёлыг харуулсан наадам хоёр өдрийн турш болж өнгөрлөө. Эртний нүүдэлчин монголчууд хэрхэн ажиллаж, амьдарч байсныг Б.Шарав зураачийн “Монголын нэг өдөр” зургаас жуулчид харж, биширдэг. Тэгвэл энэ зураг долдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт бодитоор хоёр өдрийн турш амиллаа. Наадмын ёсоор морь уралдаж, бөх барилдсан ч нүүдэлчдийн соёлыг харуулсан баярын хөтөлбөрүүд наадамчин олныг сонирхлыг ихэд татаж, тэд сайхан наадлаа.
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.